"22 мянган машин нүүрс хулгайд алдагдсан байх магадлалтай"

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

Нүүрсний хулгай

"22 мянган машин нүүрс хулгайд алдагдсан байх магадлалтай"

"22 мянган машин нүүрс хулгайд алдагдсан байх магадлалтай"

УИХ-ын гишүүн Г.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр УИХ-ын /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/ хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж буй юм. Өнгөрөгч өдрүүдэд нүүрсний хулгайн асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Тиймээс нүүрсний хулгайн талаар ярилцсанаа хүргэе.


-Та УИХ-ын хянан шалгах түр хороог ахалж байгаа. Сүүлийн үед Засгийн газрын сайд нар, УИХ-ын  гишүүд нүүрсний хулгайг цэгцлэхийн тулд оффтейк гэрээг ил болгох тухай ярьж байна. Энэ чиглэлээр түр хороо ямар ажил хийж байна вэ. Нүүрсний хулгайг илрүүлэх боломж байна уу?

-УИХ 2021 онд УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль баталсан. Энэ хуулийн дагуу нийгмийн өмнө тулгамдаж буй, нийгэмд ил болсон ч шийдэгддэгүй асуудлууд дээр шийдвэр гаргахаар түр хороо байгуулж байгаа. Зорилго нь хил гаальд үүсч буй хүндрэл бэрхшээлийг тогтоох, үүрэг чиглэл өгөх үүрэг бүхий түр хороо байгуулсан. Түр хорооны ажиллах чиглэлийг УИХ-аас баталж өгсөн. Нүүрсний хулгайн асуудлыг олон хүн ярьж байна. Жишээлбэл, С.Бямбацогт гишүүн чуулганы хуралдаанд хоёр сая тонн нүүрс хулгайд алдагдсан тухай шүгэл үлээсэн. Мөн өмнөх парламентад Өмнөговь аймгаас сонгогдсон  УИХ-ын гишүүн асан Л.Энхболд их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан талаар ярьж байсан. Иймд, бидний ажлын нэг чиглэл нь нүүрсний хулгайг зогсоох юм. Үүнтэй холбогдуулан бид олон газраас мэдээлэл авч байна. УИХ-ын хянан шалгах хуулийн дагуу шинжээч, хянан шалгагч нар томилогдсон. Хянан шалгагч нар мэдээлэл цуглуулж байна. Энэ хүрээнд нүүрс хулгайд алдагдсан талаар олон мэдээлэл ирж байна. Үүнээс гадна, нүүрсний үнийн зөрүү, нүүрсний тээврийн үнэ, бөмбөлөг тээвэртэй холбоотой асуудлаар гомдол санал их байна. Хянан шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газраас дотоод шалгалтаар илрүүлсэн шалгалтын дүнг сонслоо. 2013 онд 380 гаруй мянган тонн нүүрс алдагдсаныг тогтоосон талаар мэдээлсэн. 2018 онд 890 орчим мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байх магадлалтай.

2022 оны шалгалтын дүнгээр давхардсан тоогоор 22 мянга 600 авто машин гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байх магадлалтай байна. Тиймээс манай түр хорооноос нүүрс хулгайд алдагдсаныг тогтоохоор нотлох баримт цуглуулж, зарим хүмүүсийг гэрчээр дуудаж асууж байна.

-Нүүрсний хулгайн асуудлаар нотлох баримт цуглуулж буй юм байна. Энэ хэрэгт улстөрчид хэр их холбоотой байна вэ?

-Нүүрс хулгайд алдагдсан эсэхийг хэлэхэд эрт байна. Одоогоор хяналт, шалгалт явж байгаа болохоор тэр. 2013 оны шалгалтын дүнгээр маш олон зөрчлийг ГЕГ дотоод шалгалт хийж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгосон юм билээ.

Тиймээс 2018 оны Гаалийн дотоод шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй байж магадгүй мэдээллийг цагдаа, АТГ, хуулийн байгууллагад одоогоор шалгагдаад явж байна.

Ямар шатандаа явааг мэдэхгүй байна. Тиймээс УИХ-ын түр хорооны үндсэн зорилго нь нийгэмд яригдаад буй энэ зүйлсийг ил гаргана. Хоёрдугаарт, хянан шалгалтаар мэдээлэл цуглуулж, нотлох баримтаар цугларсан мэдээлэлд шинжээчийн дүгнэлт гаргана. Дараа нь нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн ард түмний дунд нээлттэйгээр УИХ-ын гишүүд, иргэдийн оролцоотойгоор мэдээлэл өгч буй хүмүүсийг дуудаж байцаана. Хэргийн явцын талаар иргэдийн өмнө нээлттэй мэдээлэл тавиулна. Тэрний дараа УИХ-д дүнгээ танилцуулна. Тиймээс зарим зайлшгүй тодруулах ёстой зүйл байгаа. Үнэхээр 22 мянга 600 авто машин нүүрс хулгайд алдсан бол ноцтой асуудал.

"НҮҮРС ТЭЭВЭРТ ЯВАХЫН ТУЛД АВЛИГА ӨГӨХ, ПСР ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ЗОХИОМЛООР ЭЕРЭГ ГАРГАДАГ АСУУДАЛ Ч БИЙ"

-Х.Нямбаатар сайд нүүрсний хулгайн хэрэг удахгүй шүүхэд шилжихийг мэдээлсэн шүү дээ. Ерөнхий сайд өөрөө нүүрсний бүлэглэлийн ард улстөрчид бий болохыг ч өнгөрсөн хавар зарласан?

-Ер нь хэрэг болгоны ард улстөрчдийн нэр байдаг. Үүнийг тогтоох ёстой. Жишээ нь Гашуунсухайтын хилээр өдөр бүр гардаг машин байна. “Чалко” компани “манай машиныг өдөр бүр гаргаад өгөөч ээ” гэдэг хүсэлтийг албан ёсоор тавиагүй байх.  Ямар ч байсан “Чалко” компанитай холбоотой байна уу эсвэл манай ямар нэгэн улстөрчидтэй холбоотой юу гэдгийг бид шалгана. Түүнчлэн төмөр замын асуудал байна. Энэ бүхнийг хянаж шалгаад, хэргийг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. Ингэснээр цаашид хулгай гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Нүүрс тээвэрт явахын тулд, бөмбөлгийн зохицуулалтад орохын тулд шат шатанд авлига өгч, авалцаж байна. Бөмбөлөг гэдэг нь тусдаа хамгаалалттай байшин барьчхаад тэндээс гаргахгүй, оруулахгүй зөвхөн тээвэрт явахад нь гаргадаг хэлбэр юм. Бөмбөлөгт орсон хүмүүсийн ПСР шинжилгээг эерэг, сөрөг гаргадаг асуудлууд ч бий. Түүнээс болоод иргэд олон төрлийн нэр өгчихсөн байна. Жишээ нь ган бөмбөлөг гэдэг нь ерөөсөө задардаггүй, ПСР шинжилгээгээр covid-19 илэрдэггүй, байнгын байж байдаг учраас тэгээд нэрлэчихсэн. Хөөсөн бөмбөлөг гэдэг нь хэд хоног covid-19 гарахад хаагдчихдаг гэх мэт. Нөгөө талдаа бөмбөлөг гэдэг зүйл байх шаардлага байна уу, үгүй юу. Бөмбөлөг үүснэ гэдэг нь тэнд маш олон компаниудын кемп байгуулна. Бөмбөлөгт орохын тулд жолооч нар мөнгө өгч орно. Тээврийн рейс бүртээ тухайн компанид мөнгө төлнө. Тиймээс бөмбөлөг байгуулсан хүмүүс авлига авч байгаа тухай ч асуудал бий. Одоогоор, 300 гаруй бөмбөлөг байхад шинээр бөмбөлөг байгуулна гээд дахиад хүсэлт өгсөн хүмүүс байх жишээтэй.  Энэ мэтийг цэгцлэх шаардлагатай байна.

-“Эрдэнэс Таванттолгой”-ХХК-д онцгой дэглэм тогтоож цаашилбал, нүүрсний оффтейк гэрээг ил болгох нь зөв үү. Энэ асуудлаар Хятадын талтай хэрхэн тохиролцох вэ?

-Нүүрсний оффтейк гэрээг нууцын тухай хуулиар зохицуулсан. Гэхдээ УИХ, Засгийн газраас нүүрсний оффтейк гэрээг нууцаас гаргах ёстой гэж үзэж байгаа. Хянан шалгах түр хороо нууцын зэрэгтэй бүх материалтай танилцах эрхтэй. Энэ хүсэлтээ "Эрдэнэс Тавантолгой" ХКК-ийн БЭТ-д хүргүүлсэн. Нууцын зэрэглэлтэй хэдэн гэрээ байгаа, ямар нөхцөлтэй гэрээ байгуулсан бэ гэдгийг мэдэх шаардлага бий. Тэгэхгүй бол баахан нүүрс зардаг, гэтэл орж ирж буй мөнгө юу ч байхгүй байна. Төлбөрийг нь урьдчилаад зарсан нүүрс, төмөр замын бүтээн байгуулалтад өгсөн нүүрс гэхчлэн орж ирж буй валют байхгүй учраас түүнийг ил болгохоос өөр аргагүй. Засгийн газар ийм шаардлага тавьж байгаа юм билээ. Ер нь ямар нэг гэрээ нууц болох тусмаа нийгэмд хардалт төрүүлдэг. Тиймээс ил болгох тал дээр Засгийн газар онцгой анхаарч байгаа.

Саяхан түр хорооны хуралд Засгийн газраас томилогдсон БЭТ нууцын гэрээг ил болгоно, зарим маш нууцын зэрэглэлтэй гэрээг ил болгох асуудлыг ярилцана гэж байна лээ.

-Эцэст нь дүгнэхэд, нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийг нэрлэхэд эрт байна гэж ойлголоо?

-Одоохондоо нэр дурдах арай болоогүй байна. Нотлох баримт цуглуулж, гэрчийг дуудаж асууж байна. Яг нарийндаа түр хороо АТГ, Эрүүгийн цагдаагийн газрын шалгаж буй хэргүүд рүү орох боломжгүй. Гэхдээ мэдээж хуулийн хүрээнд нотлох баримтыг цуглуулах гэж оролдож байна. Хятадын талаас бүх хил боомтуудаас гарч буй нүүрсний мэдээллийг, Монголын мэдээлэлтэй тулгах юм бол тодорхой болгоно. Хэрэвзээ энийг өгөхгүй бол бид өөрсдөө Гадаад харилцааны яамаар дамжуулж Хятадын Элчин сайдын яаманд хүсэлт тавина.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж