ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Балид болох "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж мэдэгдсэн. Улс төр судлаач Сергей Марков хэлэхдээ "Путин Херсоноос ухарсны дараа бусад удирдагчтай нүүр тулахыг хүсэхгүй байна, учир нь тэд түүнийг бүрэн бууж өгөхийг шавдуулах болно" гэлээ. Путины цэргүүд Херсонд бууж өгсөнтэй холбогдуулан Оросын олон нэр хүндтэй хүмүүс засгийн газрыг шүүмжлэх болсон. Тэдний нэг бол Марков юм.
Тэр Путины "Их-20"-д оролцохгүй байгаа шалтгааныг гурван янзаар тайлбарлажээ. Нэгдүгээрт, АНУ, Их Британи, Украины тусгай албадаас Путины амь насанд халдах оролдлого хийх магадлал өндөр байна гэж тэр үзсэн. Хоёрдугаарт, Путины нэр хүндийг унагаж, тохуурхах магадлалтай. Гуравдугаарт, тэд Путинд дарамт шахалт үзүүлж, бууж өгөхийг шаардах болно гэж Марков хэллээ.
"Хэрэв Орос ялахыг хүсвэл эдийн засгаа цэргийн дэглэмд шилжүүлэх ёстой. Бид хэдийнэ зургаан сараар хоцорч байна. Дрон, пуужин зэргийг манай үйлдвэрүүд өдөр шөнөгүй үйлдвэрлэх ёстой" гэдгийг мөн Марков онцлов.
Ухралтыг нөлөө бүхий хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал, “Комсомольская правда” сонины дайны шинжээч Сергей Мардан хэлэхдээ “Херсон хотоос ухарснаар цэргийн тусгай ажиллагаа үүгээр дуусч байна. Одоо урт удаан дайн эхэлнэ" гэв. Тэгвэл Путины дуу хоолой гэгддэг Владимир Соловьев Орос одоо хэцүү цаг үетэй тулгараад буйг хүлээн зөвшөөрсөн. Путины хамгийн үнэнч суртал ухуулагчдын нэг, "RT" агентлагийн дарга Маргарита Симонян ухралтыг зальтай төлөвлөгөө байсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ