Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын алдартай Итэвон дүүрэгт өнгөрсөн аравдугаар сарын 29-нд болсон үймээний үеэр 156 хүн амь үрэгдсэн. Олон хүний амь хохирсон харамсалтай уг осолд хэн нэгэн буруутныг олох "шулмын ан" Өмнөд Солонгост ид өрнөж байна. Уг ослоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан эсэх, ослын үеэр цагдаа, аврах алба шуурхай ажиллаагүй байх магадлал зэргийг мөрдөн шалгаж буй. Тодруулбал, үймээнийг зохицуулах, аврах ажлыг шуурхай хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр Ёнсан цагдаагийн газар, гал сөнөөх алба, дүүргийн төрийн албан хаагчдыг шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл уг осолтой холбогдуулан мөрдөн шалгагдаж буй Ёнсан дүүргийн цагдаагийн газрын офицер өнөөдөр /2022.11.11/ гэртээ нас барсныг олжээ. 55 настай Жон овогт офицер Сөүлийн хойд хэсэг дэх гэртээ нас барсныг 12:45 цагт гэр бүлийн гишүүн нь олсон аж.
Жон овогт цагдаа нь "Halloween" баярын өмнө олон нийтэд аюул учирч болзошгүй талаар анхааруулсан мэдээллийг дотоод тагнуулын мэдээллийн сангаас устгахыг тушааснаараа үйл явдлыг нуун дарагдуулахыг оролдсон хэрэгт буруутгагдан шалгагдаж байжээ. Улмаар түүнийг эрх мэдлээ хэтрүүлүсэн, нотлох баримт устгасан, мэргэжлээ умартсанаас хүний амь эрсэдсэн зэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн байв.
Жон нас барсныг олохоос өмнө буюу өчигдөр хамт ажиллагсад руугаа утсаараа "гэрээслэл" маягийн мессежийг илгээсэн гэв. Одоогоор түүний үхлийн шалтгааныг тодруулахаар цагдаа нар ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP