Асрах төвийн хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Асрах төвийн хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртжээ

Өнчин , хараа хяналтгүй хүүхдүүдийг асрах нэрээр гэмт хэргийн золиос болгох, хил дамнуулан худалдах гэсэн оролдого ч сүүлийн үед мэр сэр гарах болсон байна.

Эцэг эхээсээ өнчирсөн олон зуун хүүхэд   асрамжийн төвөөр дамжин хүмүүждэг. Тэдний насанд хүртлээ амьдрах  орон байр , сурч боловсрох  орчин нөхцөл  өнөөдөр хамгийн чухал анхаарал татсан асуудлын нэг. Гэтэл   манай  улсад  шаардлага хангахгүй асрах газрууд олширч буй. Бүр зарим тохиолдолд асрах төвд бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхэд ч цөөнгүй. Энэ онд Монгол Улсын үндэсний статистикийн хороо, “Хүйсийн тэгш эрхийн төв “ ТББ-аас хийсэн судалгаанд дурдснаар бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн 34.9 хувь нь  халамжийн төвд амьдарч байсан  тухай мэдээлэл бий. Өнчин , хараа хяналтгүй хүүхдүүдийг асрах нэрээр гэмт хэргийн золиос болгох, хил дамнуулан худалдах гэсэн оролдого ч сүүлийн үед мэр сэр гарах болсон. Мэргэжлийн байгууллагаас  энэ онд хийсэн хяналт шалгалтаар шаардлага хангахгүй олон асрах газрууд ажиллаж байсан аж. Тухайлбал  хүүхэд асрах “Бадамлянхуа төв” орон сууцны 2-3 өрөө байр түрээсэлж  21 хүүхдийг халамжиндаа  авсан байна. Гэтэл  уг асрах төв нь үйл ажиллагаа явуулах  гэрчилгээ зөвшөөрөл болох ямар нэгэн  баримт байхгүй гэнэ. Үйл ажиллагааны  төлөвлөгөө чиглэлгүйн дээр тус төв хүүхдийг ямар шийдвэрээр хүлээн авч асарч байгаа нь ч тодорхой бус байж. Мөн хүүхдэд   холбогдох хувийн  хэрэг материал ч байхгүй аж. Мэргэжлийн бус хоёр ажилтантай гээд дурдаад байвал маш олон зөрчлийг  шалгалтын үеэр  илрүүлсэн байна.

Одоогоор  нийслэлд 35, орон нутагт долоон асрамжийн төв ажиллаж байна. Эдгээр асрамжийн төвүүдэд тавигдах шаардлага, тусгай журам батлан гаргасан байдаг ч мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар дээрх шаардлагыг хангасан асрамжийн төв маш цөөн байжээ. Тухайлбал Хүүхдийн асрамж халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага  стандартыг 2008  онд стандарчлал хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2008 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан байдаг. Дээрх журмыг  Монгол Улсын  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамж халамж хамгааллын бүх байгууллага 2009 оноос  эхэлж  дагаж мөрдөж эхэлсэн. Гэтэл Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас ажлын хэсэг гаргаж,  мөн цагдаагийн байгууллагатай хамтран нийт хүүхэд асрах  42 байгууллагаас 40 байгууллагыг шалгахад цөөнгүй зөрчил илэрсэн байна. Тэднээс  64,8 хувь нь удирдах зөвлөлтэй. Удирдах албан тушаалтны 81 нь, хөдөлмөрийн насны иргэн ба асрамжийн байгууллагын ажилчдын 80-аас доошгүй иргэн нь Монгол Улсын иргэн байх ёстой гэсэн журам бий.  Гэтэл  дээрх асрамжийн төвүүд эл  журмыг зөрчиж байгаа нь шалгалтын явцад илэрчээ. Уг журамд зааснаар Хүүхдийн асрамж хамгааллыг тухайн байгууллагын удирдлага нь Монгол Улсын иргэн байх шаардлага тавигддаг. Шалгалтад  хамрагдсан 37 байгууллагаас 18 нь манай улсын иргэдийнх, бусад нь гадаадынх байжээ. Тэднээс  83,7 хувь нь өөрийн гэсэн үйл ажиллагаа явуулах зориулалтын өрөө, өөрийн өмчийн байртай бол 16,3 хувь нь түрээсийн байранд байдаг юм байна. Мөн орон байрны хүрэлцээ муу учраас  хүүхдүүдийг насны ангиллаар ангилдаггүй дутагдал ч бий гэнэ. Эдгээр  байгууллагын 50 гаруй хувь нь хүүхэдтэй холбоотой мэдээллийг нууцлах журам  мөрдөж ажилласан бол   60 орчим хувь нь  ажилтнуудынх ёс зүйн дүрмийг боловсруулан мөрдөж ажилладаг байна. Ихэнх байгууллага нь хүүхэдтэй холбоотой мэдээллийг нууцлах журмыг мөрдөөгүй зөрчил гарсан аж.. Мөн   асрах газруудад хүүхдэд шашны үзэл номлолыг албадан тулгахгүй, шашин сурталчилсан нөхцөл  байдал бүрдүүлэхгүй байх зэрэг журамд  шаардлага тусгасан боловч энэ үзүүлэлтийг  үнэлэх боломж манай улсад хараахан бүрдээгүй байна.  Ер нь шашны чиглэлийн байгууллагын  60 орчим хувь нь  дүрэм журам, баримт бүрдүүлээгүй,  хүүхэд асрах талаар ямар ч ойлголт байхгүй байжээ. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, бодлого чиглэлд хүүхдийн хөгжил хамгааллын тухай тодорхой зүйлгүй гэсэн үг. Зүгээр л өдөрт хоолллож ундлах маягаар хүүхдийг асран хамгаалах үүрэг хүлээж байна.
  Тиймээс  хүүхэд асрах төвүүдэд дүрэм журам мөрдөх, сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна. Зөвхөн амьдрах орон байрны таатай орчин бүрдүүлэхээс гадна хүүхдийг гэмт халдлага, бэлгийн мөлжлөгө зэргээс урьдчилан  сэргийлэхэд хүүхдүүдийн амьдарч буй орон байр хамгаас чухал юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж