Сурвалжлага: Уухайн түрлэг дор ард түмнээ омогшуулсан шигшээ багтаа баярлалаа

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Уухайн түрлэг дор ард түмнээ омогшуулсан шигшээ багтаа баярлалаа

Сурвалжлага: Уухайн түрлэг дор ард түмнээ омогшуулсан шигшээ багтаа баярлалаа
Гэрэл зургийг Монголын сагсан бөмбөгийн холбоо

Монголчууд дөрвөн өдрийн турш сагсан бөмбөгөөр амьсгалж, наадаж чадлаа. Ердөө ганцхан жилийн өмнө хуваагдмал байсан Монголын сагсан бөмбөг ялалтын төлөө нэг баг болж, ард түмнээ огшоов. Т.Санчир, Б.Билгүүн гэх нэрс Монгол даяар цуурайтаж, зөвхөн мөрөөдөл, төсөөлөл байсан он жилүүдэд биелсэн.

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээний “D” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо боллоо. Тэмцээнд Монголоос гадна Тайланд, Вьетнам, Малайз, Таити гэх дөрвөн улс оролцсон. “Хөх чононууд” өчигдөр/2022.11.14/ хэсгийн аваргын төлөө Тайландын эсрэг тоглов. Хоёр баг хоёулаа нэг ч хожигдолгүй 3-0 гэсэн амжилттай учраа таарсан нь энэ. Өмнө нь 2018 онд Азийн наадамд Тайланд ганцхан оноогоор Монголыг хожиж байсан учир энэ удаад монголчуудад талбай дээрээ даагаа нэхэх сайхан боломж олдсон юм.

Тоглолт бүрийн өмнөх төрийн дууллыг шинэлэг байдлаар МУГЖ, "Харанга" хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, Ч.Мишээл, Б.Чойжоо зэрэг дуучид, хөгжимчид ашиглан эгшиглүүлж байсан нь үзэгчдэд таалагдсан.

Гэрэл зургийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос

“D” хэсгийн тоглолтууд “UG Arena” гэх будаг нь ханхалсан шинэхэн ордонд болсон. Зөвхөн бидний “NBA”-ийн тоглолтуудаас хардаг байсан талбай Монголд баригдаж, олон улсын чанартай бүхий л тэмцээнийг нүүр бардам, толгой цэх хүлээн авах нөхцөл бүрджээ. Тус ордон нийт 3150 хүний суудалтай бөгөөд өчигдрийн тоглолтод бүрэн утгаараа суудлууд дүүрч, бүр илүү гарсан. Тоглолтын тасалбар цехийн шинэхэн талх шиг зарагдаж, “шагчид” үүнийг зүгээр өнгөрөөсөнгүй.

Тавдугаар давхрын 22700 төгрөгийн үнэтэй тасалбар 120 мянгаар үнэлэгдэж, нэмэлт суудлууд нь 200 мянган төгрөгөөр зарагдсан.

Ордны уур амьсгал, үзэгчид үнэхээр гайхалтай байв. FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоо хүртэл Азийн аваргын урьдчилсан шатны хамгийн чанга дуутай, шилдэг хөгжөөн дэмжигчид гэж тэднийг онцолсон. Т.Санчир дэмжигчдээ “Талбай дээрх бидний зургаа дахь тоглогч” гэж тодорхойлов. Бараг 3500 хүн нэгэн зэрэг уухайлж, “Хамгаалъя” гэж орилоход талбай дээрх тамирчдад ямар мэдрэмж төрж байсан бол.. Сургуулиа тараад аавтайгаа тоглолт үзэх гэж яарсан сурагч хүүгээс эхлүүлээд ажлаа таслаад шигшээ багаа дэмжихээр ирсэн олон зуун хүн байлаа.

Т.Санчирын нэр, дугаартай өмсгөл өнгөрсөн өдрүүдэд хамгийн их зарагджээ.

Тоглолтын тухайд Монгол эхлэлээ сайн тавьсан. Б.Билгүүний ээлж дараалсан довтолгоонууд амжилттай болж, Монголын шигшээ онооны давуутай эхний үеийг өндөрлүүлсэн. Хоёрдугаар үед А.Ананд, Т.Санчир нар багийнхаа оноог ахиулж, мөн л илүү дуусгасан. Харин тоглолтын хоёрдугаар хагасаас Тайландын довтолгоо эрчимжив. Тус багийн 18 дугаартай Накорн Жаисанукийн жигүүрийн гурван онооны шидэлтүүд ээлж дараалан амжилттай болж, “UG Arena” дахь Монголын хөгжөөн дэмжигчдийг чимээгүй болгож байлаа.

Түүний дараа Фредди Лиш гэх Хавайгаас гаралтай Америкт төрсөн залуу Тайландын иргэншил авсан шалтгаанаа харуулав. Лишийн алсын зайн шидэлтүүд, будагтай талбайн оролтууд монголчууд түүнийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн.

Тоглолт 109-105 гэсэн харьцаатай Тайландын шигшээ багийн ялалтаар өндөрлөж, хоёр багаас тус бүр гурван тоглогч 20-оос дээш оноо авсан. Тухайлбал, Тайландаас Лиш 30 оноо, Мозес Морган 26 оноо, Накорн Жаисанук 23 оноо авсан бол Монголоос Б.Билгүүн 31 оноо, Т.Санчир 23 оноо, А.Ананд 20 оноо авчээ.

Гэрэл зургийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос

Хэдийгээр 4-0 гэсэн амжилттай тэмцээнээ дуусгаж чадаагүй ч Монголын баг гол даалгавраа биелүүлж, урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ халаасалсан. Дараагийн шатны тэмцээн ирэх хоёрдугаар сард болох бөгөөд Монгол “F” хэсэгт Малайз, Гуам, Хонгконг, Сингапур, Тайланд гэсэн зарим хуучны танилуудтайгаа хамт орсон. Сүүлд гарсан мэдээллээр Монголын сагсан бөмбөгийн холбоо дээрх тоглолтуудыг дахин эх орондоо зохион байгуулах хүсэлтээ өгсөн гэнэ.

Магадгүй энэхүү тэмцээн Монголд дараа дараагийн олон Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн төрөх эхлэлийг тавьсан байх.

Ирэх хоёрдугаар сард Монголын баг бэртэл гэмтэлгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ байх биз. Энэ удаад Э.Дөлгөөн тэмцээний эхний тоглолтын өмнөхөн гараа хугалсан бол О.Сэргэлэн эхний тоглолтын төгсгөлд багтаа хожил авчирсан чухал бөмбөгийг таслахдаа хуруугаа гэмтээсэн юм. Мөн шигшээ багт чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн хүлээлттэй байсан О.Эрдэнэцогт мөн гартаа гэмтэл авч, шигшээ багийн бэлтгэлд хамрагдаагүй билээ. Угтаа "D" хэсгийн тоглолтууд өнгөрсөн зургадугаар сард болох байсан ч багууд дамжин нисэх боломжгүй байсан учир хойшилсон. Тухайн үед Монголын шигшээд Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Н.Батбаяр зэрэг гадаадын лигүүдэд тоглодог тамирчид багтан бэлтгэлд хамрагдаад байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж