Монгол Улсад зөвхөн 2021 онд зүрх судас, хавдраар нийт 10464 хүн нас баржээ. Зүрх судасны тогтолцоо, хавдрын өвчлөлийн нас баралт тэргүүлдэг байна. Энэ бол багахан 2-3 сумын хүн амын тоотой тэнцэх хэмжээний тоо юм. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 онд хавдрын нас баралт 3591 байсан бөгөөд сүүлийн жилүүдэд энэ тоо жилээс жилд нэмэгдэх болжээ. Харин зүрх судасны тогтолцооны өвчлөлийн нас баралт 2012 онд буюу 10 жилийн өмнө 5939 байсан бол 2021 онд 6213 хүн нас баржээ.
Харамсалтай нь манай улсын хүн амын дунд тогтмол эмнэлгийн үзлэг, оношлогоонд хамрагдах нь харьцангуй бага байдаг төдийгүй өвчний үндсэн шалтгаан болсон архи, тамхины хэрэглээ өндөр, өвчний үүсгэвэр болсон амьдралын буруу хэвшил, таргалалт хэвээр байгаад асуудал байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Иймээс хүн бүр өвчнийг үүсгэхэд нөлөөлдөг хорт зуршлуудаас татгалзаж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтын зарчмыг эрхэмлэж, амьдралын аж төрөх зөв хэмнэлийг сонгосноор эрсдэлт өвчлөлүүдээс өөрсдийгөө сэргийлэх боломжтой юм.
“0-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭС 68 ХАВДРЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН”
Сүүлийн таван жилийн зүрх судасны тогтолцооны өвчлөлөөс үүдэж нас барсан байдал:
- 2017 онд 5405
- 2018 онд 5963
- 2019 онд 5531
- 2020 онд 5221
- 2021 онд 6213
Сүүлийн таван жилийн хавдрын өвчнөөр нас барсан байдал:
- 2017 онд 1037
- 2018 онд 4308
- 2019 онд 4582
- 2020 онд 4159
- 2021 онд 4251
Дэлхийн улс орон бүр хүн амын нас баралтын үндсэн шалтгааныг нарийвчлан авч үздэг. Нас баралтын тэргүүлэх шалтгааныг тогтоосноор төр засаг, эрүүл мэндийн байгууллагууд нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад зориулсан аливаа үйл ажиллагаанд чиглэл өгөхөөс гадна иргэдийг эдгээр өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлснээр хүн амын дундаж наслалтыг уртасгах, амьдралын чанарыг ч нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна.
Эрүүл мэндийн яамны зүгээс 2022 оны тавдугаар сарын 1-ээс эхлэн элт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эхлүүлжээ. 2022 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 501.739 хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан иргэдээс өвчлөлийн 269.143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал хортой, хоргүй хавдрын 1,965 тохиолдлыг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, эрт илрүүлгээр 1965 тохиолдлыг илрүүлээгүй бол эдгээр хүмүүс хавдартай гэдгээ ч мэдээгүй өнгөрөх боломжтойг Эрүүл мэндийн сайд онцолж буй. 2022 онд 330 мянга гаруй хүүхэд эрт илрүүлэгт хамрагдсанаас 129,363 өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох 96,662 буюу 74.7 хувь, шүдний гажиг 3,690 буюу 2.9 хувь, хараа муудах 2,147 буюу 1.7 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна.
Мөн Хүүхдийн өвчлөлийн дунд хавдрын 68 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдийн дунд 20 тохиолдол, 6-17 насны хүүхдийн дунд 48 тохиолдол бүртгэгдсэн байна.
Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлж, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг бууруулж, дэлхийн жишигт хүргэх, эрүүл, чанартай амьдрах нөхцөлийг бий болгох бүрэн боломж байгааг С.Энхболд сайд онцолж байв. Харин энэ зорилтод хүрэхэд агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, амьдрах орчны нөхцөл, осол, гэмтэл, ядуурал зэрэг хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, олон салбарын оролцоог хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа аж.
Түүнээс гадна хүн амын эрүүл мэндийн халдварын бус өвчний хоёрдогч эрсдэлт хүчин зүйл нь илүүдэл жин, таргалалт болсон гэдгийг Эрүүл мэндийн сайд онцолжээ. 5 хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь, 6-11 насны хүүхдийн 28,6 хувь нь таргалалттай байгааг 2017 онд хийсэн “Хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгаа”-аар тогтоож байжээ. Харин насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг, гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь нийгмийн эрүүл мэндэд тулгарч болзошгүй хамгийн том эрсдэл болж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.
Монгол Улсын хөдөлмөрийн чадвартай хүн амын 55 хувь нь илүүдэл жинтэй, эдгээрийн 19 хувь нь таргалалт гэдэг өвчний оноштой байдаг аж.
Амьдралын хэв маягаа өөрчилж, зохистой хооллож, биеийн жингээ тогтмол хэмжээнд байлгах нь зүрх судасны өвчлөл, нас баралтын 80, чихрийн шижинг 90 хувь хүртэл бууруулах боломжтойг эрдэмтэд тогтоосон. Мөн зохистой хооллоод биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, амьдралынхаа туршид идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэвэл хорт хавдрын тохиолдлыг 30 хувиар бууруулж болно гэдгийг тогтоосон. Эрүүл мэндийн яам, энэ салбар өвчилсөний дараа биш, өвдөхөөс нь өмнө хамгаалж чаддаг эрүүл мэндийн тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Холбоотой мэдээ