Уул уурхайг хөгжүүлэхэд шинэ арга хэрэглэдэг болно

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Уул уурхайг хөгжүүлэхэд шинэ арга хэрэглэдэг болно

Монгол Улс ашигт малтмалаа ухаж, газраа сэндийчих, эсвэл хав дараад мал маллаж, ногоо тарих хоёр салаа замын уулзварт ирээд буй. Юутай ч Оюутолгойн алт, зэсийн ордыг ашиглах болж, одоо Тавантолгойн нүүрсний ордыг хэрхэх тухай яригдаж байгаа. Мөн нэлээд хэдэн тооны  алт, нүүрсний уурхай ажиллаж газрын тосны олборлолт хүртэл хийж буй. Түүнчлэн манай улсын лицензүүд гадаадын компаниудын гарт орсон байгаа. Тэд ойрын жилд үйл ажиллагаагаа эхлүүлбэл, удахгүй манайх уул уурхайн орон болоход бэлэн болчихжээ. Тэгэхээр бид ашигт малтмалаа ашиглахын зэрэгцээ байгаль орчноо хамгаалж үлдэх шаардлага тулгарч байна.

Ийм нөхцөл байдалд хэрхэн ажиллах, уул уурхайг байгаль орчинд нөлөө багатай төлөвлөх аргыг өчигдөр “Контиентал” зочид буудалд танилцууллаа. АНУ-ын байгаль орчны хамгийн том төрийн бус байгууллага болох “The Nature Conservancy” хоёр жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийсний эцэст Монголд тохирсон энэхүү аргыг боловсруулсан байна.

Юуны өмнө экологийн чухал шаардлагатай газруудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос зайлсхийх нь эхний шат гэнэ. Экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудын мэдээллийг зохих шатны төрийн байгууллагын шийдвэрээр баталгаажуулан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох явцад харгалзан үзэхийг зөвлөсөн байна.

Хэрвээ нэгэнт лиценз олгосон бол байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулах ба нөхөн сэргээх хэрэгтэй. Үүний дараачийн алхам буюу хамгийн чухал нь нөхөн хамгаалалт гэжээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглаж буй талбайдаа байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулах арга хэмжээ авсан ч байгалийн унаган төрхийг бүрэн сэргээх боломжгүй байдаг. Иймээс уул уурхайн нөлөөллийг бүрэн арилгахын тулд ашигт малтмалын хайгуул олборлолт хийж буй талбайтай дүйцэхүйц хэмжээний экологи, биологийн ижил төстэй өөр газар нутагт хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй гэжээ.

“Хөгжлийг байгаль орчинд нөлөө багатай төлөвлөх” сэдэвт уулзалтын үеэр Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга М.Идэрбаттай уулзлаа.

-Танай аймагт ашигт малт­малын хэчнээн лиценз ол­гогдсон байгаа вэ. Тэдний үйл ажил­ла­гаа­наас үүдсэн байгаль орчны нөлөөлөл хэр зэрэг байгаа вэ?

-Хайгуулын 150 гаруй, ашиг­лалтын 10 лиценз байгаа. Гэхдээ ашиг­лалт явуулж байгаа цөөхөн компани бий. Одоогийн байдлаар манай аймагт байгаль орчин нь сүйдсэн, нөхөн сэргээлт хийгдэхгүй орхигдсон газар огт байхгүй. Бид байнга хяналт тавьж, компаниудтай ойр ажилладаг.

-“TNC” байгууллагаас гаргаж уул уурхай байгаль орчинд нө­лөө багатай төлөвлөх аргыг танил­цуулж байна. Энэ манай нөхцөлд хэр тохиромжтой арга вэ. Та энэ талаарх бодлоо хэлнэ үү?

-Боломжтой байлгүй яахав. Бид нэлээд олзуурхаж хүлээн авч байна. Энэ байгууллага өнгөрсөн хоёр жил манай бүс нутагт судалгаа хийсэн байгаа. Өнөөдөр судалгааныхаа тай­ланг ерөнхийдөө танилцуулж байна. Цаашид бид хамтарч уул уурхай байгаль орчинд нөлөө багатай төлөвлөх аргыг ажил хэрэг болгоно гэлээ.

Дээрх уулзалтад Байгаль орчин аялал жуулчлалын яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны холбогдох албаны болон зүүн бүсийн гурван аймгийн ИТХ-ын дарга болон байгаль орчны байцаагчид гэхчилэн нийт 60 хүн оролцсон юм.

“The Nature Conservancy” ТББ-ын АНУ-ын бүх муждаа салбартай төдийгүй, дэлхийн 35 улсад төлөөлөгчийн газраа байгуулсан. Монгол дахь төлөөлөгчийн газар 2008 онд нээгдэж байжээ.

Монголд хоёр том экологийн бүс нутаг байдаг нь Дагуурын ойт хээр болон Хялганат хээрийн экологийн бүс нутаг. Дэлхийд цор ганц онгон байдлаа хадгалж үлдсэн бүс нутаг гэж үздэг. Тиймээс дээрх байгууллага энэ бүс нутагт судалгаа явуулж, 19 хувьд нь лиценз олгосныг тогтоон экологийн хувьд зайлшгүй хамгаалалтад авах газруудыг тодорхойлжээ. Тухайлбал, алдарт Мэнэнгийн тал хамгаалалтад авахад зайлшгүй газруудын жагсаалтад багтсан байна. Тэнд газрын тосны олборлолт хийж байгаа ба уул уурхайг байгаль орчин нөлөө багатай төвөвлөх аргын дагуу нөлөөллийг бууруулна гэдгийг оролцогчид хэлж байлаа.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж