"Боломжтой хэсэг нь татварын илүү жаахан ачааг үүрдэг байх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

"Боломжтой хэсэг нь татварын илүү жаахан ачааг үүрдэг байх хэрэгтэй"

"Боломжтой хэсэг нь татварын илүү жаахан ачааг үүрдэг байх хэрэгтэй"

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар өнөөдөр/2022.11.15/ мэдээлэл хийлээ.


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Мэргэжлийн төрийн бус байгууллагуудыг бид хоёр түвшинд авч үзэх хэрэгтэй. Иргэд нийлээд байгуулсан ТББ-ыг нэг статустай авч үзэх шаардлагатай. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нийлээд холбоо байгуулдаг. Яг мэргэжлийн чиг үүрэгтэй. Энэ хоёр түвшний хувьд хууль батлахдаа оновчтой зохицуулалт хийнэ. Тэгж байж мэргэжлийн хяналт тавина. Жишээлбэл, эрчим хүчний зарим хяналт, шалгалтыг эрчим хүчний мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй холбоодоор хянуулах боломж бүрдэнэ. Мөн хот тохижилтын хяналтад хотын дарга хяналт тавина гэхээсээ илүүтэйгээр энэ чиглэлийн мэргэшсэн хүмүүсийн холбоод хяналт тавья. Явган хүн, дугуйн зам нь стандарт хангаж байна уу гэдэг дээр хөндлөнгийн ТББ хяналт тавьснаар үр ашиг нь сайжирна.

Бид түгжрэлээс ангид байя гэж ярьдаг. Яг энэ асуудал дээр нийтийн тээврийн оновчтой маршрутын зохицуулалтыг амьдралд нийцсэн байдалтай хийж чадаагүй. Гишүүд бид дугуйгаар нийтийн харилцаанд оръё, ажлаа амжуулъя гэхээр их саад бэрхшээл учирдаг. Би л гэхэд гэрээсээ гараад, ажил дээрээ ирэх гэж 5 км зам туулахад таван төрлийн асуудал надад тулгарч байна. Гэхдээ энэ нь төрөөс хамаарсан зүйл биш. Иргэдийн нийгмийн харилцаанд орж буй соёл ухамсраас эхлээд маш олон зүйл байна. Иргэд унадаг дугуйны замаар алхахгүй гэж бодохгүй бүх л замаар алхаж байна. Соёл, стандарт, ёс суртахуун, журам гээд олон зүйл бид ярина. Үүнийг заавал төр хийх гээд байх шаардлагагүй. Харин ТББ, иргэд, төр хамт зохион байгуулах нь нээлттэй.

-"Оюутолгой"-н З.Ган-Очир ажлаа өгөөд, түүний оронд Байгаль орчны сайд асан Н.Цэрэнбат очиж байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Ер нь “Эрдэнэс Оюутолгой” компанийг удирдаж буй удирдах албан тушаалтан өөрөө “Оюутолгой” компанийхаа ТУЗ-д байх нь зохимжтой гэж Засгийн газар үздэг. Учир нь “Эрдэнэс Оюутолгой” нь Монголын төрийн 34 хувийг төлөөлдөг. Тэр байгууллагын удирдлага нь ТУЗ-д байх нь зөв. Энэ асуудал шийдэгдэнэ.

-Дагалдуулан өргөн барьсан хуульд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирсэн. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани орон нутагт хандив өгөхдөө орон нутгийн сангаар дамжина гэдэг нь хэвээрээ байгаа юу?

-Хууль хэвээрээ батлагдсан. УИХ, Засгийн газрын бодлого бол баялгийн хувиа ард иргэд шууд хүртдэг байх ёстой. Цаашид олон салбарт энэ оновчтой зохицуулалтыг хийх шаардлагатай гэж үзэж байна. Бид олон хуульд дүн шинжилгээ хийж, хоорондын уялдаа холбоо хэрэгжилт, зохицуулалт дээр үнэлэлт дүгнэлт хийнэ. УИХ, Засгийн газрын хамтарсан энэ том ажил 1-2 жилийн дотор хийгдэх ажил биш.

-Төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр буруулсан гэж байна. 27 тэрбумыг нь алт худалдан авахад зарцуулна гэсэн. Гурван тонноор нэмэгдүүлж чадах уу? Мөн үлдсэн 100 тэрбумыг орон нутгаас татна гэсэн. Орон нутгууд чадах уу? Бие даасан байдалтай зөрчилдөх юм биш үү?

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Төсвийн хүрээнд хэлэлцүүлгийн явцад хэд хэдэн өөрчлөлт орсны нэг нь төсвийн тэнцлийг сайжруулах бодлого. Сая таны дурдсан Монголбанкинд тушаах алттай холбоотой орлого нэмэгдүүлэх асуудалд 29.3 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмэгдсэн. Гурван тонн алт нэмэгдэх боломжтой гэж харж байна. Энэ мэдээллийг холбогдох байгууллагуудаас авсан. Төлбөрийн тэнцлийг сайжруулахаар нийтдээ 127.6 тэрбум төгрөгөөр сайжруулж байна. Энэ буцаад зардал болоод зарцуулагдах эрх байхгүй. Ерөөсөө төлбөрийн тэнцлийг сайжруулна. Алдагдал сайжирна гэсэн үг. Зардлыг бууруулсан, тэвчсэн зардлаараа бусад нийгэмд хүлээлттэй байгаа, шийдэх шаардлагатай асуудлуудаа шийдээд явж байна. Тэр нь 176.7 тэрбум төгрөг. Үүгээр бид зардлыг бууруулж байна. Үүний ганц гол үндсэн зардал бууруулсан, тэвчсэн зардлууд гэвэл төрийн захиргааны төв байгууллага буюу яам мөн төрийн захиргааны байгууллага буюу агентлагуудын үйл ажиллагааны зардлаас бууруулж байна. Энд цалин, нэг удаагийн тэтгэмж, тэтгэвэр орохгүй. Зөвхөн үйл ажиллагааны зардал. Ямар ч байсан хүнд үед төсвийг ерөнхийлөн захирагч нарын үйл ажиллагааны зардлыг бууруулж, 100 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломж байна. Энэ мөнгөөрөө нийгэмд тулгамдсан асуудлыг шийднэ. Мөн үүнээс гадна гадаад зээл тусламжаар хийгдэх төслүүдийн зардлыг бууруулсан. Түүнчлэн зарим боомтын дэд бүтцийн зардлыг бууруулсан. Мөн төсөл, арга хэмжээний бэлтгэл хангах, зураг төсөв, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээний зардлыг 50 хувиар бууруулсан. Бид бодит боломжийнхоо хэмжээнд зардлуудаа бууруулсан.

-Алтыг Монголд бүртгэхгүй гаргаад байна гэдэг. Үүн дээр тайлбар өгөөч?

-Улсын төсөвт төвлөрүүлэх бараг 19 их наяд төгрөгийн орлогын голлох хувийг уул уурхайн салбар эзэлж байна. 5 их наяд буюу улсын төсвийн орлого бүрдүүлэлтийн 25 хувийг уул уурхай эзэлж байна. Үүнд үндсэн хоёр салбар байгаагийн нэг нь зэс. "Оюутолгой", "Эрдэнэт үйлдвэр" голлох бүрдүүлэлтийг хийдэг. Зэсийн үнийг бид 8400 орчим ам.доллараар тооцоолж байна. "Оюутолгой"-н баяжмалтай холбоотой асуудал дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хяналт тавьдаг. Мөн лаборатори дээж авч, баталгаажуулалт хийдэг. Баяжмал дээрээс авах дээжийн давтамжийг нэмэгдүүлэх хүсэлтээ өгсөн. Удахгүй УИХ дээр тогтоолын шийдвэр гарах байх. Ингэснээр Засгийн газарт чиглэл өгнө. Бид гарч байгаа бүх экспорт баяжмал бүрээ тонн буюу нэг шуудайд гаргаж байна. Тэр тутамд дээж авах шаардлагатай гэж үзэж байна. Цаашид ч хяналтын байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Хяналтын байгууллагуудын орон тоо, төсвийг хэрхэн батлах вэ?

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Мэргэжлийн хяналтын байгууллага 1200 алба хаагчтай байсан. 800 гаруй нь мэргэжлийн яамд болон орон нутгийн байгууллагуудад төсөв, орон тоотойгоо шилжин очно. Мэдээж ажлын байрыг хадгалах үүднээс шилжүүлэх процесс хийнэ. Эргээд дотооддоо төрийн албанд ажлын байрны шаардлага хангаж байгаа эсэх ур чадвар дээр суурилсан хяналт шалгалт зохион байгуулна. 300 орчим орон тоо эрсдэлд өртөж байна. Гэхдээ тэднийг мэргэжлийн чиг хандлагын дагуу ажиллах боломж нөхцлөөр хангахаар ажиллана. Ажиллах боломжгүй тохиолдолд хуулийн дагуу зохицуулалт хийнэ. Хэрэг эрхлэх дээр ирж байгаа агентлаг бол үндсэн батлагдсан орон тоо 250. Гэхдээ эхний ээлжинд гаргаж байгаа бүтэц орон тоогоор 140 орчим байх юм шиг байна. Үүнийг хуучны төрийн хяналт шалгалтын хороо мэтээр иргэд хүлээж авч байна. Бидний хийж байгаа, зорьж байгаа бүтэц илүү орчин үеийн дэвшилтэт чиг хандлагыг ухаалаг байдлаар шийднэ.

-3.5 саяас дээш орлоготой бол хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байна. 10-20 сая төгрөгийн орлоготой нэмэлт татвар өгөх болж байна. Манайх шиг цалин багатай, ядуу буурай оронд дундаж давхаргын татварыг нэмэх нь хэр зөв бодлого вэ?

-Халамж оновчтой сигментэд хүрэх ёстой л гэсэн үндсэн зарчим аль ч улсад явдаг. Хүүхдийн мөнгийг олон улсын санхүүгийн байгууллагуудын зүгээс зорилтот бүлэгт олгох ёстой гэсэн шаардлага хүргүүлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа бүлэгтээ халамжийн бодлогыг чиглүүлэх нь Засгийн газрын бодлого байх ёстой. Хоёрдугаарт, Монгол байгалийн баялагтай. Бидний экспортын 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Монголын эдийн засгийн 80 хувь нь уул уурхайгаас хамааралтай. Африкийн улсуудад ямар бодлого хэрэгжүүлснээр улс орон нийт ард иргэдээрээ хөгжиж чадаж байна вэ? Сүүлийн 12 жилд Африк болон бусад тивийн 20 гаруй улс ардчилсан парламентаасаа ухарсан. Тиймээс Засгийн газар, парламентын зүгээс ардчилсан парламентаа хадгалж, хамгаалж, улс, хүн бүрээ халамжлах бодлогынхоо хүрээнд боломжтой, чадвартай хэсэг нь тодорхой хэмжээнд татварын илүү жаахан ачааг үүрдэг байх хэрэгтэй. Эргээд орлого тааруу бүлэгтээ дэм тус болдог байх зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Энэ бол Европын орнуудын хөгжлийнхөө концепц болгож буй социал демократ үзэл. Баян, ядуугийн зөрүүг арилгасан, чинээлэг дундаж давхарга бий болгосон бодлого.

-Ирэх оны төсвийг тодотгохгүй гэх баталгаа өгч чадах уу? Алдагдлыг юугаар санхүүжүүлэх вэ? Зэсийн ханшийг хэт өөдрөгөөр төсөөлсөн юм биш үү?

Төсвийн хүрээний мэдэгдлийн дагуу 2023 оны төсвийн алдагдал 1.9 их наяд байх боломжтой байсан. Үүнийг бид бууруулаад, 1.4 их наяд хүргэсэн. Энэ жил бид тэвчих, хасах, бууруулах зардал бага байна. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй учир. Байсан бол танаж, хасч, хойшлуулах боломж байсан. Төсвийн алдагдлыг бууруулах боломж хумигдмал байсан. Одоо алдагдлыг хариуцлагажуулах шаардлага байна. Яг Төсвийн хуулин дээр заасан зохицуулалтаар зарцуулаагүй болвол, төсвийн алдагдлыг тухайн хуулийн дагуу хийгээгүй бол хариуцлага тооцдог байх хуулийн төсөл бид боловсруулж байна. Арванхоёрдугаар сард өргөн барих хуулин дээр тухайн алдагдлыг хаанаас санхүүжүүлэх вэ гэх мэт зохицуулалтууд орж ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж