Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ "СОР27" ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцов. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны арваннэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцлоо.
Ерөнхийлөгч энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 27 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 110 улсын төр, засгийн тэргүүн оролцсон.
ШҮҮХ ХОЁР ӨӨР ХЭРГИЙГ НЭГТГЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
"No war" хөдөлгөөний таван иргэнд үүсгэсэн хоёр эрүүгийн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж шүүх шийдвэрээ гаргасан юм. Шүүх тэдгээр таван иргэнд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.
Тодруулбал, иргэн Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг.
Уг гомдлын талаар анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шалгаж шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээрх тусдаа хоёр хэргийг прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, шүүхийн шийдвэр гарсан байдаг.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “МАН нь NoWar, NoNaadam хөдөлгөөний эсрэг болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах цуглах эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг хүндэтгэх болно. Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ” хэмээн тайлбарлажээ.
Б.БОЛОР-ЭРДЭНИЙГ ДЭД САЙДЫН АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨВ
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдэж, түүнийг Засгийн газрын шийдвэрээр албан тушаалаас нь чөлөөлөв. Тэрбээр "NextGen Government буюу шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн. Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа. Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна. Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, харлуулах технологи, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна" гэдгийг үгэндээ дурджээ.
"УУРХАЙГААС ГАРСАН МАШИНЫГ ЦАХИМААР ХЯНАНА"
Бүхэл бүтэн ард түмний нүд Майк Шаравжамц дээр байгааг та мэдэхгүй байх. Дэйтоны их сургуулийн сагсан бөмбөгийн “Flyers” багт тоглож буй 203 см өндөртэй шинэхэн оюутан улирлын эхний тоглолтоо Линденвудын их сургуулийн эсрэг хийхдээ гайхалтай байсан.
Ш.Энхийн-Одын Америк нэр нь Майк билээ. “24/7 Sports” сайтын гаргасан чансаагаар 91 дүгээрт эрэмблэгдсэн Майк Шаравжамц коллежийн анхны тоглолтоо 10 оноо, таван ашигтай дамжуулалт, гурван самбараас бөмбөг авалттай дуусгасан. Түүний дэлхий даяар фэнүүдийн хувьд түүний энэхүү өөртөө итгэлтэй дебют нь баярлах шалтгаан нь болсон биз.
Майк Шаравжамц нь NCAA-ийн нэгдүгээр дивизоны тэтгэлэг хүртсэн анхны монгол тамирчин бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд Дэйтоны гараанд нэрлэгдсэн хоёр дахь нэгдүгээр курсын оюутан аж.
Хүүгийнхээ "NCAA"-ийн анхны тоглолтод Ц.Шаравжамц буюу “Шарк” хүрэлцэн иржээ. “LSU”-ийн дасгалжуулагч асан Дэйл Браун түүнтэй уулзах хүртэл 2.13 см өндөртэй “Шарк” Улаанбаатарт дотоодын лигийнхээ од нь байсан гэнэ.
Дасгалжуулагч Дэйл Браун Германы цэргийн баазаас домогт сагсан бөмбөгчин Шакил О’Нилийг 12 настай байхад нь нээн илрүүлжээ.
Браун анхандаа Ц.Шаравжамцыг коллежийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг болж чадна гэж бодож байв. Харамсалтай нь, тухайн үед Ц.Шаравжамц 27 настай байсан учир коллежийн сагсан бөмбөгт тоглох боломжгүй байлаа. Харин үүний оронд Ц.Шаравжамц “Harlem Globetrotters” багтай гэрээ байгуулан Монголын анхны мэргэжлийн сагсан бөмбөгчин болжээ.
АН:2023 ОНД МОНГОЛ ӨРӨӨ ДААХГҮЙ ДАМПУУРАХ ЭРСДЭЛТЭЙ
Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгээс /2022.11.11/ мэдээлэл хийсэн.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-АН ирэх оны төсвийн төслийг анхнаас нь эсэргүүцэж ирсэн. Иргэд ядуурч, улсын өр нэмэгдэж дампуурах эрсдэлтэй боллоо. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байсан бол өнөөдөр хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Эрх баригчдын төсөв санхүүгийн хүрээнд баримталж байгаа бодлого буруу байна. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс амлалтаа ажил хэрэг болгож, биелүүлэхийг шаардаж байгаа юм. 2023 он гарангуут төсвийн тодотголын асуудал яригдах нь.
Бид улсаараа дампуурах нөхцөл байдал ойрхон болоод байна. Төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөөд батлаад явж байна. АН-ын бүлгийн зүгээс удаа дараа акцууд гаргаж, сануулсаар ирсэн. Ирэх жил 1.5 тэрбум ам.долларын бонд болон барилга бүтээн байгуулалтад их хэмжээний төсөв батлах гэж байна. Улс дампуурах эрсдэлтэй байхад хэт өөдрөг төсөөлөлтэй төсвийг батлах нь утгагүй. Эрх баригчид асуудлыг зөөллөж байгаа болохоос бодит байдал дээр бодлогын алдаа нь хэтэрчихсэн. Валютын нөөцийг нэмэх дээр албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлээд ямар ч нөлөөгүй.
2023 ОНЫ ТӨСВИЙГ 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ БАТАЛЛАА
УИХ-аар Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийн төслийг эцэслэн баталлаа. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Тодруулбал, Засгийн газрын өргөн мэдүүлсэн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 127.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 127.7 тэрбум төгрөгөор буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 0.23 хувиар баталлаа.
Мөн Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн хууль, 2023 оны Нийгмийн даатгалын сангийн тухай хууль, 2023 оны Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүд нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ.
Холбоотой мэдээ