Монголын шигшээ баг Тайландаас хариугаа авах өдөр

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ баг Тайландаас хариугаа авах өдөр

Монголын шигшээ баг Тайландаас хариугаа авах өдөр
Зургийг MBA-аас

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээний D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэхүү хэсэгт Монголын шигшээ багийн хамтаар Тайланд, Вьетнам, Малайз, Таити гэх улсууд багтсан.

Хэсгээ тэргүүлсэн гурван баг урьдчилсан шатанд өрсөлдөх эрхтэй болох юм.

Монголын шигшээ баг нээлтийн тоглолтоо Малайзын эсрэг хийж, 94-92 гэсэн харьцаатай хожил байгуулсан. Тус тоглолтод Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн гэсэн туршлагатай гурван тоглогч шилдэг нь байж, бусдыгаа манлайлав. Т.Санчир довтолгоонд идэвхтэй оролцон онооны зөрүүг ойр барьж, Б.Билгүүн эгзэгтэй үед бөмбөг тасалж, алдаатай довтолгоо гүйцэтгэсэн бол О.Сэргэлэн хожлын гэж хэлж болохуйц оноо авахад гол үүргийг гүйцэтгэсэн юм.

Мөн Малайзын тамирчид чөлөөт шидэлт тааруу гүйцэтгэж байсан нь Монголын багийн хожих нэг шалтгаан байлаа. Тус багаас Тин Хо 33 оноо авч, бүх тамирчдыг тэргүүлсэн.

Зургийг MBA-аас

Хэсгийн хоёр дахь тоглолтоо Монголын шигшээ Тайтигийн эсрэг хийв. 189 мянган хүн амтай, Номхон далайд орших тус улсын эсрэг Монголын тамирчид багаа жигд тоглолт үзүүлэн 91-62 гэсэн харьцаатай хожсон.

Зургийг MBA-аас

Харин өчигдөр/2022.11.13/ Монголын баг дараагийн шатанд өрсөлдөх эрхээ эрт авах ач холбогдол өндөр тоглолтыг Вьетнамын эсрэг хийлээ. Эхнээсээ ширүүн өрсөлдөөнтэй, онооны харьцаа ойрхон тоглолт дөрөвдүгээр үед шийдэгдэв. Тус тоглолтод шигшээ багийн дараа үеийн тамирчид болох М.Өлзий-Орших, О.Энхбаатар, А.Энхбаясгалан нар сайн тоглосон. М.Өлзий-Оршихын бөмбөг таслалт, хамгаалалт, О.Энхбаатарын самбараас бөмбөг авалт, А.Энхбаясгалангийн дундын зайн шидэлтүүд монголчуудад дараагийн шатны эрх авчирлаа.

Зургийг MBA-аас

Тэгвэл өнөөдөр Тайланд, Монгол хоёр хэн нь хэсгээ тэргүүлэх вэ гэдгээ шийднэ. Хоёр баг хоёулаа нэг ч хожигдолгүй яваа. Хамгийн сүүлд хоёр баг 2018 оны Жакартагийн Азийн наадамд учраа таарахад 87-86 гэсэн харьцаатай Тайланд ялж байв. Тус тоглолтод Д.Мөнхтүвшин хожлын шидэлт хийх боломжоо алдаж байлаа. Иймээс өнөөдөр монголчуудын хариугаа авах өдөр.

D хэсгээс шалгарсан гурван баг С хэсгээс шалгарсан Гуам, Хонг Конг, Сингапур гэсэн гурван улстай хамт дахин хоёр хэсэгт хуваагдаж, нийт зургаан багаас дөрөв нь үндсэн тэмцээнд өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж