"35-аас дээш насныхан цахим гэмт хэргийн хохирогч болж байна"

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

"35-аас дээш насныхан цахим гэмт хэргийн хохирогч болж байна"

"35-аас дээш насныхан цахим гэмт хэргийн хохирогч болж байна"

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбооноос хамтран цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр цахим хэрэгсэл ашигласан залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Unsend-Бүү шилжүүл" аян эхлүүлж буйгаа мэдэгдэв.


2022 ОНЫ ЭХНИЙ АРВАН САРЫН БАЙДЛААР ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН УЛМААС 19 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН

Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэргийн мөрдөн шалтгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.БИЛГҮҮТЭЙ:

Улсын хэмжээнд 2022 оны арван сарын байдлаар нийт 31 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэнээс 32.8 хувь буюу 10 мянга орчим гэмт хэргийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж байна. Залилах гэмт хэргийн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97.3 хувиар нэмэгдсэн байна. Залилах гэмт хэргийн 88.2 хувийг цахим залилангийн хэрэг эзэлж байна. Дөрвөн гэмт хэргийн нэгийг цахим залилангийн гэмт хэрэг эзэлж байна гэж үзэж буй юм.

Монгол Улсад интернэт хэрэглэгчийн тоо 3.2 саяд, фэйсбүүк хэрэглэгчийн тоо давхардсан тоогоор 2.8 саяд хүрсэн. Энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөх болсон шалтгаан нь ард иргэдийн цахим хэрэглээ өссөнтэй холбоотой.

2022 оны эхний арван сарын байдлаар залилах гэмт хэрэгт нийт 818.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 799.3 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж ажилласан байна. Цахим залилангийн хувьд энэ оны эхний арван сарын байдлаар 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Жилээс жилд хохирлын хэмжээ өсч, гэмт хэргийн гаралт өсч буй нөхцөл байдал тогтоогдож байна.

ГАР УТСАНДАА ИРСЭН НУУЦ ҮГЭЭ БУСДАД БҮҮ ШИЛЖҮҮЛ, УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР ХЭЛБЭРЭЭР БУСДАД МӨНГӨ БҮҮ ШИЛЖҮҮЛ 

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.ТАЙВАН:

-Цахим орчинд залилах гэмт хэргийн нөхцөл байдал хүнд байна. Тийм учраас энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх, ард иргэддээ энэ төрлийн гэмт хэргийн мэдээллийг хүргэх зорилгоор бид өнөөдөр (2022.11.14)-өөс эхлэн "Unsend-Бүү шилжүүл" аяныг 14 хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Энэ төрлийн гэмт хэргийн судалгаанаас аваад үзвэл, хохирогчид нь гар утсан дээр ирсэн тоо, үсгээс бүрдсэн нууц үгээ бусдад шилжүүлж, фэйсбүүк хаягаа алдаад, тухайн хаягаар нь гэмт этгээд найз нөхөд, гэр бүлийнхэн нь бичиж байгаа мэтээр бичээд, мөнгө залилж байна. Нөгөө талаас урьдчилгаа төлбөр хэлбэрээр бусад руу мөнгө шилжүүлж, залилуулж буй тохиолдлууд түгээмэл гарч байна. Тиймээс гар утсандаа ирсэн нууц үгээ бусдад бүү шилжүүл, урьдчилгаа төлбөр хэлбэрээр бусдад мөнгө бүү шилжүүл гэдэг утгаар энэ аяны нэр, логог өгсөн.

Иргэддээ анхааруулахад, таны гар утсанд ирж буй үсэг, тооноос бүрдсэн нууц үг нь таны гэрийн түлхүүртэй адилхан юм. Та гэрийн түлхүүрээ хүн болгонд өгөөд явуулаад байдаггүй биз дээ. Гар утсандаа ирж буй нууц үг, бүх мэдээллээ нэгдүгээрт нууцлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, урьдчилгаа төлбөр нэрээр ямар нэгэн байдлаар мөнгө шилжүүлэх гэж байгаа бол үнэхээр баталгаатай байгууллага, аж ахуйн нэгж рүү шилжүүл. Бусад тохиолдолд цахимаар харилцаж буй тохиолдолд уртьдчилгаа төлбөр битгий шилжүүл. Урьдчилгаа төлбөр нэрээр визний, байрны гэх мэтчилэн залилангууд байна.

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид 35-аас дээш насны иргэд байна. 35-аас дээш насны иргэд цахим мэдээллийнхээ аюулгүй байдлыг хангах чадвар сул байна. Дээрээс нь гэмт этгээдүүд хөдөө орон нутаг руу чиглэж, энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхээр төлөвлөж байна.

Өмнө нь мессэж бичээд, нууц үгийг нь аваад, эсвэл урьдчилгаа төлбөр хэлбэрээр залилдаг байсан бол одоо хуурамч дуудлага хэлбэрээр, "Банкнаас ярьж байна. Та нууц дугаараа өг. Таны нууц дугаарыг сэргээх гэж байна" гэхчилэн таны нууц үгийг авахаар гэмт этгээдүүд төлөвлөж байна. Тийм учраас иргэд маш болгоомжтой, хувийн мэдээллээ өгөхгүй байх, дээрээс нь бие биеийнхээ цахим хэрэгслийн аюулгүй байдалд шаардлага тавих шаардлага үүсч байгааг иргэддээ анхааруулах гэсэн юм.

"МОНГОЛ УЛСЫН ИРГЭН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛАА ӨӨРӨӨ ХАРИУЦНА"

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.БАЛДАНСАМБУУ:

-Кибер аюулдгүй байдлын тухай хууль 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр батлагдсан. Энэхүү хуулийн 18 дугаар зүйлд  зааснаар иргэн кибер аюулгүй байдлаа өөрөө хариуцах, өөрийн асрамжид байгаа хүний кибер аюулгүй байдлыг хангах, мөн кибер гэмт хэрэг зөрчилд холбогдсон талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргэх гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Монгол Улс 2020 онд Кибер аюулгүй байдлын олон улсын индекст 120 дугаар байрт жагссан байдаг. Хууль эрх зүйн орчин батлагдсантай холбоотойгоор энэхүү индекс дээшлэх ёстой. Иргэд олон нийтийг кибер аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг ойлголтыг нь дээшлүүлэх нь маш чухалд тооцогддог. Энэ утгаараа Кибер аюулгүй байдлын тухай хуульд Цахим хөгжил, харилцаа холбооны яам энэ чиглэлээр иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиг үүргийг хүлээсэн байдаг. Өмнөх жил кибер аюулгүй байдлын гэмт хэргийн эсрэг мэдээлэл түгээх аянд манай байгууллага дэмжиж ажилласан туршлага байдаг. "Unsend-Бүү шилжүүл" аяныг дэмжиж ажиллана. Хуулийн дагуу кибер аюулгүй байдалд тагнуул, цагдаагийн байгууллага, иргэн, хуулийн этгээд бүгд үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд бид холбогдох байгууллагуудыг хооронд нь холбож өгөх, зохицуулалт хийх үүргийнхээ дагуу энэ аянд оролцоно.

"УЛСЫН ХЭМЖЭЭНД БАНКНЫ 2.2 САЯ КАРТ АШИГТАЙ АШИГЛАГДАЖ БАЙНА"

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.ОДОНТУНГАЛАГ:

-Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлийн гаралтыг багасгах, санхүүгийн болон хууль эрх зүйн боловсрол олгох ажлынхаа хүрээнд 2020 оноос эхлэн Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо, арилжааны банкуудтайгаа хамтран санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Төв банкны тухай хуульд хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах тухай заалт байдаг. Энэ хүрээнд бид иргэдийн эдийн засгийн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр олон ажил хийж гүйцэтгэдэг. Санхүүгийн залилан, луйвар гэдэг бол иргэдийн заавал мэдэх ёстой, санхүүгийн суурь мэдлэг багтаж байдаг. Энэ аянд бид иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажилладаг. Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргийн тоо жилээс жилд өсч байна гэж мэдээллээ. Үүнийг дагаад иргэд санхүү, эдийн засгийн хувьд хохирч байдаг. Цагдаагийн байгууллагын тайлан мэдээнд, нийт гэмт хэргийн 32.8 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна гэдэг өөрөө маш өндөр үзүүлэлт. Тиймээс эдгээр байгууллагуудын гол анхаарах асуудлын нэг болоод байгааг хэлэх нь зүйтэй байх.

Мэдээлэл технологийн хурдтай хөгжил нь төлбөр тооцоонд амжилттай нэвтэрч, нэг талдаа хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэж, хэрэглээг хялбаршуулж байгаа сайн талтай ч нөгөө талаас мэдээллийн хянамгай байдлын, аюулгүй байдлыг шаарддаг. 2020 оны эхний хоёр улирлын байдлаар Монгол Улсын хэмжээнд 4.4 сая банкны карт байгаагаас ашигтай ашиглагдаж байгаа нь 2.2 сая байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж