Монгол үндэстнийг нэгтгэхээр зорьсон ч бүтээгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Монгол үндэстнийг нэгтгэхээр зорьсон ч бүтээгүй

Дайныг дэлгэцнээс л хардаг бид азтай. Дарийн гашуун утаа, дайсны хурц илдэн доор өнөөгийн бидний жаргалын төлөө тулалдаж явсан ахмадууд маань өдрөөс өдөрт цөөрсөөр, дайны түүх ч тэдэнтэй хамт мартагдаж байна. Тэртээх 1945 оны намрын халуун өдрүүдэд Цахарын цөлийг туулж, Хянганы нурууг давж хөрш зэргэлдээх Хятад улсын эгэл ард олныг Японы дарлалаас чөлөөлөхөөр тэмцэж явсан 20 гаруй мянган монгол дайчдаас өдгөө 1100 орчим нь л сэрүүн тунгалаг үлджээ. Цөөхөн үлдсэн ахмад дайчдын дурсамж яриаг сонсож, дайны түүхийг судлах ажилд 20 жилийнхээ хөдөлмөрийг зориулсан нэгэн болох БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор, профессор, дэд хурандаа С.Ганболдтой ярилцлаа.

-Чөлөөлөх дайнд ялалт байгуулаад жаран илүү ху­гацаа өнгөрчээ. Мартаж үл болох үйлсийн нэг нь эх орон, элгэн саднаа өмгөөлөн тэмцсэн цэрэг дайчдын гавь­яа. Гэтэл Халхын голын байлдаан болоод чөлөөлөх дайны талаар ахмад, дунд үеийнхэн бүдэг бадаг мэддэг бол залуу хойч үеийнхэн маань бараг мэдэхгүй болж байна. Тэгэхээр хоёулаа чө­лөө­лөх дайны үеийн зарим нэр томъёоноос ярилцлагаа эхлэх үү. Милитарист япон, Квантуны арми, Гоминданы арми гээд тогтсон үг хэллэг олон бий л дээ?

-Милитарист япон гэсэн хэллэг нь 1990-ээд оноос өм­нөх үзэл сурталжсан нэр томъёо л доо. Үгийн үндэс нь бол милитарчлах буюу цэрэг дайныг дагнан хөөцөлддөг гэсэн утгатай үг. Ерээд оноос хойш түүхийг үзэх хандлага өөрчлөгдсөнтэй уялдаад ми­лита­рист япон гэж нэрлэхээ больсон. Квантун гэдэг нь газрын нэр. Япон арлын орон учраас эх газрыг тэр дундаа Зүүн хойд хятад, Манжуурыг сонирхох сонирхол их эртнээс эхэлсэн байдаг. Андуураагүй бол 1919 онд Кван туа гуан гэдэг газарт япончууд арми байгуулсан байдаг. Бусад улс орныг эзлэн түрэмгийлэх, ашиг сонирхлынхоо нөлөөг тогтоох, цэргийн хүчээр далайл­гах сонирхлын үүд­нээс эл армийг бэлтгэсэн. Тэрхүү арлаас тус­даа эх газарт байрладаг ар­мийг анх байгуулсан газ­рынх нь нэрээр Квантуны арми гэж нэрлэсэн хэрэг л дээ. 1939 оны байлдааны түүхийг эргэн сөхөхөд ч Квантуны армийнхны дур мэдэн хийсэн үйлдэл ч гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гоминданы арми гэдэг нь бол хятадын армийн нэр. Дундад иргэн улс чинь 1911 онд Манжаас тусгаар тогтсон улс шүү дээ. Манайхан гамин цэрэг, гэмин цэрэг гэж ярьдаг чинь тэдгээр цэргүүдийг л хэлээд байгаа юм.

-Монгол Зөвлөлтийн дай­чид мөр зэрэгцэн чө­лөө­лөх  дайнд оролцсон. Мон­голын талаас 21380 дайчид байлд­сан. Зөвлөлтөөс хэч­нээн цэрэг дайчид оролцсон бэ?
-ЗХУ японы эс­рэг дайтахдаа гурван фронт бай­гуулсан байдаг. Алс дор­нодын нэг,  хоёрдугаар фронт, Өвөр Бай­галийн фронт гэж. Манай монголын цэрэг дайчид маршал Р.Я.Малиновскийн  ко­ман­далсан Өвөр Байгалийн фрон­тын бүрэлдэхүүнд ор­сон байдаг юм. Монгол-Зөвлөл­тийн морьт механикжсан бү­лэгт 43 мянган дайчидтай байсны 21380 нь монголчууд байж. Улаан арми японы эсрэг дайнд орохын тулд баруун евро­пын Польш, Герман, Чехс­ловакаас хүртэл цэрэг ар­мийг шилжүүлсэн байдаг. Тэдгээр арми Алс Дорнод руу хүрэ­хийн тулд 12 мянган км-ыг туулсан гэдэг. Алс дор­нодод улаан армийн 1,5 сая цэрэг дайчидтай байсан бол Квантуны арми 1,2 сая хүний хүчээр сөрөн довтолсон байдаг. Нийт 5000 км хилийн шугамын дагуу байлдсан байдаг. Улаан армийн 1,5 сая хүн хүчний дэр­гэд манай Монголын 21,3 мяган дайчдын тоо маш жижиг мэт харагдаж болох юм. Харин өөрийнхөө Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй харь­цуул­бал их тоо. Тухайн үед Монгол ардын хувьсгалт цэрэг /өнөөгийн Зэвсэгт хүчин / Хязгаарын цэрэгт нийтдээ 52-53 мянган дайчидтай байсан. Тэдний маань тал хувь нь дөрвөн морьт дивиз, нэг хуягт бригад, нэг их бууны хороо, нэг холбооны хороо, нэг танкийн хороо, нэг нисэх дивиз гэхчилэн бүх анги нэгт­гэлээс оролцсон.

-Монголын цэрэг дайчдаас хэдий хэрийн хохирол амссан бэ. Дайны талбарт амь үрэгд­сэн хэчнээн хүн байдаг юм бол?

-Чөлөөлөх дайны хохирлын хэмжээ өнөөг хүртэл нэг мөр болж чадаагүй. Халхын голын дайны хүн хүчний хохирлыг гаргахын тулд маш олон сараар архив уудалж байсан. Чөлөөлөх дайны ту­хайд олон янзын тоо байдаг юм. 78,124,179,524 гэсэн тоо­нууд архивт байгаа. Эдгээр нь яагаад зөрүүтэй байна вэ гэдгийг нарийвчлан тогтоохоос аргагүй. Архивт 1945 оны чө­лөөлөх дайнд амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийн бүртгэл огт байхгүй. Монголын цэрэг дайчид 250 км үргэлжилсэн Цахарын элсэн цөлийг туулж,  Хянганы өндөр нурууг долоо хоногийн аадар бороон дундуур давж гарсан байдаг. Тиймээс тэр хүнд бэрх замыг туулах замдаа халуун наранд цохиулах, харангатах, хүйтэн борооноос болж өвчин хууч нь сэдрэх, уул нуруунаас унаж, бэртэх, ширүүн урсгалт голд живэх зэргээр нас барсан хүн цөөнгүй гэдэг. Тэр бүгдийг архивт үлдээ­гээгүйгээс хохирлыг тогтооход хүндрэлтэй байна.

-Эх орноо бүхнээс эрхэмд үзэх үзэл монгол хүн бүрт байдаг. Тэр нь эцэг өв­гөдөөс цусаараа дамжин уламж­лагдсан гэдэг шүү дээ. Харин хөрш зэргэлдээх улс орноо өм­гөөлөн хамгаалж байлдаж бай­сан түүх хэр олон байдаг вэ?

-Монгол Улсын 2220 гаруй жилийн түүхийг үзэх юм бол тийм тохиолдол маш олон бий. Хүннү, Их Монгол улс, Эзэн Чингис хааны үеийн түүхэнд олон баримт дурдаж болно. Тэр бүгдийг эс тооцон зөвхөн XX зууны түүхийг сөхөн үзвэл манай монголчууд Өвөрмонголыг өм­гөө­лөн хамгаалсан хоёр дахь тохиолдол нь 1945 оны чөлөөлөх дайн юм. Эхнийх нь 1913 онд Богд хааны зарлигаар Өвөрмонголын ард түмнийг хятадын хар цэргийн түрэмгийллээс чөлөлөөлөхөөр монгол цэргүүд дайтаж байсан. Тэр үед монголчууд таван замаар цэрэг мордуулж байсан. Тухайн үед бас л их гүрний бодлого шахалтаар цэргээ татсан байдаг. Тэр үед монгол цэргүүд Хятадын цагаан хэ­рэм хүрсэн юм шүү дээ. Өвөрмонголын ард олон морь мал, хоол хүнсийг бэлтгэж өгөхийн зэрэгцээ эрчүүд нь ар монголынхонтой хамт байлдаж явсан түүхтэй. Харин хоёр дахь нь 1945 оны чөлөөлөх дайн юм. Үндэс угсаа  нэгтэй Өвөрмонголын ард түмнийг Японы талхидалаас чөлөөлсөн учраас “Чөлөөлөх дайн” гэж нэр­лэсэн хэрэг. Энэ  нь ч зөв юм л даа.

-Чөлөөлөх дайны үед ар өвөр хоёр монгол нэгдэх сүүлчийн боломж байсан гэж хөгшчүүл ярьдаг. Яагаад тэр боломжийг ашиглаагүй юм бол. Дайны үед Өвөр­монголоос  БНМАУ-д орж ирсэн айл өрхүүд олон байдаг гэдэг?

-Тухайн үед Маршал Х.Чой­балсан монгол цэргүү­дийг дайнд дуудахдаа Өвөр­мон­голын ард түмнийг чөлөөлөөд үндэс угсаа нэгтнээ нэгтгэх, нэгэн улс гэр байгуулах  бод­логыг давхар барьсан байдаг. Гэвч харамсалтай нь энэ зорилтыг биелүүлж чадаагүй. Чадаагүйн учир нь биднээс үл хамаарах гадны хүчин зүйлийн нөлөө байсан. Монгол үндэстнийг нэгтгэх үзлийг түү­хэнд “Пан монголизм буюу Нармай монголын үзэл” гэж тодотгосон байдаг шүү дээ. Монгол угсаатныг нэгтгэх бод­лого эртний улбаатай. 1911 онд Тусгаар Монгол Улсыг байгуулан Богд хааныг хаан ширээнд нь залах үед ч монгол овогтныг нэгтгэх асуудал хөндөгдөж байсан. Тэр үед Өвөрмонголын 49 хо­шуу бүгдээрээ Ар Монголд дагаар орж, алба татвар төлөх өргөдөл бичиг өргөж  байсан жишээтэй. Харамсалтай нь энэ үйл явцыг 1915 оны Хиагтын гэрээ тасалдуулсан. 1945 оны Маршал Х.Чойбалсангийн хү­сэл тэмүүлэл ч 1945 оны Кримийн бага хурлын үеэр байгуулсан Ялтын гэрээний дагуу цуцлагдсан юм. 1945 оны хоёрдугаар сард холбоотон гүрнүүд буюу Америк, Англи, Зөвлөлтийн удирдагч нар Японы эсрэг дайнд оролцохоор гэрээ байгуулахдаа Зөвлөлтийн удирдагч Сталин хэд хэдэн болзол тавьсан байдаг юм. Түүний нэг нь БНМАУ-ын статусковог хүлээн зөвшөөрөх асуудал байсан. Ингэхдээ яг тухайн үед оршин буй хилийн заагаар нь статус тогтоохоор заасан тул чөлөөлөх дайнаар Өвөрмонголыг  нэгтгэн газар нутгаа өргөтгөх боломж ол­доо­гүй юм билээ. Монгол угсаатнуудыг нэгтгэн нэгэн улс гэ­рийг байгуулахын тулд маш олон тооны ухуулах хуудас хүртэл хийсэн байдаг ч тараахыг хориглосон тухай ах­мад дайчдын дурсамжид бий. Харамсалтай нь уг ухуу­лах хуудсанд юу бичсэн, хэн тараахыг хориглосон та­лаарх баримт манай архивт байдаггүй. 

-Монгол Зөвлөлтийн дай­­чид хятад руу хэр гүн нэвтэрсэн бэ. Хаал­ган, Жэхэ, Долнуур зэрэг газарт хүрсэн тухай түүхэнд дурдсаны дээр дуунд хүртэл орсон байдаг санагдана?

-Манай монгол цэргүүд Цагаан хэрэм давсан юм шүү дээ. Хамгийн цаад тал нь Монголын хилээс 1100 гаруй км-т хүрсэн гэдэг юм. Монголын 5,6 дугаар морьт ди­визийн дайчид Миюн хо­тод хүрсэн нь одоогийн Бээжин хотын нэгэн дүүрэг юм. Тухайн үед Хятадын коммунист на­мын байгуулсан Хятадын ардын чөлөөлөх найм­дугаар арми гэж том арми байсан. Уг арми японы эсрэг тулалдаж, бүслэлтэд ороод байхад нь Монгол Зөвлөлтийн арми очиж, бүс­лэлтээс гаргасан байдаг. Дайн дуусах тэр мөчид Монгол Зөвлөлтийн цэргүүдийг Цагаан хэрмээс цааш явуулаагүй нь уг армийн фронтын дав­шилтын шугамыг Цагаан хэрэм байхаар тог­тоосонтой холбоотой юм билээ. Цагаан хэрмээс нааш байгаа япончууд нь Мон­гол Зөвлөлтийн цэрэгт бууж өгөх, Цагаан хэрмээс цааших нь Хятадын цэргүүдэд бууж өгөхөөр тохиролцсон юм билээ. Баруун хилийн тулгаралт ч мөн ялгаагүй гүн рүү нэвтэрсэн цэргүүдээ арагш татсан байдаг.

-Баруун хилийн тулгаралт чөлөөлөх дайнтай цаг хугацааны хувьд нэг зэрэг болсон үйл явдал уу?

-Тэгэлгүй яахав. 1945 оны наймдугаар сарын 9-ний өдөр БНМАУ Японы эсрэг дайтахаа мэдэгдэж, наймдугаар сарын 10-наас байлдаанд орсон.

-Чөлөөлөх дайнд Монгол, Орос, Хятад гурван хөрш гүрэн нэг зорилгоор мөр зэрэгцэн тэмцэж явсан нь сонирхол татаж байна л даа. Ер нь гурвуул нэг санаагаар байлдаж явсан тохиолдол хэр олон бэ?

-Чөлөөлөх дайны тухайд зөвхөн хөрш гурван улс тө­дий­гүй Америк, Англи зэрэг холбоотон гүрнүүд Ном­хон далайн орчмоор мөн япон­чуудтай байлдсан. Солонгос, Вьетнам, Индонез, Бирмд ч байлдаан болсон. Монгол Зөвлөлтийн армийн тухайд Долнуур, Чуулалт хаалган гэсэн хоёр чиглэлд тулалдсан. Монгол, Орос, Хятад гурвуул хамт дайтсан нь 1945 оны дайн л юм даа. 1939 оны хувьд Зөвлөлт, Монгол хоёр л хамтран байлдсан.

-Тухайн үед Өвөрмонгол Хятадын харъяалалд ороо­гүй байсан уу?

-Яг одоогийн өөртөө за­сах орны статуст ороогүй бай­сан. Бие даасан хошуудад хуваагдсан орон байсан юм билээ. Чөлөөлөх дайны үед Өвөрмонголчууд  гур­ван хэсэгт хуваагдсан гэдэг. Нэг хэсэг нь бие даасан тус­гаар улс болохыг эрмэлзэж байсан бол нөгөө хэсэг нь БНМАУ-д нэгдэн орох нь зүйтэй гэж, харин гурав дахь хэсэг нь Дундад иргэн улсын харъяанд орох нь зөв гэж үзэж байж. Тиймээс манай ул­сын Сайд нарын зөвлөлийн шийд­вэрээр Засгийн газрын тусгай комисс томилогдож Өвөрмонголд очсон түүхтэй. Тэд Өвөрмон­голчуудтай уулза­хад маш олон айл өрх БНМАУ-д нэгдэх хүсэлтэй болох нь тогтоогдсон гэдэг. Гэвч Ялтын хэлэлцээрийн улмаас энэ ажлыг эрчимжүүлж болоогүй юм билээ.

-Одоогийн Монгол Улсын хилийг тэгэхээр хэзээ тог­тоосон хэрэг вэ. 1945 оноос өмнө улс хоорондын хилийн зааг байсан биз дээ?

-Хилийн заагийн тухай яри­хад маш олон жилийн түүх ярих хэрэгтэй. 1915 оны Хиагтын хэлэлцээрээр Ар, Өвөр Монгол, Урианхайн хязгаарыг заагласан байдаг юм. Эрт дээр үеийг ярих юм бол Цагаан хэрэм хүртэлх нутагт монголчууд нутаглаж байлаа шүү дээ. Ар Өвөр Монголыг заагласан хилийн заагийг бол Манжууд л анх тогтоосон.

-Чөлөөлөх дайны үед япо­ны цэрэг армийн залуу халаа болон бэлтгэгдэж байсан хүмүүс манай улсад тагнуул хийхээр ирдэг байсан гэдэг. Тэд үнэхээр тагнуул хийх гэж ирж байсан юм болов уу?

-Япончууд дайнд их эрт­нээс бэлдсэн байдаг юм. Зүүн хойд хятад болон Ман­жуурын районыг 1930-аад оноос эрхшээлдээ оруулсан байдаг. 1932 онд япон­чууд Манж го улсыг бай­гуулсан түүхтэй. Тус улс нь өөрийн хаантай, төрийн далбаа, Засгийн газар, мөнгөн тэмдэгттэй, туг сүлдтэй, цэрэг цагдаатай улс байж.  Манж го улс нь өөрийн дагуур барга, буриад бүхий л үндэстнээ цэрэгт бэлтгэж байсан жиш­гээр өвөрмонголчууд ч цэргийн албанд татагдаж байсан юм. Тэднийг хэл, зүс нэгтэйг нь ашиглан япончууд БНМАУ болон Зөвлөлтийн эсрэг таг­нуулд явуулж байсан түүх бий. Гэхдээ энэ хэрэг явдлаас үүдэн эх нутаг, элгэн саднаа гэж манай улс руу орж ирсэн эгэл жирийн хүмүүсийг тэдгээр таг­нуул­чидтай андууран хэл­мэгдүүлсэн гашуун түүх байд­гийг ч нуух аргагүй. Ерээд он гарснаас хойш тэдгээр хүмүү­сийг Улсын Дээд шүүхээс цагаатгасан.

-Үнэхээр тагнуул хийхээр ирсэн хэчнээн хүн байдаг юм бол?

-Тагнуулын талаарх мэ­дээ­лэл улсын нууцад багт­даг болохоор энэ талаар дэлгэрэн­гүй ярих боломжгүй. Ер нь бол маш олон тохиолдол бий. Өвөрмонгол, хятад, япон, солон­гос хүмүүс ч тагнуулаар орж ирсэн байдаг. 

-Дайны үед сураггүй алга болсон хүмүүс цөөнгүй гэдэг. Тэдний сургийг гаргах боломжтой юу?

-Тун нарийн ажил л даа. Дайнд мордоод нутгаасаа гарсан ч эргэж ирээгүй хүн олон бий. Байлдааны үед дэлбэрэлтэд өртөж үлдэх юм­гүй болсон нэгэн байхад үү­рэг гүйцэтгэж яваад хэсэг хугацаанд чимээ алдарсан хүмүү­сийг хүртэл сураггүй алга болсонд тооцдог. Бүр өвөр­монголд оргож очоод эхнэр хүүхэдтэй болчихсон хүмүүс ч тэдний дунд явж л байгаа.

-Дайнд оролцсон хэрнээ тэр нь баталгаажихгүй то­хиол­дол байдаг гэх юм?

-Ахмадуудаас тэгж гомдоллох нь бий. Ялангуяа түр цэргийн албанд татагдсан, ар талд ажиллаж байсан хүмүү­сийг нотлох баримт олддоггүй. Тиймээс манай яамнаас тухайн хүнийг дайнд орсныг хоёр болон түүнээс дээш хүн нотолбол ахмад дайчны үнэмлэх олгож байсан. Гэтэл зарим сэргэлэн хүмүүс худал баримт нотолгоо гаргуулж ахмад дайчны хөнгөлөлт эдлэх болсноос архивын баримтад тулгуурлан ахмад дайчдыг тодруулж байгаа.

-Танаас асуухгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Энэ бол чөлөөлөх дайны үеийн явдал биш 1939 оны Халхын голын байлдааны үед болсон хэрэг гэж би ааваасаа сонсож байсан юм. Дайны үед манай улсын нутаг дэвсгэрийн  зарим хэсгийг хилийн цаана зааглан үлдээсэн гашуун түүхийг  асуумаар санагдаад. Мана уулыг Хятадын нутагт үлдээсэн  талаар болон 22 дугаар морьт хорооныхны хувь заяаны тухайд түүх судлаач хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Матадын наймдугаар морьт дивизийн нэг бүрэлдэхүүн хэ­сэг нь 22 дугаар морьт хороо юм. Наймдугаар морьт дивизийн дарга нь хожим нь Улсын баатар цол хүртсэн Д.Нянтайсүрэн гуай шүү дээ. Халх Нөмрөгийн районы Мана уулын цаагуур манай улсын хил зааглаж байсан нь үнэн л дээ. Хамар даваа, Баянцагаанаас ч цааш  оршдог Мана ууланд  японы армийнхан ирж, дайнд бэлтгэж буй тухай  Хязгаарын цэргийн тавдугаар заставын удирдлагууд дээд газартаа мэдэгдэж,  1945 оны наймдугаар сарын дунд үед улаан армийн хэсэг хүчийг Г.К. Жуковын шийдвэрээр илгээсэн гэдэг. Гэтэл улаан армийнхан идэвхтэй байлдаж чадаагүй учир есдүгээр сарын 7-ны өдөр улаан армийнхныг татаж, 22 дугаар морьт хороог илгээсэн юм билээ. Тус хороо бороо шороон дундуур ихэд сульдсан байдалтай есдүгээр сарын 10-ны өдөр газар дээр нь очиж хориглолтын байрыг хүлээн авсан байгаа юм. Маргааш нь буюу 1945 оны есдүгээр сарын 11-ний өглөө давшилт хийж, олон тооны хүн хүчээ алдаж, аргагүйн эрхэнд ухарсан гэдэг. Ухарч гарахдаа дөрвөн их буугаа авч чадаагүй алдсанаас 22 дугаар морьт хо­рооныхныг дайснаас айн сандарч ухарсан, эх орноосоо урвасан гэж үзэн шийтгэл оногдуулсан түүхтэй. Морьт хорооны дарга нь ахмад цолтой Я.Бадарч гэж Хөвсгөл аймгийн харъяат хүн байсан.  Түүнийг хорооны комиссар нь Ерэнтэйн Цэдэн-Иш, их бууны батальон дарга Дамдинжав нарын хамт цэргийн шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ гурван хүнийг дайснаас айсан, эх орноосоо урвасан  гэх үндэслэлээр цаазаар авах ял оноосон юм билээ. Комиссар Цэдэн-Иш, батальон дарга Дамдинжав нар Улсын бага хуралд амь гуйсан өргөдөл бичиж байж 10 жилийн ял сонссон. Харин хорооны дарга Я.Бадарч өөрийн хийсэн үйлдлийг зөв гэж үзсэний учир амь гуйгаагүй, буудуулсан бай­даг. Энэ асуудал олон жил маргаантай явсан төдий­гүй олон хүний хувь заяаг эргүүлсэн гунигт түүх л дээ. 22 дугаар хороо гэхээр л урвагч гэсэн буруу ташаа ойлголт нийгэмд байсны дээр тус хорооныхон шагнал урамшил, хөнгөлөлт  эдэлж чадахгүй олон жилийг үдсэн. Цэрэг дайчид нь тус хорооных гэхээсээ ч эмээж өөр хорооны байлдагч болж явсан нь цөөнгүй. Комиссар Е.Цэдэн-Иш гуай шоронд ялаа эдэлж гараад хороогоо цагаатгуулах талаар их хичээсэн. Олон ч жил явсан даа. Хамгийн харамсалтай нь тэр дайнаас болж Мана уул хилийн цаана үлдсэн. 1945 оны есдүгээр сарын 25-ны өдөр Москва хотноо Зөвлөлт Японы армийн командлагч нар хэлэлцээ хийх үед цэргүүдийн байрлал хаана байна түүгээр хил хязгаарыг тогтоосон. Тэр үед Мана уулын наад талд японы цэргүүд орж ирсэн байснаас Мана уул хилийн цаана үлдсэн хэрэг.

-Тэгээд 22 дугаар морьт хо­рооныхныг цагаатгасан уу?

-Цагаатгасан. Манай хүрээ­лэнгийн цэргийн түүх судлаач нар олон жил судалсны үндсэн дээр 1993 онд уг хорооны асуудлыг шийдсэн. Тэр үед Ца­гаат­гах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга нь УИХ-ын дэд дарга Ж.Гомбожав гуай байсан.  Зэвсэгт хүчний ерөн­хий штабын нэгдүгээр ор­логч дарга, хошууч генерал Б.Шагдараар ахлуулсан хөнд­лөн­гийн комисс томилж, Хал­хын голын түүхтэй холбоотой маргаантай асуудлыг шийдэх үүргийг өгсөн юм. Архивын бүхий л материалыг судалж, 1945 оны есдүгээр сарын 11-ний үйл явдал нь айж сандарснаас хийсэн үйлдэл биш гэдгийг тогтоосон. Ту­хайн үед японы талын хүч­ний харьцаа манайхаас ха­маа­гүй илүү байсан учир цэрэг дайчдаа галын ам руу дай­руулж алдахгүйн тулд хийсэн дайны үеийн нэг тактик юм гэдэг шийдвэрт бид хүрсэн. Үүний үндсэн дээр Цагаатгах ажлыг зохион байгуулах ко­мисс тус хорооны нэр төрийг сэргээсэн.

Д.Цээпилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж