Жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-өөс Н.Багабанди гуайг гаргах шаардлагатай. Энэ хүн бол зарчимд нийцэхгүй” гэх үгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглаж, гүйцэтгэх засаглалын тэргүүн ч байр суурь нэг байгаагаа битүү үгээр илэрхийлсэн. Гэвч Ерөнхийлөгч асан Н.Багабанди Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажилласан хэвээр байна. Тэрбээр 2016 оноос хойш тасралтгүй уг албыг залгуулж буй бөгөөд энэ хугацаанд Оюутолгойн Монголыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд хэд хэдэн удаа солигдсон ч энэ цохилтод өртөлгүй сууж үлдсэн ганц хүн болов. Хамгийн сүүлд Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс З.Ган-Очир чөлөөлөгдөж, "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирал Н.Цэрэнбатыг томилоод буй.
Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийг сайжруулах хэлэлцээрийг хөрөнгө оруулагч талтай хийхийн тулд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, сонгодог болсон. Гэвч энэхүү сонгон шалгаруулалтад ч оролгүй, ногоон гэрлээр гарсан гишүүн нь Н.Багабанди юм.
Ерөнхий сайдын хувьд эрх мэдэл нь байгаа ч сонгон шалгаруулалтгүй, намын томилгоогоор орж ирсэн хүнээ өөрчилж чадалгүй өдийг хүргэсэн нь МАН түүнд өртэй юу гэх асуулт тавихад ч хүргэж буй юм.
Ямартай ч, МАН Засгийн эрхийг авах бүрийдээ Н.Багабанди, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж гэх хүмүүсийг хамгийн их эрх мэдэл, мөнгө эргэлддэг албан тушаалд томилж ирсэн. Ц.Нямдорж нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас бууж, тэтгэвэртээ суусан ч Д.Дэмбэрэл, Н.Багабанди хоёр мөддөө явахгүй нь ээ. Уг нь МАН хүсвэл өөрөөр нь чөлөөлөгдөх хүсэлтийг нь гаргуулаад хөдөлгөдөг дөө. Гэвч Н.Багабанди, Д.Дэмбэрэл хоёрыг дийлэхгүй нь бололтой.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ