Орос, Украин улсууд их бууны сум болон бусад зэвсгээ асар хурдтайгаар барж байгаа тул өвлийн уртад нөөцөө хангах шаардлагатай гэж “Nbc” хуудас мэдээллээ. Тодруулбал, Солонгосын дайны үед л ийм их зэвсэг шатаасан аж. АНУ-ын тооцоолсноор ОХУ өдөрт 20 мянган их бууны сумаар буудаж байгаа бол Украин 4-7 мянган их буугаар буудаж байна.
“Энэ дайны зэвсэг хэрэглээний түвшин маш өндөр байна. Украинчууд нөөцөө маш хурдан барж байна. Тэдэнд цаашид их хэмжээний их буу хэрэгтэй. Одоогоор Украин улс нэг ч “Himars” системээ алдаагүй байна” гэж албаны хүн хэлэв. АНУ нийт 18 ширхэг “Himars” систем Украинд нийлүүлсэн. Агаарын довтолгооноос хамгаалах хангалттай сум хэрэгсэл, нэгдсэн систем байхгүй бол Украины агаарын давуу байдал аюулд орох юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин тэргүүтэй албан тушаалтнууд Украинд зэвсэг нийлүүлэхийн тулд холбоотнуудаа шахаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа агуулахуудыг шалгаж эхэлжээ.
Орос улс ч бас их буу, зэвсэг техникийн хомсдолд орсныг АНУ-ын албан тушаалтан хэлэв. Тэд цохилт өгөхдөө алсын тусгалын сумнуудаа түлхүү ашиглаж байгаа аж. Мөн тус улсын нөөцийн цэргүүд болон дайчлагдсан хүчин нь зарим тохиолдолд фронтын шугам руу зэвсэггүй ирж байна гэв.
“Энэ өвөл Украинд дайны үйл явц удааширч магадгүй байна. Энэ нь хэлэлцээр хийх боломжит завсарлагаа. Хүйтний улиралд тэмцэл үргэлжлэх боловч нөхцөл байдал харьцангуй хөдөлгөөн багатай байна” гэж АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли хэлжээ.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ