Татвар төлөхөд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Татвар төлөхөд бэлэн үү?

ЗАРЧМААСАА УХРАВ

Улаанбаатар хотын гурван цахилгаан станц жилдээ 3.3 сая тонн нүүрс, 1300 гаруй нам даралтын уурын зуух 1.3 мянган тонн нүүрс, гэр хорооллын 136 мянган айл өрх 0.7 сая тонн нүүрс шатааж, 170 мянган автомашины 50 хувь нь зохих хэмжээнээс илүү хорт утаа ялгаруулсаар нилээд хэдэн жилийг барав. Биднээс хамаарч, бас үл хамааран агаар бохирдсоор энэ асуудлыг шийдэх шаардлага нэгэнт бий болсныг хууль тогтоогчдод сануулав. Монгол Улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь хот, суурин газар оршин сууж байгаа бөгөөд нийслэл Улаанбаатар, Дархан, Орхон, Мөрөн, Ховд, Сайншанд, Зуун мод зэрэг хот, суурин газрын агаарын бохирдол  хөрсний элэгдэл, эвдрэл, хог хаягдлын зүй бус менежмент, ногоон байгууламжийн хомсдол зэрэг нь агаарын тоосжилт, бохирдолд их хэмжээгээр нөлөөлөх, тэдгээрээс улбаатай бохирдсон агаар нь хүүхэд бага насныхны амьсгалын замын өвчлөл болон насанд хүрэгчдийн зүрх судас болон амьсгалын замын өвчлөлүүдийг бий болгоход шууд нөлөөлж байгаа нь өөрөө хууль тогтоогчдод нөлөөлөх томоохон лобби болов. 

Гэвч энэ хууль УИХ-аар батлагдахаас өмнө хоёр жил гаруй боловсруулагдаж гурван ч удаа буцаагдаж байжээ. Учир нь хуулийн төсөлд агаарын бохирдлын төлбөрийг иргэдэд түлхүү ногдуулахаар тусгасан байсан нь ийнхүү удаа дараа унахад хүргэжээ. Хуулийн төсөлд гэр хороололд амьдардаг иргэдийн яндан бүрээс 2000 төгрөгийн татвар авах зэрэг заалтууд байсан нь хэлэлцүүлгийн явцад үгүй болжээ. Хэдий гадаадын нилээдгүй орнуудын хуулинд яндангийн тоогоор татвар авах буюу бохирдуулагч бүрт татвар гэх зохицуулалт байдаг ч үүнийг хүлээж авах цаг нь болоогүй гэж үзжээ.  Өөрөөр хэлбэл төлбөр төлж чадахааргүй иргэдийн амьдралын шаардлага, сонгогчдын дургүйг хүргэхгүй гэсэн болгоомжлол нь хуулийг батлан гаргах “Бохирдуулагч нь төлбөр төлөгч байх” гэсэн зарчмыг бага зэрэг зөрчихөөс өөр аргагүйд хүргэсэн хэрэг. 

Харин дээрх заалтуудын хасан түүхий нүүрсийг хэрэглэгчдээс илүүтэйгээр олборлож байгаа аж ахуйн нэгж, тээврийн хэрэгсэлд агаарын бохирдлын төлбөрийг тогтоохоор заалт оруулсан тул гишүүд санал нэгдэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэн цааш явжээ. 

Хэлэлцүүлгийн дүнд агаарын бохирдлын эх үүсвэр, объект, бохирдуулагч этгээдэд төлбөр ногдуулж,  бохирдлоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах арга хэмжээ авах, агаарын чанарт хяналт тавих, экологид ээлтэй цэвэр түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, иргэдийн эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад шаардагдах  зардлыг нөхөх сан бий болгох зорилгоор агаарын бохирдлын төлбөр төлдөг байх хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагыг хуулиар зохицуулахаар болжээ.

“Цоожинд тааруулж түлхүүр хийдэг болохоос биш, түлхүүрэнд тааруулж цоож хийдэггүй” гэх үг бий. Гэвч нэгэнт нь “цаг нь болоогүй” тул түлхүүрэнд тааруулж цоож хийхээс өөр арга байгаагүй нь энэ.

ХЭРЭГЛЭГЧ БИШ ОЛБОРЛОГЧ ТАТВАР ТӨЛНӨ

Ийнхүү Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж 2010 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлснээр УИХ-аас 2010 оны зургадугаар сарын 24-ны өдөр батлав.

УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэх явцад түүхий нүүрс шатаан утаа гаргаж буй айл, албан байгууллага, замын хөдөлгөөнд оролцож буй автомашины яндан бүрээс төлбөр авахаар хэлэлцэж байв. Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг өөрчилж нэг килограмм түүхий нүүрс олборлоход 1-2 төгрөгийн төлбөр авахаар хуульчлав. Мөн автомашины ангиллаас хамааран 1800-9500 төгрөгийг агаар бохирдуулсны төлбөр болгон авахаар болов. Харин түүхий нүүрсийг гүн боловсруулах замаар үйлдвэрлэсэн шингэн түлш, нэгж километр явахад 120 грамм болон түүнээс дээш нүүрсхүчлийн хий ялгаруулдаг авто тээврийн хэрэгсэл, үр тарианы комбайн, хөдөө аж ахуйн зориулалттай гинжит трактор зэргийг агаар бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл бага овортой, моторын бага эзлэхүүнтэй автотээврийн хэрэгсэл маш бага хэмжээний төлбөр төлөх бөгөөд шинэ автотээврийн хэрэгсэл эхний жилүүдэд төлбөрөөс бүрмөсөн чөлөөлөгдөхөөр хуульд оруулсан байна.

Мөн агаарын бохирдлын төлбөрийг түүхий нүүрс олборлогч, органик уусгагчийг үйлдвэрлэгч, органик уусгагчийг импортлогч,, автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч нь агаарын бохирдлын төлбөр төлөгч байхаар хуульчилсан бөгөөд төлбөрийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэн улмаар Агаарын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу бий болж байгаа Цэвэр агаарын санд оруулж байхаар боллоо.

ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ ДАРАА

Хууль хэрэгжиж эхэлснээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эрх үүрэг, хүлээх хариуцлагаа ухамсарлаж, агаар бохирдуулах үйл ажиллагаагаа хянах механизмыг бий болгосноор хэрэглэгчид бохирдлыг багасгах талаар өөрсдийн санаачилга гаргах, зөвхөн эдийн засгийн ашгийг харах бус бас байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүн сонгох нөхцөл бүрдэх нь зайлгүй. Түүнчлэн агаарын бохирдолтой тэмцэх санхүүгийн тодорхой эх үүсвэр бүрдэх юм.

Гэвч хууль батлагдсан ч хүчин төгөлдөр үйлчилж хэрэгжих хүртлээ дахиад хэсэг хугацааг өнгөрөөх нь бий. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа ялгаатай цөөн тохиолдол байдаг. Эхний тохиолдолд гарсан даруйдаа хүчин төгөлдөр үйлчилж эхэлдэг. Эсвэл батлагдсанаас 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болдог. Мөн Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болдог зохицуулалт бий. Эдгээр нь хуулийн талаар олон нийтэд хүргэх зорилготой аж. Өөрөөр хэлбэл тус хуулийн хэм хэмжээнд хамаарагдаж буй субъектүүд ашигтай байх зарчмыг баримтлан дээрх хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг тогтоодог байна.

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль батлагдсанаас хойш яг хоёр сар болж байна. Үүнээс хойш төрийн мэдээлэл сэтгүүлийн дугаар 29-д наймдугаар сарын 4-ний өдөр нийтлэгджээ. Өөрөөр хэлбэл яалт ч үгүй хууль үйлчлээд эхэлжээ. Гэвч хууль хэрэгжүүлэх байгуулагынхан амралтын “хөлдөлт”-өөс гараагүй байгаа бололтой. Хууль батлагдсантай холбогдуулан аргачлал, журам боловсруулагдсан эсэхийг асуухад хууль батлагдсаныг ч мэдэхгүй сууж байх юм. Уг нь төрийн албаны ажилчдын амралтаа авсан нь хууль хэрэгжүүлэхийг хойшлуулах нөхцөл болохгүйгээс хойш хуулийг хэрэгжүүлэх ажил урагшлах л учиртай.   

Мэдээж өдөр ирэх бүр цаг агаар хүйтэрч, хот дахин утаанд бүрхэгдэх болно. Мөн хүйтрэх тусам “хөлдөлт” гэсэх болно. Нэгэнт агаар бохирдуулагчид төлбөр төлөхөөс хойш ядаж л агаарт илүү хорт утаа ялгаруулдаг машинаас татгалзвал дээр биш үү.

 Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж