Спортод хөрөнгө оруулж буй хувийн хэвшлийнхэнд баярлалаа

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Спортод хөрөнгө оруулж буй хувийн хэвшлийнхэнд баярлалаа

Спортод хөрөнгө оруулж буй хувийн хэвшлийнхэнд баярлалаа

Монголд бүтээн байгуулалтыг хэн сайн хийж чадах вэ?

Төр үү, эсвэл хувийн хэвшил үү гэж асуувал дуу нэгтэйгээр хувийн хэвшлийг сонгох болов уу. Улсын үйлдвэрийн газруудтай, социализмын үед бид бүтээн байгуулалт хийж байсан ч сүүлийн 30 жилийн хугацаанд үсрэнгүй хөгжсөн гэж монголчуудыг дүгнэх нь бий. Хотын төв хэсгээр тойроод үзвэл өндөр, шилэн олон барилга байгууламж, бүтээн байгуулалтуудыг харж болно. Хотын төв гэлтгүй нийслэлийн булан, тохойд байгаа бүтээн байгуулалтуудын авторууд нь хувийн хэвшлийхэн. Төр байгаа цагт дампуурдаг, хувийн хэвшил босгож, бүтээж чаддаг гэдгийг харуулах үйл явц өнгөрсөн өдрүүдэд болов.

Хаа байсан Лос Анжелесын "Crypto.com Arena", Нью-Йоркийн "Madison Square Garden", Сан-Францискогийн "Chase Center"-т болдог сагсан бөмбөгийн тоглолтуудыг зурагтаар л үздэг байсан үе ард хоцорч, монголчууд өнгөрсөн өдрүүдэд NBA-ийн тоглолтыг дэргэдээс үзэж, ямар мундаг фанатууд болохоо дэлхийд харууллаа.

Нэг үеэ бодвол Монголд олон улсын стандартад нийцсэн спортын барилга байгууламж олширчээ. Хотын төвийн "нурах" дөхсөн спорт ордондоо өдөр, шөнөгүй гадаад, дотоодын бүхий л төрлийн тэмцээнийг хийж байсан цаг саяхан. Харин одоо хувийн хэвшлийн оролцоотой, бидний зурагтаар л хардаг байсан гаднын спорт ордон, заалууд сүндэрлэж байна.

Сүүлд л гэхэд “Уран ган” групп 3150 хүний багтаамжтай, Монголдоо хамгийн томд тооцогдох “UG” аренаг ашиглалтад орууллаа. Тус ордонд FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тивийн чанартай томоохон тэмцээнийг хүлээн авсан. Заалны шал, суудлаас эхлээд гэрэлтүүлэг, тусгай зочдын хэсэг, тасалбар уншуулах цэг гээд бүхэлдээ өөр түвшин.

Үүнээс өмнө нь “Степпе арена” мөсөн өргөө нээлтээ хийж, монголчууд анх удаа ордон дотор мөсөн дээр өвөл, зунгүй гулгаж үзлээ. Тус ордны хөргөлтийн систем, мөсөн талбай, доторх зохион байгуулалт мөн л жишиг тогтоосон.

Аливаа улсад спорт хөгжих үндэс суурь нь дэд бүтэц, барилга байгууламж. Үүний дараа багш дасгалжуулагч, тамирчид ордог. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг бий дээ. Монголд сүүлийн жилүүдэд улсын гэх тодотголтой 3000-аас дээш хүний суудалтай хэчнээн спорт ордон байгуулагдсан бэ. Магадгүй "Буянт-Ухаа" спорт цогцолбор байх. Гэхдээ тус байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр баригдсан гэж ойлгох нь учир дутагдалтай. Түүнийг Хятадын засгийн газрын 20 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьж байгуулав. Түүх сөхвөл, Спортын төв ордныг хүртэл Хятадын хөрөнгө оруулалттай барьсан гэдэг.

Ерөнхийдөө хувийн хэвшил спортын салбарт төрөөс илүү хөрөнгө зарцуулж байна. "Степпе арена" л гэхэд 15 сая ам.доллараар баригдсан гэдэг бол сүүлийн "UG" арена ч багагүй хөрөнгөөр баригдсан нь лавтай. Дээрх хоёр ордноос гадна "Агар", "Чухаг", "Тэнүүн-Огоо", "Наадам" тэргүүтэй олон сайхан спорт цогцолборууд жил бүр нэмэгдсээр, бас сайжирч, дэлхийн жишигт хүрч эхэлж байна.

Дэлхий өнөөдөр сагсан бөмбөгийн спортоор дамжуулж, монголчуудын ямар үнэнч фанатууд болохыг, ямар сайн бүтээн байгуулалт хийж чаддагийг харлаа, харууллаа.

Эцэст нь тодотгоход, төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх бус тэдний хийх, хөгжүүлэх, бүтээх боломжуудыг нээж өгөөч. Цаашид олон олон "UG" арена, “Степпе арена”-г нээх боломжуудыг нь олгож өгөөч. Эндээс л ирээдүйн NBA-ийн тамирчин, эндээс л олимпийн эзэд төрөн гарна.

Дэлхийн спортыг дэргэд авчирч, монголчууддаа, ирээдүй хойчдоо олон боломжийг нээж өгч буй хувийн хэвшлийхэндээ талархъя, БАЯРЛАЛАА.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж