Истанбулын дэлбэрэлттэй холбоотойгоор 22 хүнийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

Истанбулын дэлбэрэлттэй холбоотойгоор 22 хүнийг баривчлав

Истанбулын дэлбэрэлттэй холбоотойгоор 22 хүнийг баривчлав

Истанбул хотын худалдааны төв гудамжинд дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдсан. Энэ дэлбэрэлтэд эрх баригчид Курдын зэвсэгт дайчдыг буруутгаж буй. Цагдаа нар бөмбөг тавьсан этгээдийг оролцуулаад нийт 22 хүнийг баривчилсан тухай дөнгөж сая “Reuters” агентлаг мэдээллээ. Бөмбөг дэлбэлэх тушаалыг Сирийн хойд хэсэгт орших Кобани хотоос өгсөн гэж Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгдэв. Тус хотод Туркийн арми Курдын зэвсэгт хүчний эсрэг сүүлийн жилүүдэд цэргийн ажиллагаа явуулсан. Халдлагад өртөж нас барагсад нь гурван гэр бүлийн хоёр хоёр гишүүн байжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 50 нь эмнэлгээс гарсан байна.

Эх сурвалж: REUTERS


Туркийн Истанбул хотын төв хэсэгт өчигдөр /2022.11.13/ дэлбэрэлт болсны улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн шархадлаа. Дөрвөн хүн нь хэргийн газарт нас барсан бол хоёр нь эмнэлэгт очоод нас баржээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар 16:20 минут орчимд Таксим талбайн худалдааны гудамжинд болсон байна. Хэргийн газраас 50 м зайд байсан гэрчийн мэдүүлснээр тухайн үед хар утаа олгойдож, бараг дүлийрэх шахам чанга дуу чимээ гарчээ.

Дэд ерөнхийлөгч Фуат Октай уг дэлбэрэлтийг эмэгтэй хүн үйлдсэн террорист халдлага байсан гэв. Тодруулбал, үйл явдал болохоос өмнө нэгэн эмэгтэй 40 минутын турш талбайн вандан сандал дээр сууж байгаад, дэлбэрэлтийн өмнөхөн босч явжээ. Ингэхдээ гудамжны голд тэсрэх бөмбөгтэй уут хаясан байж болзошгүй. Тухайн эмэгтэйг Курдистаны ажилчдын намын гишүүн гэж албаныхан сэжиглэж байна. Харин “Al jazeera” хуудсанд мэдээлснээр дэлбэрэлтэд гурван хүнийг сэжиглэж байгаа гэв. Эмэгтэйгээс гадна 2000 оноос хойш төрсөн хоёр залуу байж болзошгүй аж. Одоогоор дэлбэрэлтийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна. Мөн гудамжийг бүсэлж, түргэн тусламж, цагдаагийн машин нааш цааш давхин, нисдэг тэрэгнүүд эргэлдсээр байна.

Хохирогчдын дунд засгийн газрын яамны ажилтан болон түүний бага охин байсан гэж Засгийн газрын сайд Деря Яник хэлжээ.

Халдлагын дараа дэлхийн өнцөг булан бүрээс Туркт эмгэнэл илэрхийлсээр байна. Тухайлбал, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер “АНУ терроризмын эсрэг НАТО-ийн холбоотонтойгоо мөр зэрэгцэн зогсоно” гэж хэлэв. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Бид та бүхний зовлонг хуваалцаж байна. Терроризмын эсрэг тэмцэлд та нартай хамт байна” гэж твиттертээ жиргэсэн. Түүнчлэн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Туркийн ард түмний зовлон бол бидний зовлон” гэж турк хэлээр жиргэлээ. Пакистан, Итали, Грек зэрэг улс ч эв санааны нэгдлээ илэрхийлээд байна.

Дэлбэрэлт болсон Истиклал гудамж өмнө нь 2016 онд амиа золиослогч этгээдийн халдлагад өртөж байв. Энэ гудамжинд худалдан авагчдын хөл хөдөлгөөн тасардаггүй бөгөөд хотын гол судас нь гэж хэлэхэд болно. Амралтын өдөр учир жуулчдаас гадна хотын иргэд, дэлгүүр хэсч буй хүмүүс гудамжинд олон байжээ.

Эх сурвалж: BBC, AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж