-Хүүхдийн эсрэг урьд өмнө дуулдаж байгаагүй онц хэрцгий хэргүүд гарах боллоо. Үүнд ямар шалтгаан нөхцөл нөлөөлж байна вэ?
-Хүүхдийн амь насыг бүрэлгэх, хүчиндэх хэргүүд олноор гарч байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Нийгэм тэр аяараа энэ байж боломгүй гаж үзэгдлийг байдаг л юм шиг хүлээн авах болсон нь харамсалтай. Өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэл зүй цочирдож, сэрдхийсэн байдлаар хүлээн авахаа больчихжээ. Гэмт хэрэг гарч л байдаг, мэдээлж л байдаг гэсэн байдлаар хандаж байна. Тиймээс хэрхэн сэрэмжлэх тухай асуудлыг ярих ёстой. Хүүхдийг хамгаалахдаа төр засаг, байгууллага, эцэг эхийн зүгээс тавих анхаарал халамжийг дээд цэгт хүргэх нь чухал. Энэ үзэгдлийн шалтгааныг хайхдаа хэн нэгнийг буруутгахыг л урьтал болгодог. Жишээлбэл хүүхдийн байгууллагууд юу хийдэг юм бэ гэх мэтээр хариуцлага тооцох гээд байдаг. Эцсийн эцэст энэ нь цэвэр гэр бүлийн асуудал, эцэг, эхийн хариуцлага, анхаарал халамж асар муу байгаагаас ийм хэргүүд олноороо гарч байгаа. Өнөөдөр бага насны хүүхдийг хүчирхийлж амь насыг нь хэрцгийгээр бүрэлгэсэн этгээд нийслэл хотод хоёр хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод явж байна. Энэ хүн тохирсон шийтгэлээ эдлэх нь гарцаагүй. Харин хойшид ийм хэрэг дахин гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх асуудлыг дээд зэргээр хангах нь чухал.
-Тэгэхээр эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас онц ноцтой хэргүүд гарч байна гэж ойлгож болох уу?
-Нийгмийн өөр олон хүчин зүйл байж болох ч бид өнөөдөр хүүхэддээ хэтэрхий бага анхаарч өдөр хоногийг аргацааж, мөнгөний төлөө хөөцөлдөж байгаа нь хүүхдийг гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэг үйлдэх, хууль зөрчих байдалд хүргэж байгаа нь харагддаг. Жишээ нь манай төвийнхөн эдгээр хүүхдүүдийн цаана ямар амьдрал байгааг судлахад захын гэр хорооллын, эцэг эх нь ажилгүй, хүүхэддээ хараа хяналт тавьдаггүй, хөдөө орон нутгаас шилжиж ирсэн, засаг захиргааны харъяалалгүй, хүүхдээ битгий хэл өөрсдөө хэрхэн амьдрахаа мэдэхээ больсон эсвэл ээж аав нь наймаа хийдэг айлын хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэг үйлдэх, гэр орноосоо дайжин, тэнэмэл амьдралаар амьдрах нь түгээмэл байгаа нь анзаарагдсан.
-Тэдний төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд юу хийж байна вэ?
-Тэнэмэл амьдралтай, өнчин, хэн нэгний хараа хяналт огт байхгүй байнаа гэдэг ямар ч эрсдэл хүлээхэд бэлэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл нь амьдрал нь ямар ч баталгаагүй. Тэднийг хааяа нэг баривчилж, хэд хоног хооллож эрүүл мэндийн үзлэгт оруулахаас хэтрэхгүй байна шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдэд зориулсан ямар үйлчилгээг бий болгох ёстой вэ, гэр бүлд нь буцаах үйлчилгээ байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Хамгийн түрүүнд эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүрч ажиллах ёстой хороо, дүүргийн засаг дарга нар, нийгмийн ажилтнууд 10 мянга, 70 мянгын дэвтэр олгохоос өөр юм хийдэггүй. Гэтэл тэдний нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол гэр бүл, тэр дундаа анхаарал татсан гэр бүлтэй ажиллах. Тухайн хүний хүч хүрэхгүй, арга туршлага, хөрөнгө мөнгө дутаж болно. Ядаж л холбогдох хүмүүст танилцуулж, хамтран ажиллах үүргээ биелүүлэх хэрэгтэй шүү дээ. Энэ нэг байгууллагын ажил биш бүх нийтийн асуудал юм. Тиймээс ойрын хугацаанд хүүхэд хамгааллын цогц бодлоготой болох хэрэгтэй. Хүүхдийн эрх олон хэлбэрээр зөрчигдөж байгаа нь манай улсад хүүхэд хамгааллын тогтолцоо бүрдээгүй байгааг харуулж буй хэрэг. Бид тогтолцоогоо өөрчлөөгүй тохиолдолд энэ талаар мянга яриад үр дүнгүй.
-Хүүхдийн эрх зөрчигдөж, гэмт хэрэгт өртөж байгаа талаар тоо баримт ярих нь их байдаг шүү дээ?
-Тиймээ. Бид хэдэн хүүхэд асрамжинд, гудамжинд, хориход, бэлгийн хүчирхийлэлд, дарамт шахалтад байгаа талаар маш их ярьдаг. Үнэндээ энэ бол асуудлыг шийдэх гарц биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар их асуудаг. Би сүүлдээ бүр залхаж эхэллээ. Хүүхдийн асуудлыг эмзэг болгож, томруулж харагдуулах гээд яриад байгаа юм шиг сэтгэгдэл төрөхөөр. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл “яг одоо юу хийх ёстой вэ, хэрхэн хүүхдээ хамгаалах вэ, яаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх вэ” гэдгийг л ярих нь зүйтэй. Ингэхийн тулд хүүхдэд үзүүлж буй үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, хариуцах эзэнтэй, хариуцлага тооцох механизмтай болгоё гэдэг асуудал тавиад байна.
-Өнөөдөр манай эцэг эхчүүдийн гэр бүлдээ хүлээх үүрэг хариуцлага хангалттай байж чаддаг уу?
-Үнэхээр хангалтгүй. Жишээ нь хүүхдэд олгож байгаа халамжийн мөнгийг манай эцэг, эхчүүд тэдний хүмүүжил, боловсролд бус өөрсдийнхөө хэрэгцээнд л зориулдаг. Тэр ч байтугай халамжийн мөнгө авахын төлөө хүүхэд төрүүлж, эргээд хүүхдээ өсгөх, хүмүүжүүлж чадахгүй нийгмийн золиос болгох жишээтэй. Гэр бүл болж буй хосууд тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр хандаж ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй байгаагаас ганц хоёрхон жилийн дараа салж хүүхдээ өнчрүүлж байгаа нь бидний өдөр тутмын амьдралаас харагдана. Судалгаанаас харахад ихэвчлэн 22-26 насандаа салсан жишээ олон бий.
-Энэ тохиолдолд гэр бүлийн тухай хуулиараа хэрхэн зохицуулж байна. Зүйл заалтад нь өөрчлөлт оруулах шаардлага бий юу?
-Манай улсад үйлчилж гэр бүлийн тухай хуулинд “гэр бүл салсан тохиолдолд эцэг эхийн аль нэг нь нөхөн төлбөр төлнө” гэхээс өөр дорвитой заалт байхгүй. Тиймээс энэ хуулинд эцэг эхийн хариуцлагын талаар нарийн тодорхой зүйл заалт оруулж шинэчилэн найруулах шаардлагатай. Гэр бүл болно гэдэг хоёр хүний эрхийн асуудал боловч цаашдаа хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг умартаж болохгүй. Хүүхэд гэдэг төрийн хайр халамжинд байх, насанд хүрээгүй учраас онцгой хэрэгцээ, онцгой эрхийг шаарддаг. Хүүхдийг хувцаслах, хооллох, сургах бол наад захын л хэрэгцээ. Гэр бүл болохыг зөвхөн хоёр хүний эрхийн асуудал гэж ойлгоод байгаа нь харамсалтай. Тиймээс төрөөс гэр бүлийг хэрхэн дэмжих вэ, залуу гэр бүлийн амьдралд яаж нөлөөлөх вэ гэдгийг чухалчлах ёстой. Гэр бүл төлөвлөлтийг хийхгүй байгаагаас хүүхдүүд нийгмийн “золиос” болж эдгээр хүүхдүүдийн асуудал бидний толгойны өвчин болоод удлаа.
-Тэгвэл чухам юу хийх ёстой юм бэ?
-Жишээ нь манайх төрийн бус байгууллага. Далайцтай, дорвитой ажил хийхийн тулд мөнгө хэрэгтэй. Гэтэл зөвхөн төсөл хөтөлбөрт хязгаарлагдаж үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр үндсэндээ ТББ-ууд “сайн дурын уран сайханч”-тай л адил болчихоод байна. Болоод өнгөрсөн үйл явдлын хойноос мянга хашгираад ч нэмэргүй, бас үр дүнгүй. Харин хэрвээ таны хөрш, найз, хамаатан садан, танил хэн ч бай хүүхдийнхээ эрхийг ямар нэг байдлаар зөрчиж байгааг мэдвэл хуулийн байгууллагад мэдээлдэг байх ёстой. Гэтэл манайхан хажуу айлынх нь хүн хүүхдээ хөнөөж байсан ч нүдэн балай чихэнд дүлий өнгөрдөг шүү дээ. Энэ нь гэр бүлийн хүрээн дэх хүчирхийллээс даваад өөрсдийнх нь амь насанд хүртэл аюул учруулж болзошгүйг ухаардаггүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэрхэн шийтгэж байгааг мэдээлээч гэхийн оронд өөрсдөө өдөр бүр урьдчилан сэргийлж, иргэний үүргээ биелүүлдэг баймаар.
-Хараа хяналтгүй юмуу, асрамж халамжийн төвийн хүүхдүүдийг хил дамнуулан худалдах, эд эрхтнийг нь зарж байна гэх яриа байдаг. Энэ тал дээр судалгаа хийдэг үү?
-Энэ талаар янз янзын яриа байдаг нь үнэн. Хүүхдүүдийг хуурч мэхлэх, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хилэээр гаргах зэрэг асуудал нэлээд дуулддаг. Гэхдээ бид үүнийг нотлох үүрэгтэй байгууллага биш учраас тодорхой хэлж чадахгүй. Харин хүүхдийн төлөө ажилладаг бүхий л байгууллагын үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт хяналт тавих хэрэгтэй. Мөн ийм төрлийн гэмт хэргийн золиос болох магадлалтай хүүхдүүдийн талаар нарийн тоо, мэдээлэл, судалгааны сүлжээтэй болох зүйтэй юм.
-Хүүхдийн төлөө ажилладаг асрамж халамжийн төвүүд үнэхээр тэдний эрх ашгийг хамгаалж чадаж байна уу?
-Ер нь өөрсдийнхөө хэмжээнд ажиллаж байгаа. Гэхдээ хүүхдээр халхавч хийж ашиг хонжоо олох гэсэн хэсэг байхыг үгүйсгэхгүй. Харж хандах хүнгүй хүүхдийг хооллож, хувцаслаж гадаа хонуулахгүй байх сайн талтай ч гэр бүлийг орлож чадахгүй. Гол нь хүүхдэд үзүүлж буй үйлчилгээ нь үнэхээр чанартай байна уу, хүүхдийн эрхэд суурилсан уу, тэдний наад захын хэрэгцээ оролцоо шаардлагыг хангаж байна уу, багш нарын хүүхэдтэй харилцах ур чадвар ямар вэ гэх мэт олон шаардлага бий л дээ.
-Эдгээр хүүхдүүдийг гэр бүлд нь буцаан оруулах нь хүндрэлтэй юу?
-Урт хугацааны vйл ажиллагаа явуулах шаардлага тулгарна. Тухайн хvvхдийн гэр бvлийг судлах, хооронд нь дасгах, vр хvvхдээ, эцэг, эхээ гэсэн сэтгэлтэй болгох зэрэг тусгай хөтөлбөр хэрэгтэй. Мөн хvvхдийн хэрэгцээ, тvvнийг гэр бvлд нь хvлээж авах орчинг бvрдvvлж, гэрээсээ явахгvй байх сэтгэлзvйн дархлааг бий болгох нь чухал. Ер нь хүүхдийг аль болох гэр бүлийн хүрээнд л хүмүүжүүлэх хэрэгтэй. Олон улсын жишгээс харахад хүүхдийг асрамжийн төвд өгөх нь хамгийн эцсийн шатны арга байдаг. Учир нь асрамжийн төвүүд хүүхдийг зөв төлөвшүүлж, нийгэмшүүлж чадахгүй. Тэд насанд хүрээд асрамжийн төвөөсөө явахдаа олонх нь гэмт хэрэгтэн, биеэ үнэлэгч, архичин болох юмуу золгүй байдлаар нас бардаг. Хүүхдийг хэн нэгний хайраар өсгөж хүмүүжүүлэх ёстой.
Гэтэл манай эцэг эхчүүд бэлэнчлэх байдлаар хандаж, ажилгүй, ядуу гэсэн шалтгаанаар хүүхдүүдээ гудамжинд хаяж, асрамжийн төвд өгч байгаа явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Хайранд өссөн хүүхэд зөв хүн болж төлөвшдөг бол харгислалд өссөн хүүхэд харгис хэрцгий нэгэн болж хувирдаг нь гарцаагүй үнэн.
-Нийгмийн хамгийн эмзэг асуудлын талаар ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Ээж аавын хайр, дотно харилцаа, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, зөв хандлага, зөв үлгэр дуурайлал хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлнэ. Нийт эцэг эхчүүд, залуу хосууддаа хандаж хүүхдийн хувь заяа та бүхний гарт байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Мөн хэлбэрийн төдий байдал, өнгө мөнгөөр хүүхдээ битгий хүмүүжүүлээсэй, эцэг эх байх үүргээ ухамсарладаг байгаасай гэж хүсье.
С.Отгонсүрэн