Афганистан улсад эмэгтэйчүүдийг олон нийтийн амьдралд оролцуулахгүйн тулд Кабулын бүх цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэхийг хоригложээ. Талибууд 2021 оны наймдугаар сард засгийн эрхийг гартаа авснаас хойш эмэгтэйчүүдийн эрх чөлөө эрс хязгаарлагдах болсон.
Эр эм хүйстэй холбоотой талибуудын дүрэм ёсоор эмэгтэйчүүд долоо хоногийн гурван өдөр буюу Ням, Даваа, Мягмар гаригт цэцэрлэгт хүрээлэн орох эрхтэй байсан. Харин үлдсэн дөрвөн өдөрт нь эрчүүд цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлдэг байжээ. Тэгвэл одоо эрэгтэй ах дүү, төрөл саднаа дагаж явсан ч эмэгтэйчүүд цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэх эрхгүй болов. “Цэцэрлэгт хүрээлэнгүүд Исламын шашны хуулийг дагаж мөрддөггүй тул бид үүнийг хийсэн” гэж Буяныг түгээн дэлгэрүүлэх, муугаас урьдчилан сэргийлэх яамны хэвлэлийн төлөөлөгч Мохаммед Акиф хэлжээ.
Цэцэрлэгт хүрээлэн рүү орж чадалгүй үүднээс нь буцсан нэгэн эмэгтэй хэлэхдээ “Эх нь хүүхдээ дагуулаад ирэхэд оруулах ёстой. Учир нь энэ хүүхдүүд сайн сайхан зүйл үзээгүй. Тэд тоглож, зугаацах ёстой” гэжээ.
Талибууд 1990-ээд оны үеийнх шиг харгис хэрцгий хэлмэгдүүлэлт хийхгүй гэж амласан. Гэвч эмэгтэйчүүд эрэгтэй харгалзагчгүйгээр хол явах хориотой байна. Мөн өсвөр насны охидыг сургуульдаа явахыг зөвшөөрнө гэж амласан ч тус улсын ихэнх хэсэгт энэ дүрэм үйлчлээгүй л байна. Эдийн засгийн гүн хямралд орсон улсын хөгжлийн санхүүжилтийг сэргээх нь эмэгтэйчүүдэд хандах хандлагаа өөрчлөхөөс шалтгаална гэж барууныхан үзжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ