Стандартгүй хотын “стандарт”-тай ирээдүй

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

Стандартгүй хотын “стандарт”-тай ирээдүй

Стандартгүй хотын “стандарт”-тай ирээдүй

Улаанбаатар хот анх удаа хотын стандарттай болж, өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт  "Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн"-ийг зохион байгуулсан билээ. Мэдээж суурин газарт төвлөрөл, хөгжил, асуудал, бэрхшээл гээд олон зүйл бий. Тэр бүрд хөгжиж буй орны жишгийг нэвтрүүлэх нь амаргүй.

Учир нь Улаанбаатар стандартгүйгээс иргэдийн аюулгүй амьдрах эрхээс эхлээд хүүхдүүдийн амь насанд халтай золгүй тохиолдлууд олон гардаг.

Тиймээс хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь нь стандарт юм. Хүрээлэн буй орчноос эхлээд үйлчилгээ авах, зорчих гээд иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх эдгээр стандартыг тогтоох, мөрдөх нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд олон давуу талыг бий болгохыг тус зөвлөгөөнөөр онцолсон.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөлийг бүрдүүлсэн аж.

Тус стандартын хувьд нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж байгаагаас эхний есөн бүлгийн 38 стандартыг баталсан нь өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Эдгээр мөрдөгдөж эхэлсэн стандартад дараах бүлгүүд одоогоор багтаад байна.

Дээрх хэм хэмжээ, стандартыг таниулах, мэдээлэл өгөх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд, урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд бий болно гэдгийг мөн албаныхан онцолсон.

СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ХАРИУЦЛАГА ХАМГИЙН ЧУХАЛ

Цаасан дээр бичигдэж, батлагддаг ч хэрэгжилт хангалтгүй олон дүрэм, журам бий. Тэдгээрийн нэг нь хотын стандарт болох вий гэдгийг иргэд хэлж буй. Хамгийн гол нь дарга нарын поп амлалт, захиран тушаах өнгө аяс бус бодит байдалдаа хөрсөн дээр буух нь чухал. Ганцхан жишээ татахад одоо мөрдөгдөж буй “Иж бүрэн гудамжинд хамаарах хотын стандарт”-ын унадаг дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавигдаж ерөнхий шаардлага. Угтаа бол сүүлийн гурван жил дулааны улиралд хотын төв замын хажуугийн явган хүн зорчих хэсгийн хэсгийг хуулж, өнгөлөлт, тэмдэглэгээ хийсэн. Гэвч стандарт дугуйн зам хангалттай талбай байгаагүйгээс, эсвэл зураг төсөл буруу байснаас дараагийн жилдээ дахин үргэлжилсэн. Харин энэхүү стандарт мөрдөгдөж эхэлснээр ирэх 2023 онд дахин явган хүний замын хажууг дугуйн зам нэрийдлээр шинэчилж болзошгүй.

Өмнө нь байгаагаа тордохгүйгээр жил бүр засвар, арчилгаа, шинэчлэлтэд их хэмжээний санхүү төсөвлөнө гэдэг утгагүй. Тиймээс ерөнхий шаардлага, дугуйн замын төлөвлөлт гээд анхнаасаа л хэрэгжиж байсан бол хотын дарга нар шинэ нэршил гаргаж, хуучин ажлаа чанаржуулахгүй л байсан байх.

Ямартай ч улиг болсон гэрэлтүүлэг, зам талбай, дугуйн зам, тоглоомын талбайн аюулгүй жишгийг дарга нар анхаарсан нь сайн хэрэг. Харин хэрэгжилтийг хангах тал дээр стандарт алба нь илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Үгүй бол өнөөх ажил болгож баталсан стандарт нь эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгний карманд орж, хэрэгжилт үгүй болж мэднэ.

100 ЖИЛИЙН ДАРААХ УЛААНБААТАРЫН ЧИГ ЭНДЭЭС ЭХЭЛНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хотын стандартын зөвлөгөөний үеэр “Хотыг хот шиг хөгжүүлэх, иргэндээ ээлтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй, эмх замбараатай болгохын тулд хийх бодит алхам нь нэгдсэн стандартыг боловсруулах, батлах, хэрэгжүүлж эхлэх үйл явц болж байна. Улаанбаатарын хувьд энэ бол шинэ эхлэл.

50 жилийн дараа, 100 жилийн дараа бидний үр хойч амьдрах энэ хотыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чиг эндээс эхэлнэ.

Бүгдэд ээлтэй орчин, хүртээмжтэй тэгш үйлчилгээ, ажиллаж амьдрах аюулгүй тайван нөхцөлийг бүрдүүлэх бодлогын бичиг баримтыг цаашид олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжүүлэх, мөрдөх, хэрэгжилтийг нь хянах үйл явцад төр, албан байгууллагууд, иргэд бүгд нэгдэж, өөр өөрсдийн санаачилга, манлайллаа үзүүлэх нь нэн чухал. НИТХ-ын хурлаар баталсан эдгээр стандартыг хийж буй, цаашид хийх ажилд тусган мөрдөөд эхэлж байна. Тухайлбал, нийтийн тээврийн салбарын стандартыг хангасан 65 автобусыг үйлчилгээнд нэвтрүүллээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхдээ энэ шаардлагуудыг мөрдөнө гэсэн үг” гэдгийг хэлсэн.

Хотын стандартыг боловсруулах ажлын хэсгийг 2021 оны арванхоёрдугаар сард байгуулсан бөгөөд 70 байгууллагын 216 ажилтан, албан хаагч, судлаач, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран 1558 баримт бичиг, материалыг судлан, стандартыг боловсруулсан байна.

Мөн стандартыг боловсруулахын тулд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн саналыг авсан юм. Тиймээс хэрэгжилтийн хувьд биелэх бүрэн боломжтой, олон улсын жишигт нийцсэн, хэрэглэхэд хялбар, үнэ төлбөргүй зэрэг олон давуу талтайг зөвлөгөөний үеэр онцолж байлаа. Тиймдээ ч бүгдийн оролцоо чухал болохыг хэлсэн. Гол нь стандарт батлаад ойрын жилдээ үр дүн нь гарахгүй байж болох ч стандартын талаар ойлголт мэдлэгтэй болсноор ирээдүйн Улаанбаатарыг тав тухтай аюулгүй болгохыг хотынхон онцолсон. Тэгэхээр иргэн бүрийн оролцоо стандартын хэрэгжилтийн шатанд хэрэгтэй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж