Путингүй “Их-20”-ийн уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Путингүй “Их-20”-ийн уулзалт эхэллээ

Путингүй “Их-20”-ийн уулзалт эхэллээ

Дэлхийн томоохон эдийн засагтай гүрнүүд буюу “Их-20”-ийн удирдагчид Индонезийн Бали аралд өнөөдөр, маргааш хоёр өдөр хуран чуулж байна. “Их-20”-ийн бүлэгт Европын холбоо болон бусад 19 улс багтдаг. Эдгээр улс нь дэлхийн хүн амын бараг 60 хувийг, дэлхийн эдийн засгийн бүтээгдэхүүний 85 хувийг, худалдааны 75 хувийг бүрдүүлдэг.

Тус бүлэгт 2020 оны байдлаар Аргентин, Австрали, Бразил, Канад, Хятад, Франц, Герман, Энэтхэг, Индонези, Итали, Өмнөд Солонгос, Япон, Мексик, Орос, Саудын Араб, Өмнөд Африк, Турк, Их Британи, АНУ, Европын холбоо гэсэн 20 гишүүн багтаж байна.

Уулзалтаар Орос, Украины дайн болон түүнийг дагасан дэлхийн эдийн засгийн уналт, цаг уурын өөрчлөлт, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, Хятадын өсөн нэмэгдэж буй амбиц зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэнэ. Зохион байгуулагч орон Индонезийн хувьд цар тахлын дараа эдийн засгаа сэргээх, тогтвортой эрчим хүч зэрэгт чиглэсэн хөтөлбөрөө танилцуулна. Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн удирдагчид анх удаа томоохон хэмжээний цугларалт хийж буй нь энэ юм.

Энэ жилийн “Их-20”-ийн уулзалтын уриа үг нь “Хамтдаа сэргэе, Илүү хүчтэй сэргэе” юм.

ЧИХ ТАВИХ ГОЛ УУЛЗАЛТУУД

Энэ удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохгүйгээ мэдэгдсэн. Гэхдээ улсаа төлөөлж Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцоно. Путин яагаад уулзалтад оролцохгүй шалтгааныг улс төр судлаач Сергей Марков тайлбарласан. Нэгдүгээрт, АНУ, Их Британи, Украины тусгай албадаас Путины амь насанд халдах оролдлого хийх магадлал өндөр байна гэж тэр үзсэн. Хоёрдугаарт, Путины нэр хүндийг унагаж, тохуурхах магадлалтай. Гуравдугаарт, тэд Путинд дарамт шахалт үзүүлж, бууж өгөхийг шаардах болно гэж Марков хэлжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жиньпин нарын уулзалтаар юу яригдах нь олон улсын анхаарлыг татаж буй.

Тэд “Их-20”-ийн шугамаар бус, тусдаа нүүр тулж, анх удаа уулзах юм. Хоёр улсын харилцаанд өрсөлдөөн, зэрэгцэн орших боломж олгодог улаан шугам тогтоохыг хичээнэ гэж Жо Байден мэдэгдсэн. Жо Байден нэгдүгээрт, Хятадыг Тайваньд довтлохгүй байхыг сэрэмжлүүлнэ. Хоёрдугаарт, Пёньян сүүлийн үед цөмийн туршилтаа хийж магадгүй гэсэн түгшүүр төрүүлээд буй тул холбоотноо ятгахыг Хятадаас хүснэ гэж албаны хүмүүс мэдэгдэв.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ “Байден Хятадын удирдагчтай шулуун шударга ярилцана. Хариуд нь ч мөн адил зүйлийг хүлээж байна.

Эдгээр хүсэлтийг Ши Жиньпин тийм амар хүлээж авахгүй л болов уу. Тэрбээр Хятадын хамгийн хүчирхэг удирдагч гэдгээ бататгаж, гурав дахь удаагаа албан тушаалдаа сонгогдоод байна.

Их Британийн шинэхэн Ерөнхий сайд Риши Сунак ч бас уулзалтад оролцохоор Балид иржээ. “Их-20”-ийн чуулга уулзалт түүний хувьд анхны томоохон дипломат шалгалт болох юм. Тэр Орос, Украины дайнд онцгойлон анхаарал хандуулж, Киевийг дэмжиж буйгаа илэрхийлэх төлөвтэй байна. Сунак Бямба гаригт мэдэгдэл хийхдээ Путины дэглэмд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн.

Умард Ирландын протоколын хэлэлцээрийг тохиролцох шахалтыг АНУ-ын дипломатууд эрчимжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Жо Байден, Риши Сунак нар анх удаа уулзана. Умард Ирландын протокол буюу “Good Friday” гэрээг 1998 онд үзэглэсэн. Энэ нь 1960-аад оноос хойш Хойд Ирландад өрнөж байсан улс төрийн мөргөлдөөний ихэнх хүчирхийллийг зогсоосон хос гэрээ юм. “Good Friday” гэрээний 25 жилийн ойг тохиолдуулан Байден энэ онд Умард Ирландад айлчлахаа мэдэгджээ.

Риши Сунакийн дараагийн чухал уулзалт бол Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салмантай хийх ганцаарчилсан уулзалт юм.

Анхаарал татсан төлөөлөгчдөөс гадна Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл, Германы канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган зэрэг удирдагч оролцоно. Бразилын ерөнхийлөгчийн албан тушаалаа өгч буй Жаир Болсонаро оролцохгүй. Европын холбоог төлөөлж комиссын дарга Урсула фон дер Лейен оролцохоор болжээ.

Энэ жил “Их-20” уламжлалт гэр бүлийн зургаа авхуулах уу? ОХУ дээд хэмжээний уулзалтад оролцохтой холбоотой таагүй байдал үүсээд буй тул дэлхийн удирдагчид энэ жил уламжлалт гэр бүлийн зургаа авхуулахгүй гэж “The Guardian” хуудас онцолжээ.

ИНДОНЕЗИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НАЙДЛАГА

Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Индонези улсын Ерөнхийлөгч Жоко Видодогийн дэвшүүлэх гол асуудал бол хүнсний аюулгүй байдал юм. Орос, Украины дайн Индонезийн 275 сая хүн амд шууд нөлөөлж буй үнийн өсөлттэй шууд хамааралтай гэж тэр үзэж байна. Тэрбээр энэ дайныг эелдэгээр “толгойн өвчин” гэж нэрийдээд буй. “Их-20”-ийн уулзалтыг амдаж Жоко Видодо Орос, Украин болон бусад оронд айлчилсан. Айлчлалынхаа үеэр тэр дэлхийн удирдагчдыг “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьсан.

Видодо “Путин, Зеленский нар хэлэлцээрийн ширээний ард суувал үнэхээр сайхан байна. Бидэнд тулгамдаж буй бүх асуудал тэднээс хамаарна” гэж хэлжээ.

Түүнчлэн Жоко Видодо уулзалтын эцсийн дүнд Индонезийн эдийн засгийн өвийг хадгалж, хөгжүүлэх хүсэлтэй байна. Тэрбээр “2045 онд бид Индонезийн алтан эрин үеийг бодитоор хэрэгжүүлэхийг хүсч байна. Бид 2030 он гэхэд Индонезийг дэлхийн долоо дахь том эдийн засаг болно гэж найдаж байна. Индонезийн ирээдүй дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлаас шалтгаална” гэж хэлэв.

Эх сурвалж: THE GUARDIAN, DAILY MAIL, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж