Төгс төгөлдрөөс залхсан орчин үеийнхэн

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

FASHION

Төгс төгөлдрөөс залхсан орчин үеийнхэн

Төгс төгөлдрөөс залхсан орчин үеийнхэн

Хэн нэгэн биднийг нүүрэндээ мэс засал хийлгэхийг санал болгох тоолонд дансанд нэг ам.доллар ордогсон бол өдийд тэр өндөр өртөгтэй ажилбаруудын аль нэгийг санхүүжүүлэхүйц хангалттай мөнгөтэй болох байв. Шүд, эрүү нүүрний эмчээс эхлээд мэргэжлийн нүүр будагчид хүртэл эрүүгээ янзлуулахыг, хамраа өндөрлүүлэхийг бидэнд ятгадаг. Хамгийн алдартай, үзэсгэлэнтэй оддын нүүрэнд хүртэл ямар нэгэн засвар хэрэгтэй аж. Өөрийгөө гоо зүйн мэргэшсэн сувилагч гэж нэрлэсэн нэгэн эмэгтэй “Stranger things” киноны жүжигчин Наталья Дайерын нүүрэнд ямар өөрчлөлт оруулж болохыг тайлбарласан ТикТокийн бичлэг байдаг.

Гэхдээ орчин үеийн хүмүүс, тэр дундаа “Z” үеийнхэн инстаграмын царайг аажим аажмаар ойшоохоо больж байгааг “Elle” цахим хуудас онцоллоо. Гоо сайхны мэс заслыг өөгшүүлсэн, шүүсэн цахим орчиноос залуус залхжээ.

Загвар өмсөгч Белла Хадид 14 настайдаа хамрын мэс засал хийлгэж байв. Тэр энэ тухайгаа ярилцлага өгөхдөө “Би аав ээж, өвөө эмээгийнхээ хамартай адилхан хамартай байсан ч болоосой” гэж хэлсэн. Түүний хэлсэн үгнээс харахад олон хүн аав ээжээсээ өвлөж үлдсэн өвөрмөц онцлогоо хадгалж үлдэхийг хүсдэг болсон аж.

“House of Gucci” киноны зохиолч Кристина Грассо ТикТок дээр Ром маягийн хамрын талаар бичлэг хийсэн байдаг. “Би хүүхэд ахуйгаасаа л шулуун, өндөр хамартай болохыг хүсдэг байсан. Энэ нь хэзээнээсээ л гоо сайхны стандарт байсаар ирсэн болов уу. Гэхдээ хоёр жилийн өмнөөс би өөрийнхөө хамрыг хүлээн зөвшөөрч, үнэлдэг болсон. Би хамар хийлгээгүйдээ баярлаж явдаг. Энэ бол миний хамгаас хайртай өвөөгийн минь хамар. Миний өвөө яг ийм хамартай хүн байсан. Тэр хэдэн жилийн өмнө нас барсан ч гэлээ миний дэргэд үргэлж байгаа юм шиг санагддаг. Би одоо хүний байгалийн гоо сайхныг л урлаг гэж хардаг болсон. Урлаг үргэлж үзэсгэлэнтэй, төгс, тайтгаруулагч байх албагүй” гэж тэр ярьжээ.

Тэр өөрийн бичсэн номоо хэвлүүлэхдээ фотошопоор засч янзалсан зургаа хавтасан дээр нь гаргасан. “Энэ зурагтаа эхлээд маш их сэтгэл хангалуун байсан боловч номын нээлтээ хийх үедээ зөвхөн зургаар л намайг таних зарим хүнд өөрийгөө дахин танилцуулах шаардлага гарсан. Нүүр царайгаа хэт өөрчилсөн нь өөрийгөө урхинд оруулсан явдал болсон” гэж Грассо хэлэв.

Мөн өдгөө 85 настай жүжигчин Жэйн Фонда саяхныг хүртэл нүүрний мэс засалд нээлттэй ханддаг байсан боловч эцэст нь хийлгэсэн мэс засалдаа харамсаж явдгаа хэлжээ. Жэйн Фонда залуудаа загвар өмсдөг байв.

Өсвөр насныхан “BeReal” гэх мэт ямар ч шүүлтүүргүй платформуудыг хэрэглэж байна. Тус платформ дээрх “Celebface” хаяг алдартнуудын хийлгэсэн мэс заслыг онцолдог. Гэхдээ бидний дэлгэцээр хардаг дүр төрхийг бус хөшигний ард чухам юу болдогийг харуулдагаараа үзэгчдээ татдаг аж. ТикТокийг ч бас энд онцлууштай. ТикТок дээр “nosetrend” хаштаг моод болж байна. Энэ нь өөрийн төрөлх хамраа гайхуулах хаштаг юм.

Энэ мэтчилэн “Z” үеийнхэн хуурамч зүйлээс татгалзаж эхэлжээ. Инстаграм дээр бусдад таалагдах гэж хичээх бол тэнэглэл гэж тэд бодож байна. Ерөнхийдөө бүх насныхан гоо сайхны жишиг стандартыг эсэргүүцэхгүй ч гэлээ гадаад төрхөө өөрчлөх хүслээ эргэж харах болсон.

Зөвхөн нүүрний мэс заслаар зогсохгүй алдартнууд өгзөг, хөхний пластик мэс заслаас татгалзаж эхлэв. Өгзөг, хөхнийхөө пластикийг буцааж авахуулсан алдартнууд цөөнгүй байдгийг шүтэн бишрэгчид нь ажигласан байдаг. Зарим хүний хувьд энэ нь эхээс төрсөн биеэ хайрлах урам зориг болдог бол заримынх нь хувьд хэт туранхай байх гэсэн гоо зүйн стандарт руу ухарч буй явдал болсон аж. Америкийн гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгээс гаргасан тайланд дурдсанаар хүмүүс пластик мэс заслаа буцаана гэдэг нь дахиад л мэс заслын ширээн дээр хэвтэнэ гэсэн үг болж байна. “Энэ бол сонирхолтой динамик. Та эцсийн дүр төрхөө олж авахын тулд бас л мэс засал хийлгэх хэрэгтэй. Хүмүүс пластик мэс заслаа буцаах нь түгээмэл болсон ч бүх насны эмэгтэйчүүдийн мэс засал хийлгэх нийт тоо нэмэгдсээр л байна” гэж мэргэжлийн хүн хэлжээ.

Эцэст нь дүгнэхэд гоо сайхан гэсэн нэрийн дор бие хаа, царай зүсээ өөрчлөх нь таны амьдралыг өөрчлөхгүй. Хамгийн гол нь мэс засал танд байнгын сэтгэл ханамжийг авчрах нь ч ховор аж. Хэрэв байнгын сэтгэл ханамжийг авчирдагсан бол төгс төгөлдөрийн эрэл хэт хол явалгүй зогсох байсан болов уу.

Эх сурвалж: ELLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж