Балетын урлагт "цойлсон" Жа багш

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Балетын урлагт "цойлсон" Жа багш

Балетын урлагт "цойлсон" Жа багш

Завхан аймгийн Тэлмэн сумаас Улаанбаатар хотод ирсэн 16 настай хүү тэр үеийн хөвгүүдийн мөрөөдөл болсон Офицерийн сургуульд элсэн оржээ. Өмссөн цэргийн дүрэмт хувцсаа харан харан сэтгэл хангалуун алхсан ч түүний ирээдүй жанжин тугийн дэргэд бус балет хэмээх агуу их урлагт "цойлсон" нэрт балетмейстер болно гэдгээ төсөөлөө ч үгүй биз.

Тэрээр сургуулиа төгсөөд Цэргийн ансамбельд шалгуулан бүжигчнээр ажиллаж, улмаар гадаадын урлагийн сургуулийн сонгон шалгаруулалтад тэнцсэн. Ингэснээр ГИТИС хэмээн алдаршсан Москва хот дахь Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуулийн балетмейстерийн ангид суралцахаар хилийн чанадыг зорьсон гурван залуугийн нэг байлаа.

"Миний амьдрал эцэс төгсгөлгүй балет юм" хэмээн өгүүлсэн энэ эрхэм бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, балетмейстер Б.Жамъяандагва.

Түүнийг их сургуулиа төгсч ирдэг жил 1962 онд Улсын хөгжимт драматик театрыг Дуурь, бүжгийн театр болгосон. Тэрээр театрынхаа тулгын чулууг тавилцсан, ХХ зууны Монголын сод авьяастнуудын нэг байв.

Тэрээр Оросын суут хөгжмийн зохиолч Римский Корсаковын "Шехеразада" балетын тавилтаар анхны гараагаа эхэлсэн байдаг. Дараа нь "Цэнхэр нүдэн бүсгүй", "Дон Кихот", "Ай ёо доктор", "Хунт нуур", "Спартак" балетаас гадна үндэсний "Хошуу наадам", "Нуурын домог", "Мөнхийн нөхөрлөл", "Найз залуу", "Анчин ба согоо", "Уран хас", "Чойжид дагина", "Мөнгөн залаа", "Хөгжмийн эгшиг", "Эрдэнэсийн уулс", "Энхийн тойрог", "Үйлийн гурван толгой", "Малчдын дуулал", "Бөртэ чоно" зэрэг балетуудыг тайзнаа тавьж, амилуулсан нэрт найруулагч билээ.

Өдгөө түүний 90 насны ойд зориулан Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, эргэн дурссан юм. Ингээд нэр балетмейстерийн тухай уран бүтээлчдийн дурсамжийг хүргэе.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Ц.Түвшинтөгс:

-Энэ жил нэрт балетмейстер Б.Жамъяандагва агсны маань 90 жилийн ой тохиож буй. Дэлхийн сонгодог урлагийг Монголдоо нутагшуулж, үндэснийхээ өв соёлтой хослуулан хөгжүүлэх ажлыг гардан зохион байгуулсан хүний нэг. Соёл урлагт 1960-аад онд төр засгаас анхаарал хандуулж, ЗХУ болон Ташкентад мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Тэр цаг үед 1962 онд Монгол Улсын хөгжимт драмын театрыг Улсын дуурь, бүжгийн театр болоход тухайн үеийн балетчдыг зангидаж, нэг анги болгосон. Тэр цагаас хойш дэлхийн сонгодог болон үндэсний балетын жүжгийг дэглэж, тайзнаа тавьсан. Энэ их хүний үйлсийг үргэлжлүүлэх үүднээс эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.

СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн тэргүүлэх профессор, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд:

-Надад 2006 онд Б.Жамъяандагва багш "Чойжид дагина" бүжгийн жүжгийн хөгжмийг бичих санал тавьсан юм. Тэр том хүн санал тавьж байхад нэг талаараа баярласан ч их эмээж байлаа. Жа багш маань юмыг их голж шилдэг, хатуу чанга, шаардлага өндөртэй хүн шүү дээ. Тиймээс залуу хүний хувьд сурах зүйл их гээд энэ авьяаслаг хүнтэй хамтарч ажиллахаар болсон. Тэгсэн миний бичсэн хөгжмийн зарим нь болж байна, зарим нь болохгүй байна гэлээ. Багшийн хувьд нэг бүтээл дээрээ ажилласан бол яг л тэрэндээ бүх цагаа зориулдаг хүн байсан. Өөр ажилд огт сатаардаггүй. Багшийн хувьд хөгжмийн зохиолчидтой ажиллахад драматург дээр голчлон ажилладаг онцлогтой.

Жа багш өөрөө "Чойжид дагина" бүжгийн жүжгийн зохиолоо биччихсэн байсан. Тэгээд намайг зогсоо зайгүй шаардаж, би нэг л их "өртэй" хүн болж хувирсан. Нэг талаасаа залуу хүн нэлээн шахаж шаардуулж байж, хөгжмөө бичиж, их зүйл сурсан даа. Сүүлд хөгжмийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдог гуайтай хамтран бичиж, бүтээл төрсөн юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж