Аймаг, сумдын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн төлөөллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд өчигдөр /2022.11.11/ Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал нар хүлээн авч уулзсан байна.
Уг уулзалтын үеэр мэргэжилтнүүдийн зүгээс халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомж, бодлогыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар, мөн үйлчилгээний цахимжуулалтын явц, сайн үр дүнгийн талаар удирдлагуудад танилцуулж, санал солилцжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:
-Нийгмийн халамжийн хуулийн шинэчлэлийн хүрээнд зорилтот бүлгийн өрх, иргэнд халамжийг хэрхэн оновчтой хүргэх, хөтөлбөрүүдийг нэгтгэх, халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих бодлогыг хуулийн төсөлд тусгахад анхан шатны нэгжид ажиллаж байгаа та бүхний санал чухал ач холбогдолтой. Цаашид нийгмийн ажилтнуудынхаа нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч, орон нутагт ажиллаж байгаа ажилтнуудын цалингийн шатлал, нэмэгдлийн асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.
Холбоотой мэдээ