Дэйтоны Майк Шаравжамц Монголын түүхийг бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

Дэйтоны Майк Шаравжамц Монголын түүхийг бүтээж байна

Дэйтоны Майк Шаравжамц Монголын түүхийг бүтээж байна

Бүхэл бүтэн ард түмний нүд Майк Шаравжамц дээр байгааг та мэдэхгүй байх. Дэйтоны их сургуулийн сагсан бөмбөгийн “Flyers” багт тоглож буй 203 см өндөртэй шинэхэн оюутан улирлын эхний тоглолтоо Линденвудын их сургуулийн эсрэг хийхдээ гайхалтай байсан.

Ш.Энхийн-Одын Америк нэр нь Майк билээ.

“24/7 Sports” сайтын гаргасан чансаагаар 91 дүгээрт эрэмблэгдсэн Майк Шаравжамц коллежийн анхны тоглолтоо 10 оноо, таван ашигтай дамжуулалт, гурван самбараас бөмбөг авалттай дуусгасан. Түүний дэлхий даяар фэнүүдийн хувьд түүний энэхүү өөртөө итгэлтэй дебют нь баярлах шалтгаан нь болсон биз.

Майк Шаравжамц нь NCAA-ийн нэгдүгээр дивизоны тэтгэлэг хүртсэн анхны монгол тамирчин бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд Дэйтоны гараанд нэрлэгдсэн хоёр дахь нэгдүгээр курсын оюутан аж.

Хүүгийнхээ "NCAA"-ийн анхны тоглолтод Ц.Шаравжамц буюу “Шарк” хүрэлцэн иржээ. “LSU”-ийн дасгалжуулагч асан Дэйл Браун түүнтэй уулзах хүртэл 2.13 см өндөртэй “Шарк” Улаанбаатарт дотоодын лигийнхээ од нь байсан гэнэ.

Дасгалжуулагч Дэйл Браун Германы цэргийн баазаас домогт сагсан бөмбөгчин Шакил О’Нилийг 12 настай байхад нь нээн илрүүлжээ.

Браун анхандаа Ц.Шаравжамцыг коллежийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг болж чадна гэж бодож байв. Харамсалтай нь, тухайн үед Ц.Шаравжамц 27 настай байсан учир коллежийн сагсан бөмбөгт тоглох боломжгүй байлаа. Харин үүний оронд Ц.Шаравжамц “Harlem Globetrotters” багтай гэрээ байгуулан Монголын анхны мэргэжлийн сагсан бөмбөгчин болжээ.

Сагсан бөмбөгийн спорт сүүлийн хэдэн арван жилийн турш Монголд аажим аажмаар хөгжиж буй. Саяхны тооцооллоор Улаанбаатарт 20 мянга гаруй хүүхэд зохион байгуулалттай сагсан бөмбөг тоглож байна. Монголд 3х3 сагсан бөмбөг илүү түгээмэл бөгөөд тус улсын эрэгтэй шигшээ баг сүүлийн гурван жилд хоёр удаа дэлхийн цомын тэмцээний топ-10 багийн нэгээр шалгарч, эмэгтэй баг нь Токиогийн олимпод оролцсон юм.

Ерөнхийдөө Майк Шаравжамц бол таны мэдэх дундаж нэгдүгээр курсын оюутнаас илүү олон шүтэн бишрэгчтэй. " Dayton Flyers Mongolian Fans" гэх фэйсбүүк хуудас нь хэдийнэ 15 мянган дагагчтай болсон. Мөн Монголын томоохон хэвлэлийн байгууллага Охайо муж руу зураг авалтын баг илгээн түүний талаар баримтат кино хийсэн гэнэ. Тус киноны трэйлер л гэхэд 250 мянган үзэлттэй.

Үнэхээр л Майк Шаравжамцыг анхаарах хэрэгтэй. Тэрбээр улирлын өмнөх болон улирлын анхны тоглолтдоо өөрийн чадварлаг бөмбөг эзэмшилт, найдвартай алсын зайн шидэлтүүдээ харуулсан. Гэхдээ түүний хамгийн авууштай чадвар нь дамжуулалт болон тоглолтын найруулга. Улирлын нээлтийн тоглолтод Майк хэд хэдэн удаа тоглолтын санаачлагыг гартаа авч, өөртөө довтлох орон зай үүсгэсэн түүнчлэн жигүүрт байх шидэгчдээ дамжуулж, шахаж, хамгаалалтад тусалж байлаа.

Өнгөрсөн жил тааруу байсан “Flyers” энэ жил потенциалтай залуу одынхоо хамтаар тэсрэлт хийж магадгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: sbnation.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж