Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Эрх баригчдыг шагная

Эрх баригчдыг шагная

ТӨР ДАНХАЙВ

Зургаан жилийн хугацаанд төсөв гурав дахин өсөв. Ам.доллар ч талийв. Араас нь гүйсэн бидний амьдрал бахь байдагтаа. Цуцаж уналаа. Сахилга бат, хариуцлага, хэмнэлт, нийтийн эрх ашиг гэх үгсээр сайрхсан эрх баригчдын ам ажил хоёр алд дэлэм зөрсөөр. Сонгуулийн өмнөх жилийн/2023 оны/ төсвийн орлого 19 их наяд 49.6 тэрбум төгрөг байх бол зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг байхаар батлав. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “127,6 тэрбум төгрөгөөр зарлагыг бууруулсан” гэж нохойтов… Хасаад хасаад 1,4 тэрбум төгрөгийн алдагдалтай гэхээр гомдмоор.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг огцом бууруулж 2020 онд 4.4 их наяд төгрөг, 2021 онд 2.9 их наяд төгрөг, 2022 онд 2.4 их наяд төгрөг байсан төсвийн алдагдлыг 2023 онд даруй 1 их наяд төгрөгөөр огцом бууруулж, 1.4 их наяд төгрөг байхаар баталлаа.

Сангийн сайд төсвийн зарлагыг ДНБ-ий 37.6 хувьтай тэнцэнэ гээд сүйд. Дөрвөн аргын тоо мэдэх хэн бүхэн Монголын ДНБ 55 их наяд 86,3 тэрбум төгрөгт хүрчээ гэдгийг ойлгов. Гэхдээ энэ яг бодит тоо мөн үү? Өнгөрсөн жил үүнээс даруй 12 их наядаар бага буюу 43,6 их наяд гэх тоог статистикийнхан гаргасан байх. Жилийн дотор 12 их наядаар ДНБ-ийг өсгөсөн хүнийг одоо тодруулж шагнамаар. Тэд жил ирэх тусам төсвөө данхайлгаж, төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийг хавчиж, бүр дээрэмдсээр өдийг хүрсэн төдийгүй өнгөрсөн оныхоос хоёр их наядаар хэтрүүлсэн зарлагаа “хэмнэлт” гэж доромжилж сууна. УИХ дахь сөрөг хүчнээ ч татвар төлөгчдийн мөнгөөр худалдаад авчихсан нь илт. Ш.Адьшаа мэтийн гишүүд идэх гээд эрхийгээ, долоох гээд долоовроо идэх нь холгүй шившиглэсэн. Татвар төлөгчдийн мөнгөнөөс 20 их наядын зарлага гаргуулахаар баталсан төсвийнхөө найрыг өнгөрсөн амралтын өдрүүдэд нижгэр хийсэн эрх баригчид шартсан бололтой. Төсвийнхөө задаргааг Даваа гаригт дэлгэрэнгүй танилцуулна гэсэн Сангийн сайд таг.

Тэгвэл өнгөрсөн онуудын төсвийг эргэн харцгаая.

Төсвийн алдагдал тэрбумаар хэмжигддэг байсан бол өдгөө их наядаар хэмжигдэж, хэмнэлт нь тэрбумаар тооцогдох болов. Алагдлаа их наядаар нь нэмээд, хэмнэлтээ тэрбумаар хасахад өнөө маргаашийн талхаа бодож, өлдсөн яваа “улныхан” мэдэхгүй гэж сэтгэдэг бололтой.

Төсөв данхайгаад, төр улам бүр нүсэр бүтэцтэй болсон ч түүнийг дагаад хөгжил ирсэнгүй. Сахил хүртээд шал дордов гэгчээр улам “ул” руугаа уруудсаар… Гэтэл төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмж, төрийн үйлчилгээний байгууллагуудад нэмэлт орлого олох эрхийг нээж өглөө. Уул уурхайг эс тооцвол үйлчилгээ, худалдааны бүтэцтэй бизнесийнхэнтэйгээ төр нь өрсөлдөх нь.

БИЗНЕС ДАВЖААРАВ 

Гэтэл бизнесийнхэн улам бүр давжаарсаар байна. Бизнес итгэлийн индексээр бизнесийн орчин 2020 оноос муудсан гэж бизнес эрхлэгчид үзжээ. МҮХАҮТ-ын гаргасан Хүнд суртлын индексийг харвал төр данхайхын хэрээр бизнесийнхэнд ямар гай болж буйг ядах юмгүй хэлээд өгнө. Монголын төр үйлчилгээ үзүүлэхдээ гөлөг төөрүүлэх дайны юм болдгийг судалгаа харуулаад өгчээ.

Хүнд сурталын индексээр, төрийн албан хаагч, баримт бичиг, хугацаатай холбогдох үнэлгээ хамгийн мууг зааж буй агаад эдгээр үзүүлэлтүүдтэй холбогдох хүндрэл, хүнд суртал илүү нэмэгджээ. Бизнес эрхлэгчид төрийн нэг үйлчилгээ авахдаа дунджаар 6 баримт бичиг цуглуулж, 3 албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргаж байна. Харин нийт судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 45 хувь нь төрөөс үйлчилгээ авахдаа албан бус зардал гаргасан ба түүндээ дунджаар 219 мянган төгрөг төлсөн байна. Ийм байхад авлигын индексээрээ 30 байр ухарч 105-д бичигдэх нь зүйн хэрэг.

Дөжирсөн төр цайна гэгч болсны илрэл нь хяналт шалгалт нэрээр цагдахдаа өөрсдөө хууль, журмаа зөрчсөн гэж 94 аж ахуйн нэгж үзсэнээс 3 байгууллага тутмын нэг нь гомдол гаргахад ердөө 8 нь зохих журмын дагуу шийдвэрлэгджээ. Төрийн ямар нэгэн зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээ хамгийн бага үнэлгээтэй байгаа нь тэд яаж иргэдийг чирэгдүүлж байгааг харуулаад өгнө. Гэтэл цахим засаглалд шилжлээ. Тусгай зөвшөөрлийг цахимаар авах боломжтой боллоо. Тэр бүү хэл, энэ оны эхнээс эхлээд "хүссэн бүхнээ зөвшөөрөлгүй хий" гэж хүртэл тэд шоуддаг. Харин бодит байдал дээр төр данхайж, хүнд суртал бий болгогчид олширч, давхар дээлээ хүртэл нэмнээд авсан.

Тэд өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд төрийн нэрийг барьж, хүний эрхийг уландаа гишгэлж байна. Тэдний эрх ашгийг хамгаалахын тулд бид төрийн төлөө зүтгэдэг болчихлоо.

КОНЦЕРТ ДУУСАХЫН ӨМНӨ ШАГНАЯ

Асуудлыг цэгцэлье, завхралыг засъя гэвэл Ерөнхийлөгч төсөвт хориг тавих ганцхан гаргалгаа бий. Гэхдээ юу л бол… Нэгэнтэй энэ бүхэн зөв бол өмнөх жишгийг давтъя. Урьд өмнө хулгайчдаа шилийн сайн эрд өргөмжилдөг асан монголчууд луйварчдаа “баатар” болгодог болсон. Энэ жишгээр “хэмнэлт” гэж донгосож байгаад 20 их наядаар зарлагаа хэтрүүлсэн төсөв зохиогчдод зохисон шагналыг нь олгоё. Угаасаа Монгол дампуурлаа. Хэнээс юугаа харамлах вэ? “Чингисийн одон”-г хэнд өгөх вэ гэж хэрэлдэхийн оронд Хэнтийн харвардчиндаа өгье. Гай нь гавьяа болдог цаг ирсэн бол шагная. Сангийн сайддаа "Сүхбаатарын одон"-гоо өгчих. Төрийн хатан эрдэнэ цолоо эмэгтэйчүүддээ, “ноён эрдэнэ” гэж нэхэж хийгээд “ноходдоо” олгочих. Хэн нь ямар оролцоотойг улны монголчууд харцгааг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж