“Өнөр бүл” төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэгээс тодрууллаа.
-“Өнөр бүл” төвд одоогоор хэдэн хүүхэд байна вэ. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөж, ажилгүйдэл ядуурал нэмэгдсэн. Энэ хугацаанд хүүхдээ хаясан тохиолдол нэмэгдсэн үү?
-Манай төвд 170 хүүхэд хүүхэд хамгааллын үйлчилгээ авч байна. Хүүхдээ хаях асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн. Үр хүүхдээ хаячхаад хувийн жаргалаа хөөгөөд явж байгаа хүн сүрэг бий болчхоод байна. Үүнд дорвитой арга хэмжээ авч, нийгмийн дэмжлэг талаас нь тодорхой ажлуудыг шат дараатай хийх ёстой. Нийгмийн уналт босолтын үед хүүхдээ хаячхаад байгаа эцэг эхчүүдийг хариуцлагажуулах нь зөв.
-Ажилгүйдэл, ядуурлын золиос бол хүүхэд байдаг. Тиймээс танай төвд үл хайхрах эсвэл бие махбодын хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хэр их ирж байна вэ?
-Хүүхдүүд хүчирхийллээс холдож байгаа нь сайн хэрэг боловч нөгөө талдаа гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрах эрх зөрчигдөж байна. Хүүхдийг тодорхой хугацаанд хамгаалалтад авах нь зүйн хэрэг. Хүүхдийг аль нэг асрамжийн газар авааччихлаа. Гэхдээ хүчирхийлэл үйлдээд байгаа эцэг эхчүүдийг яах ёстой вэ. Манайд арав гаруй жил болчхоод эцэг эх нь нэг ч удаа ирдэггүй, гэсэн мөртлөө ээж аав нь амьд сэрүүн архи уугаад явчихдаг, эсвэл өөр амьдрал зохиогоод явчихсан кейс олон байна. Манай нийт хүүхдийн 60 гаруй хувь нь эцэг эхтэй хүүхдүүд байдаг. Миний бодлоор тухайн хүүхдээ хаясан эцэг эхийн эрхийг хасч, эрхийг хассан хугацаанд ямар нэгэн байдлаар засан хүмүүжүүлэх, архины хамаарлаас нь гаргах, ажилтай орлоготой болгох ажлыг тогтмол хийх хэрэгтэй байна. Тухайн хамтарсан баг, засаг захиргааны нэгжийн дарга нар үүнийг хийх ёстой байхгүй юу. Гэтэл бүх юм хаягдчихсан. Ерөөсөө асрамжийн газар ирлээ бүх үйл явц дуусчхаж байгаа юм.
Асрамжийн газар өсч буй хүүхдүүд нэг талдаа хамгаалагдаж байгаа боловч нөгөө талдаа сэтгэлзүйн хувьд тулгамдсан асуудалтай болдог, эцэг эхээ санадаг бэтгэрдэг, зарим нь галзуурлын түвшинд очиж байнга эцэг эхээ санаж, нэхэж уйлдаг, хичээл номондоо явахгүй байх зэрэг сөрөг үр дагавар гардаг.
-Эцэг эхдээ хаягдсан хүүхэд элэг бүтэн гэр бүлд өсч торниогүйгээс ямар хор уршиг гардаг юм бэ?
-Маш сөрөг талтай. Ялангуяа 18 насанд хүрээд асрамжийн газраас гардаг жил хүүхдүүд маш их хямардаг. Яагаад гэвэл тэднийг тосч авах гэр бүл алга байна. Бид боломжоороо их дээд сургууль, коллежид оруулах, дотуур байранд оруулдаг. Гэтэл хүүхдүүд идээшдэггүй. Дотуур байранд орсон хүүхдүүд яадаг вэ гэхээр эхний нэг жил хүүхдийн мөнгийг нь хадгалж байгаад сургууль төгсөхөд нь хэрэглэдэг байхгүй юу. Гэтэл эхний нэг жилдээ энэ асуудал шийдэгддэг боловч хоёр, гурав дахь жилээс хүүхдүүд мөнгөгүй болчихдог. Эрүүл мэндийн үйлчилгээ, хувцас хунар, сургалтын төлбөр гээд бүх зүйл тэр хүүхдийн “толгой” дээр буудаг учраас ихэнх хүүхэд сургуулиа хаяад найзтайгаа хамтраад байр түрээсэлдэг, эсвэл энд тэнд цагийн ажил хийгээд явчихдаг. Дараагийн нэг асуудал нь ах дүү хамаатан садандаа очсон ч хүүхдүүд идээшдэггүй. Яагаад гэвэл энэ олон жил харж хандаж байгаагүйд нь хүүхдүүд гомддог. Тэд нартайгаа нийлж чаддаггүй.
Тиймээс хамтарсан баг зөвхөн хурал хийгээд хүүхдийг хамгаалалтад авахдаа биш эцэг эхчүүдийг хүүхдийнхээ төлөө амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, түүнийг шахаж шаардаж, Гэр бүлийн тухай хуульд суулгах хэрэгтэй.
-Хүүхдээ хаясан эцэг эхчүүдийн шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Ерөөсөө л архины хамаарал, гэр оронгүй болсон, нэг бол өөр хүнтэй гэр бүл зохиосноос болоод хүүхдээ нуучихсан кейсүүд зөндөө байна. Хорьсноор асуудал шийдэгддэггүй юм билээ. Жишээлбэл, хоёр настай хэлгүй хүүхдээ хаяснаас болоод тухайн эх хоёр жилийн хорих ял эдэлсэн. Хориход байх хугацаандаа нэг хүүхэд гаргаад, гарч ирээд хоёр хүүхэд, нийлээд дөрвөн хүүхдээ өнчрүүлээд асрамжид өгчихсөн явж байна. Өнөөдрийг хүртэл тухайн ээж архиа уудгаараа уугаад, эхийнхээ үүргээ биелүүлэхгүй задгай явж байна.
Үүнээс гадна, олон жилийн өмнө хоёр хүүхдээ асрамжийн төвд өгчхөөд дараа нь тэр эмэгтэй гэр оронтой, хань ижилтэй, дахиад хоёр хүүхэдтэй болсон. Ингээд тухайн ээжийг олж уулзаад “хүүхдээ аваач ээ” гэхээр “нэгэнт хүүхдүүд асрамжид өсчихсөн, би дахиад хоёр хүүхэдтэй болсон. Өмнөх хүүхдээ одоогийн гэр бүлдээ мэдэгдвэл дахиад хоёр хүүхэд маань өнчрөх гээд байна” гээд ярьж байсан.
Бид хэд хөөцөлдсөөр байгаад охидыг хүлээлгэж өгсөн. Гэтэл өнчрөх гээд байна гэсэн хоёр хүүхдээ хаяад дахиад өөр хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан. Энэ бол маш харамсалтай кейс. Нэг ёсондоо дөрвийн дөрвөн хүүхдээ өнчрүүлчхээд дахиад хүүхэд гаргачихсан. “За амьдрал нь яаж байна, хүүхдүүд нь ямар байна” гэхээр би дахиад “мама”-лчихсан гээд сууж байсан.
-Хүүхдээ хаясан эцэг эхчүүдийг хэрхэн хариуцлагажуулах ёстой вэ?
-Хамгийн гол нь хорьж цагдах биш, орлоготой болгох, эргэх холбоотой байх зохицуулалт хэрэгтэй. Тэгэхгүйгээр захирамж гаргаад хүүхдийг нь өгчихдөг. Ерөөсөө бүх дүүргийн засаг дарга нар сүүлийн үед ингэж байна. Манай дээр эцэг эх байх эрхээ хасуулсан гэр бүлүүд ирж байсан. Гэсэн хэрнээ тэр ээж аав юу ч болоогүй юм шиг явж байна. Эцсийн эцэст хүүхэд хохирч байна. Та бүхэн санаж байгаа байх сошиалоор ээждээ захиа бичээд “ээжээ та намайг ирж аваарай, би таныг, дүү нараа санаж байна” гээд бичээд байсан. Гэтэл хүүхдээ нэг ч ирж аваагүй. Ямар ч байсан тухайн хүүхэд насанд хүрээд ээж дээрээ очсон. Гэхдээ одоог хүртэл сайхан амьдралыг туулаагүй байна.
-“Өнөр бүл” төвд хүүхэд үрчлэх асуудал хэр нээлттэй байдаг юм бол?
-Манайд ирэх хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Одоо ч гэсэн ирэх шаардлагатай хүүхдүүд бий. Гэхдээ орон тоо, хүртээмжээс шалтгаалаад болохгүй байна. Өнөөдрийн байдлаар хагас өнчин нэртэй боловч эцэг эх нь ирж авдаггүй хүүхдүүд бий. Манайд гэр бүлийн гурван хүүхэд байна. Тэднийг салгах боломжгүй болчхоод байгаа юм. Нэг бол гурвууланг нь үрчлээд авах боломжтой гэр бүл гарч ирэхгүй байна. Үүнээс гадна, хоёр, гурван настай, эцэг эхтэй хүүхдүүд бий. Уг нь залуу гэр бүлүүд яг тухайн насанд нь хүүхдүүдийг өргөж авах сонирхолтой байдаг. Гэтэл яг үрчлүүлэх болохоор “миний хүүхдийг та нар авах” гэлээ гээд байдаг. Ирээд аваач ээ гэхээр авдаггүй. Томорсон хойно нь хүүхдийг үрчлэх боломжгүй байна.
Холбоотой мэдээ