Т.Аюурсайхан: ЭМД-ын санд 270 тэрбум сох дутахаар байна

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан: ЭМД-ын санд 270 тэрбум сох дутахаар байна

Т.Аюурсайхан: ЭМД-ын санд 270 тэрбум сох дутахаар байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.11.15/ Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн даатгалын сангаас тусад нь гаргасан нь хяналтгүйгээр төсөв хуваарилагддаг буруу жишгийг тогтоолоо гэж шүүмжиллээ.

Тэрбээр "Анхнаасаа Эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн даатгалын сангаас салгаж байхад олон хүн хэлж байсан. “Ашиг сонирхлын асар том зөрчил өө, удаан явахгүй дампуурна аа гэж”. Бараа, бүтээгдэхүүнээ өөрсдөө нийлүүлээд өөрсдөө худалдан авдаг, өөрсдөө түүндээ хяналт тавьдаг. Ганцхан субъектын хүрээнд энэ бүх ажиллагаа явагддаг ашиг сонирхлын харилцаа хаана ч байхгүй. Дэлхийн бүх л улсад нийгмийн даатгалын тогтолцоон дотроо эрүүл мэндийн даатгал нь явж байдаг.

Нийгмийн даатгалын сангаас Эрүүл мэндийн даатгалын санг салгахад мөнгөн хөрөнгө нь 611 тэрбум байсан, ийм санг хүлээлгэж өгсөн юм. Гуравхан жил болж байна. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сан одоо алдагдалтай. Энэ жил 270 орчим тэрбум төгрөг сох дутахаар байна. Үүнийг хаанаас нөхөх вэ гэдэг асуудал үүссэн. Зохиомлоор баахан орлого тооцоолдог. Сая С.Чинзориг гишүүн ортой юм ярьж байна. Зөвхөн томоохон эмнэлэг биш, улс төртэй хамаарал бүхий хүмүүсийн хувийн жижиг эмнэлгүүд ч гэсэн орно. Зохиомлоор орлого тооцоолж, хяналтгүйгээр төсөв хуваарилдаг. Өөрсдөө хяналт тавьж байгаа юм чинь яаж хянах юм.

Эмнэлгүүдийн үйлчилгээ доголдолтой, сайн үзэж өгөхгүй байгаа талаар иргэд хэлж байна. Ахмад настнуудыг зайнаас үздэг. Өвчин зовлонг нь өндөр настай нь холбон тайлбарлаж, биеийг нь чагнадаг ч үгүй. Чанар нь өсөхгүй хэрнээ Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт их байдаг. Ийм гажиг тогтолцоо байж болохгүй, тогтолцоог буцааж зөв гольдрилд нь оруулах хэрэгтэй. Буруу явчихсан санг засна гэдэг их хөлс хөдөлмөр орно. Ном журамд нь оруулахад ажлын хэсэг анхаарч, үнэн бодитой дүгнэлт гаргах байх.

Нийгмийн даатгалын байгууллага Эрүүл мэндийн сангийн орлогыг төвлөрүүлж өгдөг тогтолцоо байж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын санг эргээд засахад их хүч хөдөлмөр орно" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Эрүүл мэндийн салбарыг гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлсэн. Үүний дүнд иргэд ч эмнэлгээ сонгон чанартай үйлчилгээ авна гэж тооцсон. Тогтолцооны өөрчлөлт хийж байгаа учраас хүндрэл үүсч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ сум, багийн төвшинд үүссэн хүндрэлийг яаралтай шийдэхгүй бол хөөрхий хэдэн эмч нар "нуруугаа авлаа".

Гишүүдийн олонхийн саналаар Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УNH-ын гишүүн С.Чинзоригийг, ажлын хэсгийн гишүүдэд Д.Батлут, Б.Баярсайхан, Б.Бейсен, Ц.Идэрбэт, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Туваан нарын гишүүдийг томилж, тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүд олонхийн саналаар дэмжлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж