Орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр талаар болов

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр талаар болов

Орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр талаар болов

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт агаарын тээврийн компаниудтай хамтарч өнгөрсөн аравдугаар сард мэдээлэл хийсэн. Тухайн үед цаашид агаарын тээврийн либералчлалд анхаарч, олон чиглэлд хямд үнээр тав тухтай нисэхэд анхаарч ажиллахаар болсон. Мөн орон нутгийн нислэгийн тоог нэмж, тийзийн үнийг хямдруулна гэж онцолж байв. Ингэхдээ онгоцны шатахууны үнийг хямдруулах зорилготой бөгөөд онгоцны билет өндөр байгаа нь шатахуунтай холбоотойг хэлсэн.

Үүний дараагаар дотоодын нислэг хийж буй цөөн авиа компани зарим аймаг руу нисэх тийзийн үнийг 150-200 мянган төгрөгөөр хямдруулсан. Гэхдээ билетийн үнийг хямдруулсан ч 576-880 мянган төгрөгийн үнэтэй, зарим авиа компани Увс, Баян-Өлгийн нислэгээ цуцалсан байна.

Учир нь тус чиглэлд тийзийн үнэ өндрөөс гадна улирлын чанартай зорчигчийн тоо бага байдаг аж. Нэг талдаа нисэх үнэ ийн өндөр байдаг нь Монголын агаарын тээврийн компаниуд дэлхийн зах зээлийн үнээс 500 гаруй ам.доллараар өндөр үнэтэй шатахуун авч нисдэгтэй холбоотой. Тиймээс Засгийн газар үүнд анхаарч ажиллана гэсэн ч нэг сарын хугацаанд бодит биеллээ олсон зүйл ховор.

“Эрчис Ойл” компанийн зардлын 40 гаруй хувийг шатахууны зардал эзэлдэг. Үүнийг бууруулж чадвал билетийн үнэ 8-10 хувиар буурах боломжтойг С.Бямбацогт сайд онцолсон. Гэхдээ хил гааль, улс хоорондын тээвэрлэлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж одоог хүртэл онгоцны шатахууны зардлын үнийг бууруулаагүй байна.

Мөн авто тээвэр, нийтийн тээврийн автобусууд, төмөр замаар зорчигчид нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) төлдөггүй бол дотоодын нислэгийн компаниуд НӨАТ төлдөг. Үүнийг ижил зохицуулалттай болгохоос гадна орон нутгийн нислэгийг сэргээх үүднээс татаас олгоно гэж ЗТХЯ болон ИНЕГ мэдэгдсэн. Тухайлбал, 2012 онд дотоодод 10 гаруй чиглэлд нисдэг байсан бол одоо хоёрхон чиглэлд нисдэг болсон. Өөрөөр хэлбэл, Ховд, Баян-Өлгий аймгийн чиглэлд байнгын нислэгтэй байна. Гэвч энэхүү чиглэлийн тийзийн үнэ хэт өндөр болохыг иргэд цахим хуудаст бичиж буй.

Өнөөдрийн байдлаар агаарын тээвэрлэгч 11 авиа компаниас "Хүннү Эйр", "Аэро Монголиа" зэрэг компани орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж байна. Эдгээр компанийн нислэгийн тухайд Баян-Өлгий чиглэлд 724-880, Ховд чиглэлд 576-826 мянга, дунджаар 600 төгрөгийн үнэтэй нисч байгаа юм.

Мөн долоо хоногт тогтмол 1-2 удаагийн төлөвлөгөөт нислэгтэй. Хэдийгээр өнгөрсөн есдүгээр сард тийзийн үнийг 150-200 мянгаар хямдруулсан ч зорчигч цөөн байгаа тул үнээ нэмж магадгүйг хэлж байлаа.

ДОТООДЫН АЯЛАГЧ, ГАДААДЫН ЖУУЛЧИД Ч ТИЙЗ ҮНЭТЭЙ БАЙГААГ ХЭЛЖ БАЙНА

Ирэх жилүүдэд орон нутгийн нислэгт дэмжлэг үзүүлж, зорчигчдыг 50 хувийн хөнгөлөлттэй нисгэхэд төвлөрч ажиллахаа салбар яамнаас мэдэгдсэн. Энэ хүрээнд авиа компаниуд арилжааны банкуудаас зээл авахад долоон хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, авсан зээлийнх нь 7 хувийг төр хариуцахаар болж байна. Гэвч бодит дэмжлэг нь шатахууны үнийн хөнгөлөлт, НӨАТ-аас чөлөөлөх. Тэгж байж дотоодын нислэгийн тоо ихэсч, тийзийн үнэ дагаад буурна. Зорчигчдын тоо ч сэргэх боломжтой. Угтаа Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал уул уурхайн бус салбараар эдийн засгаа сэргээнэ. Харамсалтай нь, гадаадын аялагчдыг горилж суусаар байтал дотоодын аялагчдаа гадагш алдаж дуусах нь. Учир нь орон нутгийн нислэгийн энгийн суудлын тийз нэг талдаа 650-980 мянган төгрөг байгаа бол хоёр талдаа 1.3-2.1 сая төгрөгийн ханштай. Энэ нь дэлхийн дунджаас гурав дахин өндөр өртөг учраас монголчууд орон нутаг руу бус гадаад руу явахыг илүүд үзэж байна.

Энэ зуны статистикаас харахад, дотоодод аялсан хүмүүсээс илүү гаднын орныг зорьж буй тоо улирлаас хамаарч 3-5 дахин өндөр байна.

Одоогийн байдлаар агаарын тээврийн дотоодын авиа компаниуд Ховд, Баян-Өлгий чиглэлд л нислэг үйлдэж байна. Эдгээр гурван чиглэл зорчигч ихтэй учраас хуваарийг хасаагүй үргэлжлүүлнэ. Харин Увс болон зарим аймаг руу суудлын тоо бүрдэхгүй гэх шалтгаанаар өнгөрсөн тавдугаар сараас нислэг үйлдэхгүйгээ мэдэгдсэн. Иргэдийн хувьд цар тахлын хугацаанд хоёр жил аялаагүй учраас дотооддоо аялах сонирхол өндөр. Тэр дундаа зун, намрын үеэр иргэд ээлжийн амралтаа авч, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт цогцолбор газруудыг үзэж сонирхох хүсэлтэй байдаг. Мөн аяллын компаниуд ч жуулчдад зориулсан хөтөлбөртөө орон нутгийн нислэг тусгахыг илүүд үздэг. Харамсалтай нь, тийз өндөр үнэтэй байгааг гадаадын гэлтгүй дотоодын аялагч нар ч шүүмжилж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Дэлхийн бусад улс оронд дотоодын нислэг харьцангуй хямд байдаг. Тухайлбал, олон улсад дотоодын нислэгийн дундаж үнэ цаг нь 30-35 ам.доллар бол Монголд 90-100 ам.доллар.

Ганцхан цагийн төлбөрөөс харахад зөрүү их байгаа нь ажиглагдаж буй юм. Тиймээс монголчууд 21 аймаг руу явахаас илүүтэй ойролцоох улсын нислэгийн тийз урьдчилж захиалж, тухайн улс орноос дамжин нислэг хийхийг чухалчлах болжээ.

ОНГОЦНЫ ШАТАХУУНЫГ Л ХЯМДРУУЛБАЛ ТИЙЗИЙН ҮНЭ БУУРАХ БОЛОМЖТОЙ

Монголд үзүүштэй, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутаг их бий. Гэм нь аялал жуулчлалын компаниуд дотоодын аялагчдад зориулж хөтөлбөр гаргадаг ч агаарын тээврийн авиа компаниуд няцаадаг. Үүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам анхаарал хандуулахаа мэдэгдсэн ч одоог хүртэл дорвитой шийд гараагүй хэвээр л байна. Өнгөрсөн гуравдугаар сард салбарын сайд Б.Бат-Эрдэнэ дотоодын агаарын тээврийн компаниудын төлөөлөлтэй уулзалт хийж, салбарын өнөөгийн бодит нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын стратеги төлөвлөгөө зэрэг сэдвийн хүрээнд санал солилцсон. Тухайн үед агаарын тээврийн компаниуд онгоцны шатахууны үнэ тариф өндөр байгаа учраас зорчигчгүй чиглэлд нислэг үйлдэх боломжгүйг илэрхийлсэн юм.

Хэрэв дотоодын нислэгийн үнийг хямдруулж, аялагчдын тоог нэмэх боломжийг эрэлхийлж байгаа бол онгоцны шатахууны үнийг хямдруулах хэрэгтэй.

Тарифын үнийн дүнгийн тал хувь нь шатахуунын үнээс хамааралтай болохыг агаарын тээвэрлэгч компаниуд тайлбарласан. Иймд суудал бүрдэхгүй аймгууд руу нисдэг тэрэг болон бага оврын онгоцыг дэмжих бодлого ч Монголд дутагдалтай байгаа юм.

НЭГ САРЫН ДУНДАЖ ЦАЛИНГААР ОРОН НУТАГ РУУ НЭГ ЦАГ НИСНЭ

Өнөөдрийн байдлаар агаарын тээвэрлэгч 11 авиа компаниас тоотой хэд нь орон нутгийн чиглэлд нислэг хийж байна.

Эдгээр аж ахуйн нэгжүүдийн дотоодын нислэгийн дундаж үнэ:

  • Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлд 724-880 мянган төгрөг
  • Улаанбаатар-Ховд чиглэлд 574-827 мянган төгрөг
  • Улаанбаатар-Улиастай чиглэлд 350-470 мянган төгрөг байна.

Дээрх үнээр иргэд 50-120 минут ниснэ. Зорьсон газартаа очиход цаг хэмнэх сонголт хэдий ч дотоодын аялагчдын хувьд энэ нь сарын дундаж цалинтай нь тэнцэх дүн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 550 мянган төгрөг авдаг хүн дээрх нислэгийн тийзийг хэзээ ч авч чадахгүй. Дотооддоо аялах иргэдийн тоо буурч буй гол шалтгаан нь тийзийн үнэ юм.

Асуудлыг шийдвэрлэх арга зам хайхгүй байгаа авиа компаниудад буруу бий ч аялал жуулчлал хариуцах нэгжүүд, салбар яам нь ажилдаа хайнга хандаж байгааг иргэд шүүмжилж буй юм. Тиймээс улс хоорондын нислэг биш юм аа гэхэд дотоодын нислэгийн тийзийн үнэд анхаарч, амласан бол биелүүлдэг байхыг иргэд шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж