Ардчилсан намын ӨЛСГӨЛӨН ТОГЛООМ

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын ӨЛСГӨЛӨН ТОГЛООМ

Ардчилсан намын ӨЛСГӨЛӨН ТОГЛООМ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 6-нд Ардчилсан нам “төрсөн өдөр”-өө тэмдэглэдэг байлаа. Атал өнгөрсөн жилээс эхлээд энэ өдрийг эрх баригч МАН өмчлөх, өөриймсөх болжээ. Ингээд Ардчилсан нам малгай тавих толгойгүй, толгой тавих оронгүй, тойрч нэгдэх үзэл баримтлалгүй, тэр ч бүү хэл тэмдэглэлт өдөргүй хоцорч байна.

Өнгөрсөн хугацаанд тэд хэрүүл, талцлынхаа алдааг хэн нэгнээс, гаднаас хайж ирсэн. Энэ бүгд МАН-аас боллоо гэж АН-ынхан матрын нулимс унагаж ханалаа. Иргэд тэдний хэрүүл, зодооноос залхаж дууслаа. Үндсэндээ Ардчилсан намыг ангал руу түлхсэн нь магад тэд мөн боловч ангалаас аврахаар гараа сунгасан нь хэд билээ, хэн билээ.

2016 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон цагаасаа Ардчилсан нам нар үзсэнгүй, намагтаа улам шигдсээр байгаа билээ. Өөр хоорондоо үргэлж тэмцэлдсээр ирсэн тэднийг өнөөдөр эвлэрнэ, нэгдэнэ гэхэд итгэх тэнэг ч олдохгүй болсон. С.Эрдэнэ, Женко хоёроос болж Ардчилсан нам Монголын улс төрийн тавцангаас арчигдаж байгаа мэт харагдавч цаанаа энэ бүхэн З.Энхболдоос, түүний хутгуураас болсон. С.Эрдэнэ ч жилийн өмнө энэ тухай мэдээлж байсан билээ. Гэтэл сүүлийн өдрүүдэд З.Энхболд олон нийтийн сүлжээнд гэнэт идэвхжиж, хэвлэлээр улс төржих болсон нь цаанаа мөн учир шалтгаантай байж таарна.

 1.

Энэ сарын эхээр С.Эрдэнэ, Х.Баттулга нар хоёр талаасаа тав, таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хамтарч ажиллахаар болсон гэх мэдээлэл цацагдсан. С.Эрдэнэ энэхүү мэдээллийн араас өөрийнхөө нүүр номоор “Х.Баттулга болон түүнийг тойрон хүрээлж байдаг бүлэглэлтэй ямар нэгэн хэлэлцээрт ороогүй. Ойрын үед ийм зүйл болохгүй” гэсэн тайлбар, няцаалт хийсэн.  Энэ нь үнэн байх, С.Эрдэнэ Х.Баттулга хоёрт уулзах улаан нүүр үлдэхээргүй л өнгөрсөн хугацаанд хэн хэнийгээ хэмлэсэн. Тэгэхээр С.Эрдэнийн үг, улс төрийн хүрээнд сонсогдож буй ховноос харахад С.Эрдэнэ Женкотой биш З.Энхболдтой гар барьсан хэрэг.

З.Энхболд, С.Эрдэнэ хоёр нэг хүн шиг нэг фракцийн дор нэгдэж явсан, С.Эрдэнийг жижиг биетэй З.Энхболд гэж харж, дүгнэх үе байлаа. Гэвч үүрдийн нөхөр дайсан үгүйн жишгээр тэд Ардчилсан намын тамга, тэмдгээс болж зам салсан, нөхөрлөл дууссан.

Өнгөрсөн хавар үүнээс  болж муудалцахдаа З.Энхболд "Х.Баттулгад өгч буй АН-ын тамга 2000 онд байгуулагдахад миний захиалж хийлгэсэн ориг тамга болохыг баталж байна" гэсний хариуд С.Эрдэнэ "З.Энхболд гэж Төрийн ордны тайган байсан урвагч тамга хийлгэнэ ч гэж юу байх вэ?!! АН-ыг самарсан, ардчиллын ар нуруунд хутга шаасан Жонхуу, Зика гэж 2 новштой Монголын түүх хариуцлага тооцох цаг ирнэ дээ, тун удахгүй" гэж бухимдаж байсан нь бас “баримт” юм.

С.Эрдэнийн талынхантай “хэлэлцээр”-т орж буй залуус голдуу З.Энхболдын угшилтай. И.Мөнхжаргал, О.Батханд, Т.Батцогт нар З.Энхболдын хүмүүс. Тэгвэл С.Эрдэнийн дэргэд шадарлаж буй Г.Баярсайхан, Д.Ганхуяг нар З.Энхболдтой ч муугүй харилцаатай. Энэ утгаараа “Шонхор” фракци эргээд нэгдэж байх магадал туйлын өндөр. З.Энхболд намынхаа тамгыг С.Эрдэнэд, С.Эрдэнэ нь Ц.Туваанд гардуулсан нь үнэн хэрэгтэй “Шонхор” фракциасаа намын тамгыг, АН-ын эрх мэдлийг салгахгүй гэснийх.

2.

Х.Баттулга, З.Энхболд хоёрын зам салсан байх магадлал тун өндөр. Нэн ялангуяа Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгоно гэсэн заалтыг дагаж мөрдөх хугацааг 2021 он болгож наашлуулсан гол буруутнаар З.Энхболд тодорсон. Энэхүү заалтаас бол Х.Баттулгын дахин Ерөнхийлөгч болох хүсэл нь Үндсэн хуулиар хязгаарлагдсан юм. Намтартаа “Төрийн их тайган” гэж хочтой болсон түүнийг УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнөхөн Х.Баттулга гэнэтхэн л дэргэдээсээ явуулсны шалтгаан энэ ч байж болох. Ямар ч байсан УИХ-ын 2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт өвдөг шороодсон тэрбээр анир гүмхэн байсан бол саяхнаас ам хэл орсон нь нүүрсний гэх бүлэглэлийн хэргийг мөрдөн, шалгаж эхэлсэнтэй холбоотой байх. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ, З.Энхболд хоёрыг зовлон нь нэгтгэсэн ч байж болно. Харамсалтай нь, тэдний “үерхэл” Монголын ардчилалд, Ардчилсан намд сайныг авчрахгүй нь ойлгомжтой.

З.Энхболдын улс төрийн хамгийн том өрсөлдөгч нь С.Баярцогт байсан. Иймээс цусаа гартал зодолдсон С.Эрдэнэтэйгээ тосоо гартал тэврэлдэх шалтгаан нь С.Баярцогтод АН-ыг алдахаас айсных.

3.

С.Эрдэнэ АН-даа таван жилийн өмнөх М.Энхболд шиг адлагдаж байна. Тэр хэдийгээр АН-ыг Х.Баттулгад, Оросын гарт алдаагүй гавьяатай ч АН-ыг шавар шавхайтай нь хутгаж, дараалсан сонгуулийн ялагдалд хүргэсэн буруутай. Ийм учраас С.Эрдэнэ Ардчилсан намд алхаж орох нүүртэй үлдэхийн тулд өнөөдөр Ардчилсан намаас ашиг сонирхлоо татаж авах хэрэгтэй.

Улс төрийн намыг удирдана гэдэг фракцийн хэмжээнд ажиллаж болдоггүй, лидер хүн бусадтай хэрэлдэхээс илүү хэлэлцэх, эсрэгцэхээс илүү эвлэрэх шаардлагатайг С.Эрдэнийн АН-аас том сургамж болж үлдэж байна. Тэр тусмаа засгийн эрхийг барьж явсан том намын дарга жижиг омгийн ахлагчийн хэмжээнд түүхэнд үлдэх нь харамсалтай л юм. Хүссэн ч, эс хүссэн нь Ардчилсан намыг ядарсан, тарсан, талцсан он цаг С.Эрдэнэтэй хамт бичигдэх нь гарцаагүй.

4.

С.Эрдэнэ үнэнийг, бодит байдлыг ойлгож, олж харах чадваргүй болчихоогүй бол С.Эрдэнэтэй АН хоёр жилийн дараах 2024 оны сонгуульд оролцох юм бол дахин гудамжинд гарна. Муу амалж байгаа юм биш, үүнийг захын чавганц таамаглаж байгаа.

Хэрэвзээ, Ардчилсан нам дараалсан гурван удаагийн сонгуульд ялагдах аваас Монголын ардчилалд бодит аюул бий болно, хүссэн ч эс хүссэн ч. Нэг нам гурван сонгуульд дараалан ялалт байгуулах амжилт биш айдас юм. АН, МАН аль нь ч байлаа гэсэн улс төрийн өрсөлдөгчгүйгээр тайзыг эзэгнэнэ гэдэг дарангуйлал тогтохын эхлэл юм. Өнөөдрийн АН-ын хувьд бул хар чулуу нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга биш, С.Эрдэнэ болж харагдаж байна. С.Эрдэнэ АН-д, Монголын ардчилалд жинхэнээсээ хайртай юм бол эвлэрч, нэгдэхэд нь гай болох биш зай тавьж туслах ёстой. АН-д болж буй үйл явдлыг товч дүгнэхэд яг "Өсгөлөн тоглоом" шиг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж