Байден: АНУ, Хятад хоёр өрсөлдөнө, гэхдээ зөрчилдөхгүй

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Байден: АНУ, Хятад хоёр өрсөлдөнө, гэхдээ зөрчилдөхгүй

Байден: АНУ, Хятад хоёр өрсөлдөнө, гэхдээ зөрчилдөхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жиньпин нар “Их-20”-ийн уулзалтаас өмнө гурван цагийн уулзалт хийлээ. Энэ уулзалтын зорилго нь АНУ, Хятадын хурцадмал харилцааг шинэ "Хүйтэн дайн"-д хүргэхээс сэргийлэх байв. Удирдагчид Тайвань, Хойд Солонгосын асуудлаар шулуун, шударга ярилцжээ. Тэд цаашид ойр ойрхон харилцаа холбоотой байхаа амалсан бөгөөд дараа дараагийн хэлэлцээрийг хийхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бээжинг зорих юм байна.

Хэлэлцээрээс өмнө хоёр удирдагч төрийн далбааны өмнө инээмсэглэн гар барьж, зургаа татуулцгаав. Хэлэлцээрийн төлөөлөгчид амны хаалт зүүсэн ч Байден, Ши нар зүүгээгүй.

ТАЙВАНЬ

“Бид хүчтэй өрсөлдөх болно, гэхдээ зөрчилдөхгүй. Харин энэ өрсөлдөөнийг хариуцлагатай зохицуулахыг эрмэлзэж байна” гэж Байден уулзалтын дараа хэлжээ. Түүнчлэн “Хэдэн арван жилийн турш Тайванийн армийг дэмжсэн АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүй. Шинэ "Хүйтэн дайн" хийх шаардлагагүй, Хятадыг ийм дайн төлөвлөж байна гэж бодохгүй байна” гэлээ. АНУ ийнхүү Тайваньд хандах бодлогоо дахин нотолсонд баяртай байгаагаа Тайванийн засгийн газар илэрхийлжээ.

Харин Ши Жиньпин уулзалтын дараа Тайванийг АНУ, Хятадын харилцааны давж болохгүй эхний улаан шугам гэж нэрлэсэн. “Тайванийн асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм бөгөөд Бээжин, Вашингтон хоёрын улс төрийн үндэс суурь юм. Тайванийн асуудлыг хэрхэх нь Хятадын дотоод асуудал. Тайванийг Хятадаас салгах гэж байгаа хэн бүхэн манай үндэстний язгуур эрх ашгийг зөрчих болно. Хятадын ард түмэн үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэжээ.

УКРАИН

Орос, Украины дайны тухайд хоёр удирдагч цөмийн дайн хэзээ ч болох ёсгүй гэдэг дээр санал нэгджээ. Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Байден Ерөнхийлөгч Херсон хотыг эргүүлэн авсан явдлыг чухал ялалт гэж онцлоод, Вашингтон тусламжийн гараа үргэлжлүүлэн сунгана гэж амлав.

Хятад улс дайн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө ОХУ-тай хязгааргүй найрамдалт харилцаагаа тунхагласан билээ. Гэтэл дайн эхэлснээр Путины нэр хүнд олон улсад унав. Одоогоор Хятад улс дайныг шууд шүүмжлэхээс зайлсхийж, Москвад зэвсэг нийлүүлээгүй байгаа ч Оросын эрчим хүчний томоохон худалдан авагч хэвээр байна.

ХОЙД СОЛОНГОС

Пёньяны тухайд зэвсгийн туршилтад Бээжин ямар нэг нөлөө үзүүлсэн эсэхийг мэдэхгүй гэдгээ Байден илэрхийлжээ. “Хятад улс Хойд Солонгосыг чиглүүлж чадна гэж итгэлтэй хэлэхэд хэцүү. Бид Хятадын эсрэг чиглэхгүй ч гэсэн өөрийгөө болон холбоотон болох БНСУ, Японыг хамгаалахын тулд хийх ёстой зүйлээ хийнэ” гэв.

Тэдний уулзалтын өмнө АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ “Байден Тайваньд АНУ-ын цэргийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар Ши Жиньпинд анхааруулах болно. Бээжинд ийм зүйл хүсэхгүй байгаа” гэсэн юм.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сард Тайваньд айлчилсны дараа хоёр улсын харилцаа хурцдаж, цаг уурын өөрчлөлт болон цэрэг армитай холбоотой хэд хэдэн яриа хэлэлцээгээ зогсоосон. Энэ удаагийн уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, өрийн дарамт болон бусад асуудлаар харилцаа холбоогоо шинэчлэх боломжийн харилцан олгохоор тохиролцсон гэж Цагаан ордон мэдэгдлээ.

Албаны хүмүүсийн хэлснээр, ойрын жилүүдэд Хонгконг, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис, худалдааны харилцаа, технологийн хязгаарлалт зэрэг олон асуудлаар хоёр улсын харилцаа хурцадсан ч нөхцөл байдлыг сайжруулахын тулд Вашингтон, Бээжин хэн хэн нь сүүлийн хоёр сарын хугацаанд багагүй хүчин чармайлт гаргажээ.

“Дэлхийн ертөнц салаа замын уулзвар дээр ирээд байна. Бид зөв замаа тодорхойлох хэрэгтэй. Хятад, АНУ хоёрыг харилцаагаа зөв зохицуулна гэж дэлхий нийт хүлээж байна” гэж Ши хэлэв.

Эх сурвалж: REUTERS, POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж