Америк, Оросын тагнуулын дарга нар уулзжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Америк, Оросын тагнуулын дарга нар уулзжээ

Америк, Оросын тагнуулын дарга нар уулзжээ

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс өчигдөр (2022.11.14) Туркийн нийслэл Анкара хотноо Оросын Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкинтай уулзжээ. Тэд ОХУ цөмийн зэвсэг хэрэглэхтэй холбоотой үр дагавар, стратегийн тогтвортой байдал даамжрах эрсдэлийн талаар ярилцсан байна. Мөн Оросын шоронд байгаа америк хоригдлуудын асуудлыг хөнджээ. Гэвч Украины дайныг зогсоох талаар ямар ч яриа хэлэлцээ хийгээгүй гэж нэрээ нууцалсан эх сурвалж хэлсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков яриа хэлэлцээ болсныг батлаад, “Энэ бол АНУ-ын талын санаачлага” гэв. Туркийн Ерөнхийлөгчийн туслах ч бас ОХУ, АНУ-ын тагнуулын дарга нарын уулзалтыг тус улсад зохион байгуулсныг баталжээ. Тодруулбал, Туркийн тагнуулын агентлаг “MIT” уулзалтыг зохион байгуулсан.

Энэхүү уулзалт нь ОХУ-ын арми Украинд довтолсноос хойших АНУ, Оросын анхны дээд түвшний уулзалт болж байна. Уильям Бернс өмнө нь 2021 оны сүүлээр Москвад ирж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч Жо Байден Украинтай холбоотой асуудлаар Путинд анхааруулга хүргэхээр Берснийг илгээсэн аж.

Сагсан бөмбөгч Бритни Гринер болон өөр бусад америк иргэн ОХУ-д шударга бусаар баривчлагдсан. Уильям Бернс эдгээр иргэдийн асуудлыг Оросын тагнуулын даргад тавих төлөвтэй байгааг уулзалтын өмнө хэвлэлээр мэдээлж байв. Оросын зэвсгийн наймаачин Виктор Бут АНУ-ын шоронд хоригдож буй. Тиймээс хоёр улс хоригдлуудаа солилцож магадгүй гэсэн таамаг ч гарч ирсэн.

Орос, АНУ-ын хоорондын цөмийн зэвсэг хорогдуулах гэрээ, Сирийн иргэний дайн, Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээр зэрэг олон чухал асуудлыг тэд хэлэлцсэн байж болзошгүй аж. Туркт болж буй уулзалтын талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришээс асуухад “Тэд хэлэлцээ хийж байгаа нь сайн хэрэг. Гэвч бид үүнд оролцоогүй” гэж хариулжээ.

Эх сурвалж: FRANCE 24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж