Монгол Улсын гавьяат тариаланч Л.Цандэлэгтэй ярилцлаа.
-Та Ардчилсан намын гишүүн хэвээрээ байна уу. Сөрөг хүчний дуу хоолой яг одоо л хэрэгтэй, Монголын нийгэм нэг л буруу гольдрил руу орчихлоо гэж олон хүн ярьж байна…
-Ардчилсан намын гишүүн байхаа больсон, больсон. Би 30 жил энэ намд явсан. З.Энхболд гэдэг хүн гарч ирээд, намын дарга болсон. Сэлэнгэд сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвших гэж байтал намайг хасаад, дуучин Эрдэнэтунгалагийг миний оронд тавьсан. Би намдаа тэр үед 20 сая төгрөг өгсөн. З.Энхболд түүнээс тусдаа намайг шантаажилж, мөнгө нэхсэн. Тэгэхээр нь “Би чамд мөнгө өгөхгүй ээ. Чи сонгууль будлиантуулж, өөрийн эрх ашгийн төлөө намыг ашиглаж байна” гэж хэлсэн. Тэгээд л намайг тойргоос хассан.
Тухайн үед З.Энхболд надад “Чи тойргоо өгчих, нам ялчихвал би чамд Хөдөө аж ахуйн сайдын суудал өгнө шүү” гэсэн. Тэгэхээр нь “Танай нам хэзээ ч ялахгүй, чи ингэж сонгуулийн тойроггүй байж хүмүүсээ яаж бүрдүүлэх юм бэ” гээд хэлсэн чинь намайг намаас хөөчихсөн.
Нийт таван хүн намаас хөөгдсөний хоёрдугаарт миний нэр байж байгаа юм. Би З.Энхболдыг нохой зээх шиг, хэзээ ч өөрөө амьтан барьдаггүй, дандаа “сэг зэмээр хооллодог”, энэ намыг бутаргаж байна гэдэг утгаар хэлчихсэн. Яг л тэрүүгээр болсон.
-Улс орны эдийн засаг хүнд байна. УИХ ирэх оны төсвийг 1.4 их наядын алдагдалтай баталлаа. Урсгал зардал 15 их наяд гээд түүхэнд байгаагүй тоо гарлаа. Ардчилсан намын гишүүд ч Монгол Улс дефолт болох замдаа орчихлоо гэж мэдэгдсэн. Байдал улам дордох төлөвтэй. Та энэ талаар юу хэлэхсэн бол?
-Сөрөг хүчин гэдэг гэрээр бодвол хоёр баганын нэг юм. Ардчилсан нам, Монгол Ардын нам хоёулаа тулж яваад, нэг тал нь хазайчихаар нөгөө тал нь дийлээд, монгол гэрийн баганын нэг нь богино, нэг нь өндөр болохоор гэр яаж харагдах вэ, нэг ийм байдалтай. Сөрөг хүчин маань сөрөг хүчин шиг биш, цөөхөн хэдэн нөхөд дандаа амин хувиа хичээсэн байдалтай болчихсон. Өнөөдөр яагаад дуугарахгүй байна вэ гэхээр бүгд хувийн эрх ашгийн төлөө. Энэ 76 гишүүнийг харахаар МАН ч ялгаа байхгүй, Ардчилсан нам ч ялгаа байхгүй яаж төсвийн мөнгөнөөс булаацалдаж идэх вэ гэсэн бодолтой яваад байна. Тэгэхээр яаж энэ улс орон хөгжих вэ. Ийм төсөв батална гэдэг ер нь гамшиг. Төсвийн ганцхан хуультай байя гэсэн, одоо зөндөө олон юм оруулж ирээд, энд тэндгүй фракц фракцаараа хуваагаад, дөрөв таван хэсэг болгоод хаячихсан. Хэнтийгээс эхлээд замбараагүй байгааг та нар харж байгаа биз дээ. Ингэж болохгүй шүү дээ. Эр бяраа гаргаж, хоорондоо булаацалдаж, төсвийн мөнгийг хувааж идсэний улмаас гарах үр дүн ойлгомжтой. Нөгөө “улныхан” гэдэг айлууд нь л олширч байх ших байна даа.
-Та хэдэн жил газар тариалан эрхэлж байна вэ. Өнөөдөр энэ салбарт үйл ажиллагаа явуулахад хэцүү байна уу?
-Би 30 гаруй жил тариа тарьж амьдарч байна. Зээл олдохгүй, хил гааль хүнд байна. Импортоос бүх юм шалтгаалж байна. Өнөөдөр монголчууд тракторын нэг ширхэг ч боолт хийж чадахгүй байна шүү дээ. Үр, бордоогоо гаднаас валютаар авч байна. Улс хариуцлагагүй байна. Энэ бүхэн том дампуурлын л шалтгаан болох байх. Одоо нүүрсний хулгай гэж яриад эхэллээ.
"МОНГОЛД БИЗНЕС ХИЙХ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ"
-Дэлхийн зах зээл дээр өнөөдөр улаанбуудайн үнэ тонн нь 327 ам.доллар байна. Монголд улаанбуудайн үнэ гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж хэр их хэлбэлздэг вэ?
-Сүүлийн 10 жил үнэ өсөөгүй бүтээгдэхүүн гурил. Гурил “улныхны” гол хүнс. Хөдөө айлууд өвөл идшээ идээд, дотор өөхөө ширгээгээд, түмпэн түмпэнгээр боорцог хийгээд. Олон хүүхдүүдтэй айлууд ингэж л амьдарч байна. Тариаланчид будааныхаа үнийг өсгөөгүй. Гэтэл гурилын монополь таван гэр бүл хэвлэл мэдээллээр “Тариаланчид улаанбуудайгаа 1 сая 200 мянган төгрөг болгож, үнийг нь өсгөлөө” гэж зарлаад, өөрсдөө гурилынхаа үнийг 30-40 хувь нэмчихэж байна. Тэдэнд өнгөрсөн жилийн будаа бас байна. Өнөөдөр 500 мянгаар авсан улаанбуудайг 4 нугалж байгаа бизнес Монголоос өөр хаана байна аа. 400 хувийн ашиг гэсэн үг шүү дээ. Монополь тавхан гэр бүлийг Засгийн газар яаж ч чадахгүй байна. Цэнгүүн гэж нөхөр байна. Манайхаас өнгөрсөн жил 1700 тонн улаанбуудай авчихаад, үнээ хямдруулбал төлбөрөө өгнө гээд, би цагдаад хандсан. Энэ чинь дээрэм биз дээ. Үтрэм дээр ирж үзээд, тэнцэж байна, болж байна гэж аваачиж буулгасан мөртлөө “Ихэнх нь тэжээлийн будаа байна” гэсэн. Одоогийн үнээр тооцвол тэрбум 700 сая төгрөгийн бүтээгдэхүүн. Энэ чинь компанийг дампууруулж байгаа байхгүй юу.
-Цагдаад хандахаар ямар хариу өгсөн бэ?
-Энэ чинь хэрэг биш байна гээд байгаа юм. Бод доо. “Чиний утсыг авъя” гээд, хоёулаа наймаа тохирч, халаасандаа хийнгүүтээ “Чи одоо надад утсаа хямдхан өг” гээд, “Утсаа авъя” гэхээр “Би чиний утсыг хадгалсан мөнгөө авна” гээд өгөхгүй. Шүүхэд хандаад, хоёр, гурван жил болж байна. Ийм байдлаар цагдаа шүүх, прокурорынхон нийлсэн дээрэмчид, луйварчид их байна. Тэд өөрсдөө шүүгчдээ тавьдаг гэж байна. Өөрсдөө прокурор, цагдаагаа тавьдаг гэж байна. Юу гэсэн үг вэ. Монголд 200 гэр бүл бий гэдэг үнэн. Ерөөсөө энэ монополь, картел хийж байгаа цөөхөн хүн Монголд “замаа алдсан”. Одоо бүр “Цандэлэгийн будааг битгий ав” гээд, надаас нэг ч будаа авахаа байсан. “Хөдөө аж ахуйг дэмжих санд өг” гэсэн. Одоо тийшээ өгөх гээд хөөцөлдөөд байна. Өнөөдөр машиндаа будаагаа аччихсан, бас л ийм юм нь ч таарахгүй гэх мэтээр бужигнуулаад байгаад л байна. Монголд бизнес хийх ч хэцүү юм.
-Тариаланчидтай уулзахад нутаг орныхонтой үл ойлголцохоос эхлээд багагүй бэрхшээл тулгардаг гэж ярьдаг юм билээ. Хэцүү биз?
-Бэрхшээл байлгүй яах вэ. Гэхдээ манай Хүдэрийн ард түмэн маш их хөдөлмөрч. Хөдөөгүүр ажилсаг ард түмэн байна, цалин хөлсийг нь сайн өгөх хэрэгтэй. Амьдралыг нь авч явах хэрэгтэй. Сүүлийн 30 жил Хүдэрийн хамт олонтойгоо сайхан нөхөрлөж, хөдөлмөрлөж байна.
-Газар тариалангийн мэргэжилтнүүд Монгол Улс дотоодоосоо улаанбуудайгаа бүрэн хангах боломжтой гэж ярьдаг. Тийм байтал гаднаас улаанбуудай, үр оруулж ирээд байдгийн цаана ямар нэгэн учир шалтгаан байна уу?
-Бид үйлдвэрлэж чадаж байна. Гадаадаас улаанбуудай авч байгаагийн цаана эдийн засгийн том луйвар, дээрэм байдаг байхгүй юу. Гадаадаас оруулаад ирэхээр тэр жилийн будаа нь борлогдохгүй, үнэ нь унадаг. Жишээ нь, даалуу өрж байгаад, наад талыг нь цохичихоор нэг нэгийгээ цохиод унагаачихдаг даа. Даалууны өрсөн нураалттай адилхан.
Одоогоос хоёр, гурван жилийн өмнө ОХУ-аас будаа оруулж ирлээ гэхэд тэр жилийнхээ, мөн өмнөх жилийнхээ, энэ жилийнхээ гээд гурван жилийн будааны үнийг унагаж байна. Бидэнд экспортлох боломж алга. Цаашаа хийх савгүй байхад нэмээд оруулаад ирэхээр халина биз дээ.
Монгол Улс 240 мянган тонн улаанбуудай хэрэглэдэг байтал дээрээс нь дахиад 200-г оруулаад ирэхээр илүүдээд, тэр нь муудаад, хөгцрөөд, илжирнэ. Улаанбуудай саванд байх ёстой, амьсгалдаг, байнга эргэлдүүлж, сэлгэж байх ёстой. Хөрөнгө мөнгө дутуу тариаланчид одоо хүртэл будаатайгаа байж байна. Монополь гэр бүлүүд үнэ хямд бол авна гэдэг. Авчихвал нэг бол бүтэн жил мөнгийг нь өгөхгүй. Цагдаа, шүүхэд өгөөд аваарай гэдэг. Ийм доромжилсон, дээрэлхсэн байдал гаргаж байна. Би банкны зээлтэй, олон ажилчны цалин мөнгөний асуудал байна. Тэгэхээр их бухимдалтай байдаг. Энэ байдлаас үүдээд Цэнгүүнийг барьж аваад зодчих вий гэж санаа зовдог. Тааралдахаараа гар хүрчих гээд “чичрээд” байдаг, буцаад өөрийгөө эрсдэлд оруулчих вий гэсэн болгоомжлол надад байна.
"ЖАДАМБААГИЙН ЭНХБАЯРТ АЖЛАА ӨГСӨН, ДАМПУУРУУЛЧИХААД, ЯВААД ӨГСӨН"
-Та уг нь хүнд дээрэлхүүлээд байх хүн биш дээ?
-Сүүлийн үед хүмүүс их дээрэлхэж, доромжилж байна. Хөрөнгө мөнгөтэй, хамгаалалт сайтай болчихсон, цагдаа, прокурор, шүүхийг атгасан улсууд давилуун байна даа. Энэ нь эргээд эрсдэлд хүргэх вий л гэж айж байна. Нийгмийн их хямрал хувьсгалд хүргэнэ. Энэ их буруу шийдвэрүүдийн улмаас заавал ч үгүй нэг юм болно шүү дээ. Өнөө, маргаашдаа болоод байна гэж бодож байгаа байх. Биш байхгүй юу, яваандаа том эрсдэл рүү аваачих байх даа гэсэн бодолтой явж байна. Дотоодын үйлдвэрлэл, нэг салбарыг л аваад явчихаж чадахгүй байна.
Тэгэхээр яаж Ерөнхийлөгчийн хүнсний бодлого төлөвлөгөө хэрэгжих вэ. 500 төгрөгийн гурилыг дөрөв нугалж зарж байна. Засгийн газар, хууль хяналт, цагдаа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар үүнийг хараад суугаад байж болохгүй.
-Гурилын үнийн өсөлтийг дагаад талх нарийн боовноос эхлээд бүх бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдлээ. Амьдралын боломж тааруу битгий хэл ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүс ч авч дийлэхгүйд хүрэх нь. Бодлого, шийдвэр “бай”-гаа онохгүй байна уу?
-Талх хэзээ ийм үнэтэй байсан юм бэ. Иргэд талхаа хувааж авч байна. Энэ байдлуудыг Д.Амарбаясгалан, Г.Занданшатар даргад хэллээ. Ерөөсөө эд нар чинь их дүлий юм. Ийм байдалтай байна шүү гээд хэлсэн, энэ улсууд ерөөсөө сонсохгүй байна. Мэдээлэл нь вакумжсан, эргэн тойрон нь худлаа. Одоо Ерөнхийлөгчтэй л нэг уулзах юмсан гээд бодоод байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаад ярихгүй бол тойрон хүрээлэгчид нь ерөөсөө оруулахгүй юм. “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гээд “Хонх”-ын дуу шиг л болцгоосон улс. Хөрсөн дээр болж байгаа үйл явдлыг олж харахгүй байна.
-Импортын будааг дотоодын бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэр чанартай байдаг вэ?
-ОХУ цэрэг дайны стратегийн байдалтай, 50 жилийн хүнсний улаанбуудайн нөөцтэй байдаг. Дандаа нөөцийн илүүдэл, хаягдал улаанбуудай. Уран олборлодог газруудад их хэмжээний улаанбуудай тарьдаг. Цөмийн асуудлыг хянаж чадахгүй Африк, Монгол зэрэг улсуудад дандаа хямдхан будаа нийлүүлдэг. Тэр жил Казахстанаас “аймшиг”-ийн будаа орж ирснийг нууцгаасан. Тухайн үед ирсэн бичгийг нь би бариад мэргэжлийн хяналтын газарт өгч байсан. Оросын улаанбуудай хамгийн их аюултай. Орос хэзээ ч сайн будаагаа нийлүүлэхгүй. Олон жил дарагдаад, хадгалалтад байсан улаанбуудайгаа нийлүүлдэг.
–“Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуульд зааснаар гурилын нөөц, нийлүүлэлтийг тогтвортой байлгахын тулд гурил үйлдвэрлэгч ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр олгох шийдвэр гарч, шаардлагатай татаасыг улсын төсөвт суулгасан. Энэ онд дуусгавар болно. Энэ зээл эзэддээ хүрсэн болов уу. Аж ахуйн нэгжүүдэд хэр дэмжлэг болсон бол?
-Гурилын үйлдвэрүүд гурилын үнийг өсгөхгүй гэж жилийн 3 хувийн хүүтэй, их хэмжээний мөнгө авсан. Covid-19-ийн үед гурилын үйлдвэрүүд бүр цахилгааныхаа үнийг тэглүүлсэн шүү дээ. Ингэж их ашиг хийж байж арай дэндэж байна. Улаанбуудайн гаднах хальс буюу хивэг малын тэжээлд ордог. Тэрийгээ одоо малчдад улаан цайм 730 мянгаар зарж байхад үүнийг тоохгүй, Засгийн газар, Хөдөө аж ахуйн яам таг дүлий. Х.Болорчулуун сайд өөрөө Дорнодод гурилын үйлдвэртэй. Яамныхан тэр чигээрээ гурилынхан боллоо. Тэд хөдөө аж ахуйн яамыг удирдана гэхээр хэцүү шүү. Энд тариаланчдын эрх ашиг гэж байх ёстой.
-Тариаланчид хэр нэгдмэл байдаг вэ. Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо үйл ажиллагаа явуулж байгаа юу?
-Би уул нь холбоог их сайхан болгоё гээд Жадамбаагийн Энхбаярт ажлаа өгсөн. Монгол ардын намын лидер залуу, холбоог сайн аваад яваарай гээд. Гэтэл холбоог бүр дампууруулж хаячихаад, өөрөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар яваад өгсөн. Холбоог МАН-ын эсрэг дуугарах хүнгүй болгож, хаа хамаагүй хүн тавьчихсан. Мөн Хөдөө аж ахуйн яамнаас махны квот, авлига аваад, дуугарч чадахгүй болгоод хаяад явчихсан. Аюултай улсууд. “Тоглолт”-ыг маш сайн хийж байна. Ингэж болохгүй ээ. Би их эх оронч сэтгэлгээтэй. Сүүлийн таван жил би тосны ургамал тариагүй. Түүнийг тариагүйгээрээ би хохирч байгаа юм. Өнөөдөр тосны ургамал гээд рапс тариалаад, экспортод гаргая л даа. Нэг тонн нь 2 сая 300 мянга гэж байна. Дараа жил магадгүй улаанбуудай ургахгүй байх. Ингэж бид хүнс, эрүүл мэндээ алдаад дуусах нь ээ.
-Салбарын сайд “Улаанбуудайн үнэ өссөн учраас гурилын үнэ яах ч аргагүй өснө. Барих боломжгүй” гэж хэвлэлд ярьсан. Үнэхээр үнийг барих боломжгүйд хүрсэн үү?
-Би улаанбуудайн үнэ 500 мянгаас илүү гарахгүй байхад та нар яахаараа 2000 төгрөгөөр гурил зардаг юм бэ гэж хэлээд байгаа юм. Түүхий эдээсээ хамаарч бүтээгдэхүүн гарах ёстой. Түүхий эдийн үнэ бага байхад бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж болохгүй биз дээ. Улаан цайм дээрэм хийж байна.
"БҮГД ШИРЭЭНИЙ АРД, ДАРГА БОЛОХ ГЭСЭН, ГОЁ АМЬДРАЛ МӨРӨӨДСӨН ХҮМҮҮС Л БОЛЖ"
-Ирэх жил улс орны эдийн засаг нэлээн хүндрэх нь тодорхой байна. Газар тариалангийн салбарт ямар төлөв ажиглагдаж байна вэ?
-Өө бүр хүндэрнэ. Би л лав тариа тарихгүй гэж бодож байна.
-Та тэгэхээр 30 жил эрхэлсэн ажлаа орхино гэсэн үг үү?
-Би хоёр жил завсарлаж үзье гэж бодож байгаа юм. Ингэж алдагдалтай бизнес хийгээд яах юм бэ. Хөрсөө ч амраая, хүнээ ч амраая. Яах юм бэ, хүнд муугаа үзүүлэн үзүүлэн, энэ улсуудыг гуйн гуйн тариа тарьж. Рапс тарьчихъя л даа. Өөр тарих юм зөндөө байна шүү дээ. Хэдэн овъёос тариад малчиддаа өгчихье л дөө. Заавал ч үгүй эд нартай ингэж зууралдах ямар хэрэг байна вэ гэсэн бодол байна. Миний сэтгэлийн гал их унтарч байгаа байхгүй юу. 30 жил энэний төлөө зүтгэчихээд, өнөөдөр улаанбуудайгаа борлуулж чадахгүй зогсч байна гэдэг том цохилт болж байгаа юм.
-Улсын өр зээл өсөөд байна уу гэхээс буурахгүй байна. Монголын амьдрал хэдийд өөдлөх бол?
-Их л хэцүү байна. Ерөөсөө ажил хийдэг хүнгүй болчихсон байна. Залуучууд бүгд компьютерийн ард, хямдаар амьдрах гэсэн бодолтой, ажиллах сонирхолгүй болчихож. Хуучин цагт бид хөдөлмөрлөж амьдардаг байсан бол одоо ширээний ард, бүгд дарга болох гэсэн, гоё амьдрал мөрөөдсөн хүмүүс. Зайлуул, ихэнх нь амьдралынхаа мөрийг хөөгөөд Солонгос явж байна. Энд яаж сарын 500 мянган төгрөгөөр амьдрах вэ. Улсын төсөв мөнгийг зарцуулж байгааг хар. Хулгай дээрэм замаа алдлаа шүү дээ. Нүүрс, алтны хулгай, одоо “Оюутолгой”-н хулгай л гэнэ. Бүгд хулгай. Том томоор нь “самардаад самардаад” хаячихвал энэ улс орон яаж хөгжиж, урагшлах юм бэ. Би гайхаад байдаг юм.
"МОНГОЛ УЛС БАЯЧУУДЫНХАА ШУНАЛЫГ ДАРЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЧРААС ХӨГЖИХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ҮНЭН"
-Юуг тэр вэ?
-Энэ улсууд хэдэн үеэрээ идэх мөнгөтэй болчихлоо шүү дээ. Тэгсэн мөртлөө шунаад, том том төслүүд, төсвийн мөнгөнд гар дүрээд. Ямар аймаар авдаг юм бэ. Хараад байхад, хамаа намаагүй, арван хэдэн салбар компани байгуулаад. Монгол Улс баячуудынхаа шуналыг дарж чадахгүй байгаа учраас хөгжихгүй байна гэдэг яг үнэн. Аль ч засгийн үед 200 гаруй өрх Монголыг самардаг. Чи гарвал би гарна гээд хоорондоо яриад, том том хулгай хийж байна. Тултал нь хулгай хийгээд, тултал нь цагдаа шүүхийг авлигадчихаж байна. Каст гээд яриад байна. Баян, хоосны ялгаа замаа алдсан. Дундаж давхаргын бараг 60, 70 хувь нь доошоо орчихлоо шүү дээ. Эдийн засгийн хямрал, covid-19-ийн үед ямар их хүн хямрав.
-Аж ахуйн нэгжүүд дампуурч, ажил орлогогүй иргэд хүндхэн жилүүдтэй нүүр тулж байна?
-Дөнгөж хорио тавигдангуут буцаад бодлогогүй шийдвэрүүд гарч байна. Улс орныг самарч байна. Өвчтэй хүмүүс, хорт хавдар их байна. Монгол Улс хорт хавдраараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Идэж ууж байгаа нь замаа алдлаа. Уул нь энэ сайхан байгальд, энэ сайхан нутагтай улсууд эрүүл саруул байж болно шүү дээ. Хятадаас орж ирж буй, химийн аргаар бордсон хүнсний ногоо хорт хавдрын эх үүсвэр болж байна. Сайхан монгол нутагт ургасан, монгол хөрсөнд тарьсан төмстэй, монгол нутагт бэлчиж байгаа малынхаа махыг идээд байхад эрүүл байх ёстой гэж боддог. Сүүлийн үед хүмүүс амттан их иддэг болж байна. Хоолыг хүртэл янз янзын амтлагчаар амталсаар байгаад ходоод, гэдэс нь хямраад, хавдраар өвчилж байна.
-Монголд хүнсний аюулгүй байдал аль хэдийнэ алдагдсан байх аа?
-Алдагдсан. Ирээдүй их л сонин болчихлоо. Би их сэтгэл дүүрэн, ерөөсөө хямардаггүй байсан. Сүүлийн хоёр жил маш их хямарч байна. Бизнесээ зардаг ч юм бил үү гэж бодож үзлээ. Хэдэн луйварчид нь аягүй бол одоо ОХУ-аас дахин импортын будаа оруулж ирнэ. Ингээд Монголынхоо тариаланчдыг “алаад”, Орос руу валют гаргаад байна. Энэ нь цаанаа ямар нэг бодлоготой байхыг үгүйсгэхгүй. Бод доо,
Монголын тариаланчдын будааг авахгүй Оросын будааг нийлүүлж байна. Энэ чинь Оросын нөлөөнд орсных. Дээр нь татварыг нь бүр тэглэсэн. Ерөөсөө Монголд шатахууны таван гэр бүл, гурилын таван гэр бүл гээд бизнесүүдийг хэдхэн айл хуваагаад авчихсан шүү дээ. Хамгийн ашигтайг нь атгачихсан. Энэ бүхэн маш том хямрал үүсгэнэ.
Тэмцэл болох вий та минь ээ, цус гарах вий дээ. Тэгвэл бүр аюул болно шүү. Буцаагаад барьж чадахгүй юм болох вий гэж би айдаг. Энэ их хорссон, энэ их ядарсан улсууд нэг босвол. Хүмүүсийн уур хилэнг цусаар дараад ч дийлэхгүй юм болох вий гэсэн бодол байдаг шүү. Би сүүлийн үед айдаг болж байна. Залуучуудтай энд тэнд уулзахад “үзэлцье” гэсэн залуус их байна. Залуучууд маш их хямарч байна. Тог цахилгааны мөнгө нэмэгдэж байна. Юмны үнэ өссөөр байна. Баячууд уг нь цөөхөн, 5 хувь хүрэх үү үгүйтэй. Маш их шуналтай, хэмжээ хязгааргүй цусалж байна.