Covid-19 халдварын бүртгэгдсэн тохиолдол огцом нэмэгдсэнээр Хятадын өмнөд хэсгийн үйлдвэрлэлийн төв Гуанжоуг хөл хорионд орууллаа. Ингэснээр олон улсын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтийг огцом удаашруулсан санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлж байна. Бараг таван сая хүн амтай дүүргийн оршин суугчдийг гэрээсээ гарахгүй байхыг тушааж, гэр бүлийн нэг л гишүүн өдөрт нэг удаа хэрэгцээт зүйл худалдаж авахыг зөвшөөрсөн гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. 13 сая хүн ам шигүү суурьшсан хотод сүүлийн 24 цагийн дотор 2,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэний дараа уг тушаал гарчээ.
Гуанжоу хотын ихэнх хэсэгт нийтийн тээврийг түр зогсоож, сургуулиудыг хааж, Бээжин болон бусад томоохон хот руу хийх нислэгийг цуцалсан гэж төрийн хэвлэл мэдээллээ.
Өвчний тоо харьцангуй бага, шинээр нас баралт бүртгэгдэхгүй байгаа ч Хятад улс "Тэг-COVID" хатуу бодлогоо үргэлжлүүлсээр байна. Үүнээс шалтгаалан Хятадын хил ихэвчлэн хаалттай байгаа бөгөөд дотоод аялал, худалдаанд хамаарах хорио цээрийн зохицуулалт байнга өөрчлөгдөж байна.
Хатуу хорио, хязгаарлалт нь оршин суугчид болон орон нутгийн Коммунист намын албан тушаалтнуудын хооронд үе үе мөргөлдөөн гарахад хүргэх болсон. Хэрэв тэдний харьяалагдах нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс дээш халдварын тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд шийтгэл хүлээх болно. Тухайлбал, өнгөрсөн Мягмар гаригт Хятадын зүүн хойд хэсгийн хоиод COVID-19 хорио цээрийн хязгаарлалтыг хэрэгжүүлж буй оршин суугчид болон эрх баригчдын хооронд мөргөлдөөн гарсны дараа долоон хүнийг баривчилсан гэж цагдаагийн газраас мэдээлжээ. Мөргөлдөөний дараа хэнийг баривчилсан нь тодорхойгүй байна. Мягмар гарагийн өглөө олон нийтийн сүлжээгээр баривчлагдсан тухай мэдээ гарсан ч үдээс өмнө тус улсын цензурууд устгасан. Шаньдун хотын цагдаагийн газраас гаргасан мэдээнд олон нийтийн аюулгүй байдал, "иргэдийн хувийн хамгааллын хууль ёсны эрхийг зөрчсөн" хүмүүст хатуу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.
Цар тахлын эсрэг авч буй хатуу арга хэмжээ нь улс орон даяар эсэргүүцлийг бий болгож, Коммунист намын засаглалын үед ховорхон тохиолддог сорилт болж байна.
Хятадын удирдагч Ши Жиньпин засгийн эрхэнд гурав дахь удаагаа таван жилийн хугацаатай үлдэж, үнэнч хүмүүсийг дээд албан тушаалд дэвшүүлсний дараа өнгөрсөн сард идэвхжсэн "Тэг-COVID" бодлогыг засаг захиргааныхаа онцлог шинж чанар болгосон. Үүнд Шанхай хотын намын дарга асан багтаж байгаа. Шанхайд өнгөрөгч зун хөл хорионоос болж нийлүүлэлтийн түгжрэл үүсч, хүнсний хомсдол, эрх баригчидтай сөргөлдөөн гарсан. Улмаар Хятадын үйлдвэрлэл, тээвэрлэлтээс хамааралтай болсон дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд энэ нь ноцтой саад учруулсан юм. Өнгөрсөн долоо хоногт Жэнжоу хотод халдварын тархалт нэмэгдэж, тус хотод байрладаг “Apple” компанийн “iPhone” гар утасны үйлдвэрийн бүсэд нэвтрэх эрхийг долоо хоногоор зогсоосноор ажилчид нь дүрвэсэн. Ажилчид хоол хүнсний хангамж муу, ариун цэвэр, хувийн нууцлалын стандарт баримталдаггүй гэж хорионы төвүүдийг шүүмжилж, тэнд “хоригдохгүйн” тулд олон ажилчин хашаа давж зугтан, хурдны зам даган явганаар дүрвэсэн тухай мэдээлсэн.
“Apple” компани хамгийн сүүлийн үеийн “iPhon” загварын утсаа авахын тулд хэрэглэгчид илүү удаан хүлээх хэрэгтэй болно гэж Ням гаригт мэдэгдээд Жэнжоу дахь “Foxconn” үйлдвэр " бага хүчин чадлаар ажиллаж байна" гэж мэдэгдэв.
Хятадын удирдагчид ДЭМБ-аас гаргасан хөл хорионы зохицуулалтыг хөнгөвчлөх, гадаадын вакцин импортлох тухай зөвлөмжийг эсэргүүцэж, Ухань хотод анх 2019 оны сүүлээр илэрсэн вирусийн эх үүсвэрийн талаар нэмэлт мэдээлэл өгөх хүсэлтийг няцаасан. Улмаар дэлхийн бусад улс орнууд хилээ нээсэн байхад Хятад улсын хил хаалттай хэвээр байна. Түүнчлэн албан тушаалтнууд хязгаарлалтыг хэрэгжүүлэхийн тулд маш их дарамт шахалтанд орсон тул маш болгоомжтой жижиг алхамуудыг хийж эхэлжээ.
Аравдугаар сард дэлхийн эрэлт буурч, вирусийн эсрэг хяналт дотоодын хэрэглээний зардалд сөргөөр нөлөөлсний улмаас Хятад улс худалдаагаа хумьсан тухай мэдээлсэн. Экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.3 хувиар буурч, есдүгээр сард 5.7 хувиар буурсан гэж гаалийн агентлаг өнгөрсөн Даваа гарагт мэдээлэв. Есдүгээр сард импорт 0.3 хувиар өссөн боловч аравдугаар сард эргээд 0.7 хувиар буурсан байна.
"Тэг-COVID" бодлогыг 2023 он гараад зөөлрүүлэх боломжтой гэсэн таамаглал байна. Гэхдээ Хятадын Засгийн газар төлөвлөгөөгөө, тэр дундаа гадаадаас вакцин оруулж ирэх боломжийг маш их нууцалж байна.
Холбоотой мэдээ