Оросын цэргүүд өнгөрсөн долоо хоногт Украины Херсон хотоос ухарсан. Тэгвэл мөрдөн байцаагчид Херсон дахь 400 гаруй дайны гэмт хэргийг баримтжуулж байна. Маш олон энгийн иргэн болон цэргийн алба хаагчийн цогцосыг олсон гэж ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2022.11.13/ мэдэгдэв.
Дайн эхэлснээс хойш Украин даяар хэд хэдэн газар хүмүүсийг олноор нь булшилсан байхыг олсон. Харьков муж болон Бучагийн аллага үүнд багтана.
Оросын арми цэргүүдэд болон Днепр мөрний баруун эрэг дагуух эзлэгдсэн суурин газруудад хохирол учруулсаар байгааг Украины Зэвсэгт хүчний өмнөд хэсгийн командлагч өнөөдөр /2022.11.14/ мэдэгдсэн. Тиймээс эрх баригчид тус бүс нутагт оройн 17:00 цагаас өглөөний 08:00 хүртэл хөл хорио тогтоогоод буй аж. “Дайсан бүх чухал дэд бүтцийг эзэлсэн. Бид хэд хоногийн дотор хотыг нээхийг хичээж байна” гэж Херсон мужийн захирагч Ярослав Янушевич хэллээ.
Түүнчлэн Херсонд мина устгах ажиллагаа явуулах гэж буй тул иргэдийг хотын төвөөс хол байхыг уриалаад байна. Бүс нутагт байдал аюултай хэвээрээ байгаа гэдгийг ерөнхийлөгч Зеленский иргэдэд санууллаа.
Орос цэргүүд Херсон мужаас гэнэт гараад явчихаагүй, 14 хоногийн турш аажмаар цэргээ татсан гэж оршин суугчид мэдээлж буй. Одоогоор Днепр мөрний дагуух 179 суурин, 4500 км/кв талбайг Украины арми эргүүлэн аваад байна. Украины зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлснээр, Донецк, Луганск мужуудад ширүүн тулаан болж байгаа аж. Тодруулбал, сүүлийн 24 цагийн дотор Оросын арми дэд бүтэц, иргэдийн орон сууц руу дөрвөн удаа пуужингийн цохилт, 13 удаа агаарын цохилт өгчээ. Мөн пуужин буудах системээс 60 орчим удаа довтолсон байна. Үүний хариуд Украины арми Оросын байрлал руу 16 удаа довтолж, цэрэг, зэвсэг, техник бүхий 10 газрыг устгажээ.
Эх сурвалж: REUTERS