Монголын төрд харах нүд, сонсох чих байдаггүй юу гэлтэй “даам” гарсан худалдаачдад татвар ногдуулдаггүй даварсан тогтолцоо үйлчилсэн хэвээр байна.
“Даам” гарсан худалдаачид гэдэгт машин, махны ченж, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Хархорин” зэрэг захад ажилладаг наймаачдыг багтааж болно. Тэдний гар дээр эргэлддэг мөнгө Монголын хөрөнгийн бирж дээр эргэлддэг арилжааг ч давна. Хэрэв тэдгээр худалдаа эрхлэгч бүрийн олдог орлогод тохирсон татвар ногдуулж дадсан бол татвар төлдөг хэсгийнхнийхээ нурууг авахгүй л байсан болов уу.
Монгол Улсад НӨАТ-ын тухай хууль шинэчлэгдэн хэрэгжиж эхэлснээс хойш найман жил боллоо. Гэтэл дээр нэр дурдсан худалдаачид үйлчлүүлэгч нартаа НӨАТ-ын баримт өгдөггүй. НӨАТ-ын баримт өгдөггүй учраас татвар ногдуулах боломж байдаггүй.
Жишээ татвал, автомашины ченж нэг машин зарахад дор хаяж 7-8 сая төгрөгийн борлуулалт хийнэ. Сардаа хамгийн багадаа таван машин зарахад 35-40 сая төгрөг болно. Том гарын автомашины наймаачны сарын орлого хэдэн зуун саяар эргэдэг гэх.
Тэгвэл том захуудын худалдаа эрхлэгчдийн өдрийн гүйлгээ машин, махны ченжүүдийнхээс ч дутдаггүй аж. Долларын ханш өсөөд л байвал тэдэнд бүр ашигтай. Татаад ирсэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тэр дор нь нэмээд нугалаад зарчихна. Монголд хяналт тавьж чаддаг газар ч байх биш. Тэд ийм байдлаар ашгийг нугартал хийх ч татвар төлдөггүй. Үндсэндээ 30 гаруй жил татвараас бултсан гэж хэлж болно.
Уг нь төр хүсвэл үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчид шиг тэднийг хяналтад оруулж болно. УИХ-аас хоёр жилийн өмнө үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчдийн гар дээр эргэлддэг мөнгөний эх үүсвэрийг тодорхой болгох зорилгоор ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу хууль баталснаар зохицуулалтгүй явж ирсэн энэхүү хоёр салбар хяналт тавьдаг газартай болсон.
Түүний хүчинд өнөөдөр хэчнээн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчид ажиллаж, хэдий хэмжээний мөнгө гар дээрээ эргэлдүүлж байна вэ гэдэг нь тодорхой болж, татвар төлөгч болж, ачаа үүрэлцээд байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан энэ оны гуравдугаар улирлын мэдээгээр давхардсан тоогоор үл хөдлөх хөрөнгө зуучлалын 295 байгууллага нийт 5,446 хэлцлээр 1.4 сая м2 талбай, 930.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ. Нийт 3,304 хэлцлээр 300.1 мянган м2 талбай, 88.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлсэн байна.
Харин үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид 213.3 тэрбум төгрөгийн үнэт металлыг борлуулж, 216.4 тэрбум төгрөгийн үнэт металл худалдан авсан юм байна.
И-баримтын мэдээгээр үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч 410 иргэн, хуулийн этгээд нийт 24,830 бүтээгдэхүүнийг 5.1 тэрбум төгрөгөөр худалдан борлуулжээ. Тодруулж хэлбэл, энэ оны есдүгээр сарын байдлаар үнэт эдлэлийн салбарт 5.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь ийнхүү НӨАТ-ын баримтаар баталгаажиж байна. Энэ нь угтаа татвар тооцон авах бололцоо бүрдсэн гэсэн үг юм.
Одоо төр татвар төлдөггүй хэсгийнхний толгойг илж суухаас илүүтэй адилхан шаардлага тавьж, ачааг тэнцүү үүрүүлэх хэрэгтэй байна.
УИХ-аас 2023 оны төсвийн хуулийг батлахдаа далд эдийн засгаас 200 тэрбум төгрөгийн орлого олох даалгаврыг өгсөн. Засгийн газар нүүрсний худалдааг ил болгосноор далд эдийн засагт эргэлдэж байсан их хэмжээний хулгайн нүүрсний борлуулалтаас орлого олно гэсэн цээжний хонжоо хийж буй ч “даам” гарсан худалдаачдадаа татвар ногдуулбал 200 тэрбумыг хэд нугалах мөнгө татварын орлогоор бүрдэж мэднэ.
Ер нь худалдаа арилжаа, үйлчилгээ үзүүлж байгаа хүн бүр татвар төлөгч болж, ачаагаа хамтдаа үүрдэг эрх тэгш харилцааг төр бий болгомоор байна. Тэгэхгүй бол татвар төлдөг хэсэг нь өеөдөж уналаа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ