Их-20: Сергей Лавров эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Их-20: Сергей Лавров эмнэлэгт хүргэгджээ

Их-20: Сергей Лавров эмнэлэгт хүргэгджээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Их-20" орны чуулга уулзалтад оролцохоор Индонези улсад ирсэн ч өчигдөр зүрх нь өвдөж, эмнэлэгт хүргэгдсэн талаар барууны хэвлэлүүд мэдээлсэн. Өдгөө 72 настай Оросын дипломатч Бали аралд ирснийхээ дараа эмнэлэгт хүргэгдсэн болохыг "Associated Press" агентлаг Индонезийн албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан нийтэлжээ.

Харин Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова "Энэ бол мэдээж худал мэдээлэл" гэж мэдэгдээд, энгийн хувцастай, зочид буудлын тагтан дээр бичиг баримт уншаад сууж буй Лавровын зургийг нийтэлсэн байна.

Мөн Сергей Лавровоос энэ талаар тодруулахад, барууны сэтгүүлчид сүүлийн 10 гаруй жил 70 настай Путины өвчний талаар худал мэдээлэл нийтэлж буйг онцлоод "Энэ төрлийн тоглоом улс төрд шинэ зүйл биш. Барууны сэтгүүлчид илүү шударга байж, үнэнийг бичиж байх хэрэгтэй" гэж хэлжээ. Тэрбээр Ням гаригт Бали аралд ирсэн ч барууны хэвлэлүүд үйл явдлуудыг хэсэгчлэн авч, Оросын талаар мэдээллээгүй орхигдуулсан гэж мэдэгдсэн байна.

Бали арлын захирагч И Ваяан Костер "Reuters" агентлагт мэдээлэхдээ, Сергей Лавров арлын Санглах эмнэлэгт үзүүлэхээр түр саатсаныг баталсан бөгөөд түүний биеийн байдал хэвийн гэж онцолжээ.

Түүнчлэн "Associated Press" агентлаг мэдээллээ үнэн бодитой гэдэгт бат зогссон байна. Тус сайтын корпорацийн харилцаа холбоо хариуцсан дэд захирал Лорен Ийстон хэлэхдээ, "AP Лавровыг эмнэлэгт хэвтсэн гэж мэдээлээгүй. Харин эмнэлэгт хүргэгдсэнийг олон эх сурвалжийн мэдээллээр баталгаажуулж мэдээлсэн" гэж мэдэгдэв.

Зөвлөлт холбоот улс задарснаас хойш ОХУ-ын Гадаад хэргийн сайдаар хамгийн удаан ажиллаж буй хүн бол Сергей Лавров бөгөөд 2004 оноос хойш тус албыг хашиж байна. Оросын нэр хүндтэй Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн Сергей Лавров  англи, франц, синигал хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрбээр Зөвлөлтийн үед Шри-Ланкад дипломатаар ажилласан туршлагатай.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд болохоосоо өмнө НҮБ-д суух ОХУ-ын байнгын төлөөлөгчөөр ажилласан. НҮБ-д ажиллах хугацаандаа тэрбээр "Ноён үгүй" гэх хоч авсан аж. ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлэх хүртэл тэрбээр Путиныг дайнд бэлдэж байна гэх АНУ, Их Британийн мэдэгдлийг үгүйсгэсээр байсан.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж