Т.Оюунсувд: Гадаадын сургуульд тэтгэлэгтэй суралцахын тулд багаасаа бэлтгэх ёстой

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

Т.Оюунсувд: Гадаадын сургуульд тэтгэлэгтэй суралцахын тулд багаасаа бэлтгэх ёстой

Т.Оюунсувд: Гадаадын сургуульд тэтгэлэгтэй суралцахын тулд багаасаа бэлтгэх ёстой

АНУ-ын Нью-Иорк мужийн “Elmira” коллежийг сэтгэлзүйч, нийгмийн ажилтан мэргэжлээр 100 хувь тэтгэлгээр суралцаж  төгсөөд Монголдоо мэргэжлийнхээ дагуу ажиллаж буй Т.Оюунсувдтай гадаадад тэтгэлэгтэй суралцахын тулд хэрхэн бэлтгэх талаар ярилцлаа.

-Гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залууст та зөвлөгөө өгдөг гэсэн. Тэдэнд хамгийн эхлээд ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Би өсвөр насны хүүхдүүдтэй тулж ажилладаг. Тэд өсвөр насандаа гоё, том зорилго тээж, 5-10  жилийн дараа ямар хүн болохоо мөрөөдөж явдаг. Тэрхүү мөрөөдлөөс нь  хүүхдийн зорилго тодорхойлогддог. Одоогийн байдлаар ахлах ангийнхан болон тэдний эцэг эхэд гадаадын их, дээд сургуулийн элсэлтэд бэлтгэх арга барилын болон сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Эхлээд аль улсад, ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгааг нь сонсоно. Түүний дараа аргачлал, мэдээлэл зөвлөгөө өгч ажилладаг. Их дээд сургуульд суралцахад эцэг, эхчүүд хэрхэн анхаарах тал дээр аргачлал гаргаж өгөх нь маш их ач холбогдолтой юм.

-Эцэг, эхчүүдэд аргачлал гаргах өгдөг гэлээ. Үүнийгээ тодорхой тайлбарлаж өгөөч?

-Эцэг эхчүүдэд юуг илүү анхаарах ёстой вэ гэдэл санхүү.  15-19 насны хүүхдүүдэд өөрийн хөрөнгө, санхүүжилт гэж байдаггүй. Гадаадын их сургуульд суралцахын тулд өргөдлийн хураамж нь дунджаар 100 доллар байдаг. Тухайн хүүхэд ганц сургууль руу өргөдөл өгснөөр бүх зүйл “ок” болчихгүй. Орохоосоос орохгүй нь их, дор хаяж 8-10 сургууль руу хүсэлтээ явуулах шаардлагатай.  Тиймээс нэг дор 800-1000 доллар шууд гаргах шаардлагатай.  Тухайн хүүхдийн тэтгэлэг авах, суралцахад шаардагдах тухайн мөнгөний бэлтгэл эцэг, эхэд бэлэн байх чухал юм. Хүүхдүүд хичээсний үр дүнд 100 хувь тэтгэлэг авсан ч эцэг, эхээс мөнгө огт гарахгүй гэсэн үг биш.

Хамгийн эхэнд тийзийн төлбөр хэрэг болно. Мөн гадаадын оронд очоод тухайн орчинтой танилцах, идэх хүнс, эхний хэдэн сардаа учраа олох хүртлээ амьдрах гарын мөнгө хэрэгтэй. Эдгээр санхүүжилтийг эцэг, эх зохицуулсан байх нь чухал юм. Хүүхэд ганцаарчлан биеэ дааж ажиллаж болно.

Тухайн хүүхэд ганцаараа зүтгээд үр дүнд хүрэх нь бага байдаг. Гэр бүл гэдэг хүүхдээ сонсож ярилцаж багаар ажиллах хэрэгтэй. Хүүхдэд анхаарал халамж, хайраар дутвал буруу замаар орох магадлалтай байдаг. Гаднын улсыг зорихоор шийдсэн бол эцэг, эх хүүхдүүд анхнаасаа хамтдаа судалгааг хийх хэрэгтэй. Тухайн судалгаандаа үндэслэн жил бүр ахицтай аргачлал бодож бодож бэлтгэж эхлэх нь зөв шийдэл юм.

-Эцэг, эхэд аль талын судалгаа, мэдлэг дутмаг байдаг вэ?

-Тухайн хүүхдийн юунд дуртай, дургүй ямар мэргэжлээр, хаана суралцахыг эцэг эхчүүд ярилцах нь бага байна. Ирээдүйд ямар мэргэжил эрэлттэй байна. Өөрөө аль чиглэлэд сонирхолтой байгаа. Эдгээрийг маш нухацтай ярилцсан байх хэрэгтэй. Монголчууд арванхоёрдугаар ангид ороход нь гэнэт чи яах гэж байна гэж асуудаг энэ нь аль хэзээний хоцрогдсон асуудал байдаг. Ахлах ангид ормогц судалгаануудыг хийж эхлээд зорилгоо маш зөв тодорхойлох хэрэгтэй. Эхлээд суралцах орон эсвэл чиглэлээ сонгож түүнийхээ дагуу судалгаануудаа хийх нь цаашид дөхөм болдог. Цаашлаад аль улс орны ямар сургууль тэтгэлэг өгч байна гэдгийг хайж мэдэх чухал.

-Сурагчид гадаад оронд суралцах бодолтой байгаа бол хэдий хугацаанд бэлдэх хэрэгтэй вэ?

-Гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцахыг хүсвэл наймдугаар ангиасаа судалгаагаа эхлүүлж хэрэгтэй зөвлөгөө мэдээллээ авч бэлтгэх хэрэгтэй. Харин есдүгээр ангид ямар шалгууруудыг хангах,  англи хэлний түвшингээ сайжруулах, суралцахыг хүсч буй сургуулийн шалгуурт нийцэж байгаа эсэх зэрэг мэдээллийг авах ёстой. Ерөнхий мэдлэгийн шалгалтын үнэ тусдаа үнэлэгддэг. Тухайн шалгалтыг хэрхэн бэлтэж хэдэн удаа өгөх хэрэгтэйг мөн мэдэж байх нь чухал. Ерөнхий мэдлэгийн шалгалтыг хэдэн удаа өгч ч болно. Тухайн сурагчийн өгсөн шалгалт бүр дээр анализ гаргаж өгдөг учир алдаагаа засахад чухал нөлөө үзүүлдэг. Сурагчид анхнаас хаана суралцах, ямар чиглэлд дуртай гэдгийг нь сонгож  тухайн чиглэлээрээ бэлтгэх нь зөв.

-Мэргэжлээ сонгосон сурагчид тэтгэлэг авахын тулд ямар сургуулийг сонгох хэрэгтэй вэ?

-Том топ сургуулиудын элсэлт авах магадлал бага учир жижиг мужийн сургуулиуд руу тэтгэлгээр суралцах гэж зорих нь бүтэх магадлал өндөр.  Хотоосоо зайдуу гадаадын сургуулиудын тэтгэлэг хялбар олддог. Учир нь гадаад оюутан бага суралцдаг нь давуу тал болдог. Хэл сурах тал дээр ч хялбар, хурдан сурна. Том топ сургуульд орно гэвэл тэтгэлэг олдоход хүнд, бараг байхгүй. Тэдгээр сургуульд суралцаж байгаа нь өөрөө нэр төрийн хэрэг юм. Тухайн топ сургуулийн тэтгэлээр суралцах хүсэлтэй бол дунд ангиасаа бэлтгэж шалгууруудыг давуулан биелүүлэх шаардлагатай.

-Тухайн сургуулиуд хэлний мэдлэг, ерөнхий шалгалтаас өөр ямар бичиг баримт шаарддаг вэ?

-Тухайн сурагчийн эцэг, эхийн ажлын газар болоод цалингийн тодорхойлолт, банкны хуулга зэрэг шаардах материал бий. Хэрэв тэтгэлэгт хамрагдах бол илүү их зүйл тодруулдаг. Жишээ нь, ямар байранд амьдардаг, ямар машин унадаг, эцэг, эхийн нэр дээр ямар үл хөдлөх хөрөнгө байдаг зэрэг нарийн асуулт асууж шийдвэр гаргадаг. Энэ бүхнийг судалж арваннэгдүгээр ангиасаа үүнд бэлтгэх ёстой юм.

Орох гэж буй бүх сургуулиа жагсааж бичих нь чухал нөлөөлөлтэй. Тэдгээр сургуулиудын шалгуурыг харж аль нь нийцэх үгүйг мэдэж жагсаалтаасаа хасах өөр сургуулийг нэмэх зэргээр сонгох нь зөв. Нэмэлтээр ямар бичиг баримт шаардлагатай судалж бэлтгэх нь чухал юм. Зарим тохиолдолд ЕБС-ийн суурь хичээлийн дүн муу тэнцэхгүй байх тал бий.

-Ерөнхий боловсролын сургуулийн суурь хичээлийн дүн муу бол өндөр оноо авах өөр арга бий юу?

-Суралцагч хүсэлт илгээсэн сургуулиас ЕБС-ийн дүнгийн хуулбар шаарддаг. Тухайн орох гэж сургуульд суралцахад Монголд үзсэн сургуулийн дүнтэй дүн дүйцэж байна уу гэдгийг мэдэж судлах нь зөв. Хэрэв дүн оноо дүйцэхгүй бол Боловсролын үнэлгээний төвд хандан очиж дүйцүүлэх талаар мэдээлэл авах хэрэгтэй. ЕБС-ийн оноо бага бол хэлний оноон дээрээ ач холбогдол өгч өндөр оноо авах нь өндөр туслалцаа үзүүлнэ. Тэгснээр оноо дундажлагдаж суралцах боломжтой болно.

-Хэлний мэдлэгийн шалгалтыг хэзээ өгсөн байх нь чухал вэ?

-Хэлний мэдлэгийн шалгуурыг өөрөө болсон гэж үзвэл цагаа тулгахгүй өмнө нь өгөөд ахиулж байвал давуу тал болно. Duolingo, IELTS, TOEFL гэх мэт газар шалгуурын аль нь тухайн элсэх их, дээд сургуульд тооцогддог талаар судалсан байх нь чухал юм. Нэг, шалгалт дээр анхаарч өгөх хэрэгтэй бүх мэдлэгийн шалгалтыг өгнө гэдэг нь мөнгө үрсэн хэрэг болно. Тэгэхээр оюутан болох сурагчид эдгээр мэдлэгийн шалгалтдаа анхаарч эцэг,эхтэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй. Аль болох онлайнаар биш тухайн шалгалт аваад тооцогдох байранд очиж өгөх нь зөв.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж