Тариаланч, үйлдвэрлэгчид нүүр тулав

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Тариаланч, үйлдвэрлэгчид нүүр тулав

Хэрүүлийн алим дэгдээгээд байгаа гурилын үнийн асуудлаар “гурван тал” хэлэлцээр хийв. Ер нь бол яг хэлэлцээр биш л дээ, зүгээр л улаанбуудай тариалагчид, гурилын үйлдвэрийнхэн, холбогдох яамны албатнууд нүүр нүүрээ харан суугаад улаанбуудай, гурилынхаа үнийг хэлэлцсэн болохоор ийн онцгойлж буй хэрэг. Тариаланчид нэг зовлон тоочдог, үйлдвэрлэгчид нэг тоо хэлдэг, яамныхан бас өөр тайлбар тавьдаг толгой эргүүлэм “тоглоом” сүүлийн үед идэвхжээд байгаа болохоор ийн онцолж байгаа хэрэг. Өмнө нь тэд ингэж ширээний ард сууж ярилцаж байсан эсэхийг мэдэхгүй. Харин нүүр нүүрээ хараад яриад эхлэхээр их л асуудал ундардаг юм байна, тэдэнд. Мэдээж хэрэг, ард түмнийхээ төлөө, чин зориг гаргаж, ашгийн хойноос улайран зүтгэхгүйгээр, гурил, буудайгаа өндөр үнээр зарахгүй байх тухай.., стратегийн бүтээгдэхүүний хувьд…төр засаг анхаарсны хүчинд гэх мэт албан ёсны үгсийг эс тооцвол.

220 мянга, 350 мянга хоёрын ялгаа

Хэлэлцүүлгийн гол сэдэв үнэндээ энэ намрын улаанбуудайн үнэ болов. Тариалан эрхлэгчид ч, худалдан авагч болох үйлдвэрлэгчид нь ч энэ намрын ургацын улаанбуудайн үнэ нэг тонн нь 350 орчим мянган төгрөг байх болов уу гэж санал нэгдэж байх юм. Мэдээж хэрэг, тариаланчид тухайлбал тариалан эрхлэгчдийн ургацын далай холбооны тэргүүн Р.Содхүү үнийг нь өсгөх санаатай хуруу дарж байгаад л “Тоног төхөөрөмж, комбайн үнэтэй болсон, өмнө нь атаршуулаад хаячихсан байсан уриншийг да­хин хагалах зардал нэмэгдэнэ” гэх­чилэн сахлаа сөрвөгнүүлж, хэдэн тариаланчид чинь хөл дээрээ тогтох аргагүй боллоо гэж халаглана. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга үйлдвэрлэгчдийн амыг авчих санаатай шалгаана. Үйлдвэрлэгчид нь энэ хэрийн үнийг хүлээн зөвшөөрч байгаа бололтой. Үүн дээр улаанбуудай тариалагчдыг дэмжиж төрөөс олгодог татаас нэмэгдэнэ. Өнгөрсөн жил нэг тонн тутамд 60 мянган төгрөг олгодог байсан бол энэ жил тоо хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа. Зас­гийн газраас тогтоох ёстой. Гэтэл харин мань тариаланчид энэ татаасаа нэмж өгөөч гэж барьцаа ахиулж байх юм. Яамны нөхөд ч чимээгүйхэн. Өнгөрсөн жил тэд урамшуулалтайгаа нийлээд 330 мянган төгрөгөөр авч байсан буудайгаа энэ жил нэр бүхий гурилын үйлдвэрүүдэд 220 мянган төгрөгөөр зарж байгаа. Алдагдлыг нь татвар төлөгчид үүрнэ. Харин энэ жил одоо ярьж байгаа байдлаар бол улаанбуудайн үнэ урамшуулалтайгаа нийлээд 400 мянган төгрөг хол гараад явчих нь ээ. Бас ч болоогүй тариалангийн компанийн захирлууд зөвхөн улсын нөөцийн болон гурилын улаанбуудайд л урамшуулал олгодог, таваарын, тэжээлийн буудайнд урамшуулал олгож болдоггүй юм уу гэж байх. Гайхалтай нь яамнаас өнөөдөр нэг тонн улаанбуудайг 220 мянган төгрөгөөр ав гээд байхад 350 мянгаар авах буудайгаа л ам уралдан ярих нь гайхал төрүүлэм.

Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга улсын хэмжээнд нөөц, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, компаниудад нийлээд 112,4 мянган тонн улаанбуудай, мөн орон нутаг, импортлогчдын агуулахад байгаатайгаа нийлээд 12 мянган тонн гурил байгаа, энэ дөрвөн сарын нөөц юм гэлээ. Тэгээд л бодохоор намрын ургацын үнэ дээр тэд яагаад ийн хаялцаад байгааг ойлгоход хэцүү. Гэвч  үүний 70 хувь л гурил болно гэж үйлдвэрлэгчид сэм шивнэв. Гэхдээ л 100 мянган тонн буудай нөөцөд байгааг шууд 220 мянган төгрөгөөр компаниудад тараагаад л үнийг буулгачихна гэсэн ойлголт олон нийтэд төрүүлээд байгаа. Одоо албан тоог иш татья. Нөөцийн хэмээх буудайнаас нийт 73 гурилын үйлдвэрээс

“Хангай”-6,0 мянган тонн
“Милл хаус” ХХК-5,0 мянган тонн
“Улаанбаатар гурил” ХХК-5,0 мянган тонн  
“Сайхан хүнс” ХХК-5,0 мянган тонн

“Таван нуур”  ХХК -5,0 мянган тонн  улаанбуудай өгөхөөр гэрээ хийгээд үйлдвэрүүд нь татаж эхлээд байгаа. Энэ нь нийтдээ 26 мянган тонн. Нөгөө яриад байгаа 100 мянган тонныг нь бага багаар тараах юм болов уу, эсвэл онц ноцтой гамшиг тохиолдоогүй л бол зардаггүй юм болов уу гэж эргэлзтэл үндсэндээ тонныг нь 220 мянган төгрөгөөр зарах ёстой улаанбуудайгаас 14 мянган тонн л үлдээд байгаа. Хүний хөгжлийн сангийн данстай байдаг  80 мянга гаруй тонн буудайг нь зарах ёстой ч үнийг нь тохирч чадаагүй юм байна. Ийн албаны тоог хэлхэхэд амттай ч нарийвчлаад ирэх юм бол “но”-той л сонсогдоод байх шиг. Дашрамд дурдахад нийслэлийн зургаан дүүрэг 13 цэгт үйлдвэрийн үнээр 160 тонн гурил зараад байгаа. Монгол Улсын жилийн гурилын хэрэглээ 240 мянга, сарынх нь 20 мянга, хоногийнх ойролцоогоор 660 орчим тонн гэхээр сүр болгон зарж байгаа гурил нь бидний хоногийн хэрэглээний дөрөвний нэгд ч хүрэхтэй үгүйтэй хэрэглээ л юм даа.     

Үрээ идэхээр үхрээ ид

Уг нь ийм үг байдгийг Монгол Улсын Ерөнхий сайд асан, Хөдөө аж ахуйн яамны сайд асан Ш.Гунгаадорж гуай сануулав. “Гацуурт” компанийн Л.Чинбатыг үрийн буудай 600 орчим мянган төгрөг байна гэсний хариуд тэрбээр “Тариа тарьдаг болгон үрээ хадгалдаг байх ёстой юм. Хоёр удаа шигшээд, хатаагаад агуулахад хэвтэж л байх зүйл шүү дээ” гэж эгдүүцэв. Эрхэм төрийн нарийн бичгийн даргын хэлсэн “төр үрийн аж ахуй байгуулах гэж байгаа” гэсэн үгийг ч, “Онцгой нөөцийн үрийг л эс бол түүнд яам оролцоод байх ч шаардлагагүй” гэж ах хүний зангаргаар няцааж байсан. Нэгэнт нүүр хагарсан тариаланчид хийгээд үйлдвэрлэгчид 350 мянган төгрөгөөр үтрэм дээрээс ирж ав, үгүй бол элеваторын нөхцөлөөр л авна гэхчлэн нарийвчилж гаргав. Үйлдвэрлэгчид буудай нь чанарын шаардлага хангадаггүй, хатааж сортлох хэрэгтэй, бас замын зардал гарна гэхчилэн бөөн зардал ярина. Харин зарим тариаланч “Машины тэвшин дээр ачсан л бол хариуцлага хүлээхгүй” гэлцэн найрын “наймаа” дэгдэж байна аа.

Энэ нь өнөө л буудайнхаа чанарыг ярьж байгаа хэрэг. Харин сонирхолтой нь төрийн нарийн бичгийн дарга нь “Буудайн чанарын асуудлыг дахин битгий хэвлэлээр яриасай гэж би хүсч байгаа шүү” гэж зуунги дуугарах юм. Ерөнхийдөө тэдний одоо тохиролцож байгаа үнэ ханшаар буудайгаа өгч авалцах бол одоо 480 төгрөгт барина гээд байгаа гурилынх нь үнэ 650 төгрөг болох аж. Энэ чинь гурилын үнэ яалт ч үгүй 30-40 хувь өснө гэсэн үг, одоо энэ хэвлэлийнхэн мэдээлээд эхэлбэл … гэлцэв.

Ноднин буудай үнэтэй байхад та нар өөрсдөө татаж унагаасан

Ийм гомдлын үг тариаланчдын амнаас эрхгүй унаж байна. Атрын аянаар тусалсан, дэмжсэн гэж байгаа тэд яамыг буруутгах үг уг нь унагахгүйг л хичээгээд байгаа аж. Даанч тэсгэлгүй ноднин дэлхийн зах зээл дээр үнэ өндөр байхад төрийнхөн хямд үнээр цохиж унагаасан, энэ жил агуулах сав нь буудайгаар хахаж цацаад байгаа маягтай юм яриад арай л рапс тариулчихаагүй гэсэн үг сонсогдов. Басхүү анхнаасаа л улаанбуудайн үнийг барьсаар байгаад газар тариаланг мөхөөсөн ч гэх түүх цухалзав. Уг нь тариа тариалж, гурил үйлдвэрлэж ашгийн төлөө ажиллаж байгаа хувийн хэвшлийнхнээс зах зээл, эрэлт нийлүүлэлт гэсэн үг тун ховор сонсогдох нь гайхалтай. Ялангуяа тариаланчид маань юм л бол “Төр засаг минь тусал…” гэж хоолой зангируулдаг болсон мэт. Үүнд харин социализмын үеийн “бүтээгдэхүүн” Ш.Гунгаадорж гуай “Уг нь зах зээл жамаараа явдаг байсан бол бид ингэж уулзалт зохион байгуулах ч үгүй байсан юм.

Уг нь тариаланчид, үйлдвэрлэгчид ярилцаад л шийдчих асуудал шүү дээ, аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа болохоос биш. Ийм байдал их удаан үргэлжлэхгүй байх. Зах зээл жамаараа л явах ёстой юм” гэж зангараг илэрхийлэв. Тариаланч, гурил үйлдвэрчлэгдийн холбооны тэргүүн тэрбээр “Гээндээ ч гоондоо ч бий. Наад үнэ чинь газар дээрээ очоод нааш, цааш хөдөлнө. Гэрээгээ л хатуу хийчих хэрэгтэй шүү дээ, та нар” гэж командалж байв.       
 
Харин лабораторийн талаар чухал саналыг тэд гаргасан юм. Учир нь өнөөдөр худалдан авагч буюу гурилын үйлдвэрүүд өөрсдөө лабораторитой. Тариаланчид тэдний “аман”-нд л багтах бололтой. Өгөх хүн гэдийдгийн үлгэрээр үйлдвэрийнхэн чанга гартай л байж таараа. Тиймээс хоёр талын хяналт хангалттай байх лабораторитой больё гэсэн санал гаргаж байлаа. Төрөөс ч гэсэн урамшуулал татаас өгч, үнийг нь зохицуулах гэж оролдож тариаланчдаа ч “нялхруулж”, үнэ барьдаг “баатрууд” болж энд тэнд атга гурил, шанага буудай, зарсан авсан болж байхаар лаборатори гэх мэт хөндлөнгийн хяналт зохицуулалтад нь тусламаар юм даа.

А.АЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж