Тойм: "Монголыг сэхээнээс аврах бодлого төсөвт харагдахгүй байна"

Хуучирсан мэдээ: 2022.11.12-нд нийтлэгдсэн

Тойм: "Монголыг сэхээнээс аврах бодлого төсөвт харагдахгүй байна"

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна. 


"МОНГОЛЫГ СЭХЭЭНЭЭС АВРАХ БОДЛОГО ТӨСӨВТ ХАРАГДАХГҮЙ БАЙНА"

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын намрын ээлжит чуулганаар 2023 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийг том зургаар нь хэрхэн харж буй гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Төсвийг орж ирсэн цагаас нь харахад сэтгэл эмзэглүүлсэн нөхцөл байдал угтлаа. Эрх баригчид 62-ын бүлэгтэй болохоор хүчлээд батлуулах байх. Төсвийн хууль, түүнийг дагаж орсон хуулиудаар хаацайлж албан тушаал нэмж байна. Үнэндээ ирээдүйд чиглэсэн, Монгол Улсыг өр зээлээс гаргах, эдийн засгийг сэргээх бодлого байхгүй байна. Нэг их наядын хэмнэлт байтугай, 1.5 их наядын алдагдалтай төсөв орж ирсэн.  Өөрөөр хэлбэл, эрх баригчид улс орны ирээдүйн нөхцөл байдлыг бодитоор харж чадахгүй байна. Үндсэндээ, улс орон дампуурлын ирмэг дээр зогсч байна. Хэдийгээр эскпорт сайжирч, нүүрсний гарах хэмжээ нэмэгдэж байна гэх боловч урьдчилаад “аваад идчихсэн” төлбөрт нүүрс гараад байна уу гэхээс шинээр орлого орж ирж буй зүйл бараг байхгүй байна. Халамжийн бодлогыг танахад зориг гаргахгүй байна, МАН.

Агуулгаар нь ярих юм бол 2024 он нүдэнд нь харагдаад, сонгуульд зориулсан төсвийн төслүүд хэлэлцэгдээд, эрх баригчид олонхиор батлаад явж байна.

Жишээлбэл, ажилгүйдэл их байгаагийн шалтгаан нь Монголд гурван өрх тутмын хоёр нь халамж авч байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"ИПОТЕКТ УЛСТӨРЧИД ОРОЛЦБОЛ ХӨТӨЛБӨР НУРНА"

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл дахин  хойшлуулах эсэх саналыг УИХ-аас ажлын хэсэг гарган судалж буй. Тус ажлын хэсгээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин сунгах шийдвэрийг үргэлжлүүлэх саналтай байгааг илэрхийлсэн. Шийдвэрийг энэ долоо хоногт эцэслэх юм. Үүнтэй холбоотойгоор Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амартай ярилцлаа.

-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хоёр жил шахам хойшлуулсан. Гэтэл эрх баригчид эргэн төлөлтийг ахиад зургаан сараар хойшлуулах тухай яриад эхэллээ.  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр зээлийн эргэн төлөлтийг хойшлуулбал эдийн засагт сөргөөр нөлөөлөх үү?

-Төр засаг хэт попорч, буруу бодлогыг хэрэгжүүлбэл нийт эдийн засагтаа хортой.  Ипотекийн зээлийг авсан 400 гаруй мянган иргэн буюу 106 мянган өрх бий. Тэдний зээлийг хойшлуулбал нөгөө талдаа байгаа зээл авахаар хүлээж буй иргэдийн эрх ашгийг хохирооно. Өөрөөр хэлбэл, гурван сая гаруй иргэний ипотекийн зээлд хамрагдах боломжийг хулгайлж байгаа юм. Ипотекийн хөтөлбөр зээл авсан иргэн эргэн төлөлтөө хийснээр дараагийн хүнд зээлийн эрх нээгддэг тогтолцоотой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эргэн төлөлт хийгдэхгүй байгаагаас шалтгаалж, мөнгөн урсгал нам зогссон.  Эрх баригчид үүнийгээ олж харалгүй Монголбанкыг зээл гарга гэж баахан шахсан. Үүнээс болж их хэмжээний мөнгө хэвлэж гаргаж, инфляцын дарамт үүсэх эрсдэлтэй болсон. Тиймээс л Монголбанк зээлийгхязгаарлахаас өөр аргагүйд хүрсэн.

Цаашид энэ хөтөлбөрийг үргэлжүүлж, утаа угаартай тэмцье, гэр хорооллыг барилгажуулна гэж төлөвлөж байгаа бол эргэн төлөлтийн хойшлуулалтыг дахин сунгаж болохгүй.

Эргэн төлөлтийг хойшлуулж, хөтөлбөрийг цааш  нь үргэлжлүүлнэ гэвэл Монгол Улсын валютын нөөцийг улам багасгахад хүрнэ. Нийт эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Төр иргэдийнхээ боломжийг хулгайлж болохгүй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


“НАМЫН ДАРГАД “ХҮНИЙ ЭРХ” ГЭЖ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ”

Хуульч Л.Галбаатартай үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар ярилцлаа.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө бол ардчиллын суурь ухагдахуун. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн залууст шүүхээс ял өглөө. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Байж болохгүй буруу жишиг. Үндсэн хуульд зааснаар хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож болохгүй. Харин намын дарга гэдэг албан тушаалтны хувьд “хүний эрх” гэж ойлголт байхгүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх нь намын даргын эрхээр хязгаарлагдах ёсгүй.

Нэр бүхий залуусыг буруутгаж, ял оноосон Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Энд бас л намын даргын бус хүний нэр төрийн тухай ярьж байгаа.

Нөгөө талаар хүний нэр төр, алдар хүндийг хохироосон эсэхийг зөвхөн Иргэний хуулийн дагуу иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх ёстой, энэ асуудлыг эрүүжүүлж болохгүй гэсэн маш тодорхой зөвлөмжийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2015, 2020 онд Монгол Улсын засгийн газарт өгсөн. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлнэ гэж амлалт авсан хэдий ч Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгоогүй хэвээр явж байгаагийн үр дагавар гарсаар байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"СУРЛАГА, ХҮРЭЭЛЭЛ САЙТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ДЭЭРЭЛХЭЛТ ИХ БАЙНА"

“Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Я.Мөнхчимэгтэй үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, цахим дарамтын талаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт "Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтын эсрэг олон улсын өдөр" тохиолоо. Үүнтэй холбогдуулан та бүхэн аян өрнүүлсэн. Аяны талаарх ерөнхий мэдээллээсээ хуваалцаач?

-Манай байгууллага 2020 онд тодорхой бүлгийн хүүхдүүдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй саад бэрхшээлийн судалгааг хийсэн. Судалгаанд ажиглагдсанаар боловсролын орчинд ялгаварлан гадуурхалтад өртөх нь боловсрол эзэмшихэд тулгарч буй нэг саад бэрхшээл гэдэг үр дүн гарсан. Хэд хэдэн кэйс цуглуулсан. Мөн гишүүн байгууллагуудынхаа өсвөр үе, залуучуудын дунд хийсэн хүчирхийллийн судалгаануудтай танилцахад үе тэнгийн дарамт дээрэлхэлт нь нийгмийн тулгамдсан асуудал байсан. Тэр дундаа ялгаварлан гадуурхалтад суурилсан үе тэнгийн дарамт дээрэлхэлт нь жендэрт суурилсан хүчирхийлэл юм байна гэж үзсэн. Ингээд сургуулийн орчинд үүнийг хэрхэн шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх үүднээс эцэг эх, багш, сургуулийн удирдлага, сурагчдад зориулсан гарын авлага боловсруулсан. Гарын авлагаа 2021 оны хавар сургуулиуд дээр хэрэгжүүлж найман аймгийн 29 сумын 32 ерөнхий боловсролын сургууль дээр ажиллаж байгаа “Сургуулийн эцэг эх, багшийн холбоо”-тойгоо хамтран нэг сарын хугацаатай аян өрнүүлсэн. Яг цар тахлын улмаас хөл хорио тогтоосон, хичээл цахимаар орж байсан үе л дээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж