Японы ерөнхий сайд Фүмио Кишида Баасан гаригт Хууль зүйн сайдаа огцруулжээ. Хууль зүйн сайд Ясухиро Ханаши цаазын ялын тухай зохисгүй үг хэлснийхээ төлөө ийнхүү албан тушаалаа өгч байна. Ясухиро Ханаши Лхагва гаригт үг хэлэхдээ “Хууль зүйн сайд бол ач холбогдол багатай албан тушаал. Зөвхөн цаазаар авах ялын тогтоолд өглөө тамга дарах үедээ л тэр өдрийн ярианы сэдэв болдог” гэжээ.
Япон бол цаазаар авах ялыг халаагүй цөөхөн хөгжингүй орны нэг бөгөөд олон улсын шүүмжлэлийг үл харгалзан иргэд цаазаар авах ялыг дэмжсэн хэвээр байна. Цаазын ялтай хоригдлуудад ял гүйцэтгэх өглөөг хүртэл мэдээлэл өгдөггүй. Энэ бодлогыг нь олон арван жилийн турш хүний эрхийн байгууллагууд шүүмжилсээр ирсэн.
Ясухиро Ханаши нь Фүмио Кишидагийн танхимаас сүүлийн нэг сарын хугацаанд огцорч буй хоёр дахь сайд боллоо. Эдийн засгийн сайд асан Даиширо Ямагива өнгөрсөн сард Эв нэгдлийн сүмтэй холбоотой гэдгээ тайлбарлаагүй гэсэн шүүмжлэлд өртөж, албан тушаалаасаа огцорсон. Кишида Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохоор явах ёстой байсан ч Ханашигийн орны хүнийг томилохоор хугацаагаа хойшлуулсан байна. Улмаар Ханашигийн оронд Хөдөө аж ахуйн сайд асан Кен Сайтог томилсон.
Ханаши цаазын ял гэсэн нэр томъёог санамсаргүйгээр жишээ болгон ашигласан гэж хэлжээ. “Би ард түмнээсээ уучлалт гуйж, огцрох шийдвэр гаргасан. Би иргэд болон яамны ажилтнуудыг эвгүй байдалд орууллаа” гэв.
Эх сурвалж: KYODO NEWS
Холбоотой мэдээ