ЗГ хуралдааныг Гашууны хоолойд хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

ЗГ хуралдааныг Гашууны хоолойд хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд говийн аймгуудад ажиллахаар өчигдөр өглөө Улаанбаатар хотоос мордов. Түүний орон нутагт ажиллах томилолт наймдугаар сарын 28-н хүртэл үргэлжилнэ. Дээрх хугацаанд аль аймгуудад ажиллах талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжаваас тодруулсан юм.

-Ерөнхий сайдын говьд  ажиллах томилолт эхэлж байна. Ажлаа  аль аймгаас эхлүүлэх вэ?

-Ерөнхий сайдын орон нутгийн томилолт энэ сарын 24-28-н хүртэл үргэлжилж, Дундговь, Дорноговь,  Өмнөговь аймгуудад ажиллахаар төлөвлөсөн.  Өнөөдөр (өчигдөр) Дорноговь хүрч, иргэдтэй уулзана. Бас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн  үйл ажиллагаатай танилцах юм. Замаараа “Өнөр баян” нэртэй аж ахуйгаар орно. Хүчин чадлын хувьд нэг их томгүй ч үнээний, хүлэмжийн аж ахуйг амжилттай хөгжүүлж байгаа газар. Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьж, хоёр жил дараалан тус бүр 30 тэрбум төгрөг төсвөөс гаргасан. Түүнд хамрагдаж, аж ахуйгаа хөгжүүлж байгаа юм уу гэж ойлгосон. Мөн аймгийн иргэд, төлөөлөгчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно.

-Оюутолгойн ордын ажил байдалтай танилцана. Хэдний өдөр таарч байгаа вэ?

-Өмнөговь аймагт маргааш /өнөөдөр/ очих графиктай. Эхлээд Тавантолгойн чиглэлд явна. Францын “Арева” нэртэй групп тус газарт хайгуул хийдэг, боломжийн хэмжээний уран олдож байгаа гэсэн мэдээллийг өгсөн.  Тэдний хай­гуулын ажилтай нь танилцах юм. Дараа нь Зүүнбаянцагааны нефть боловсруулалттай танилцана. Үү­ний дараа л Оюутолгойгоор орно. Өнгөрсөн жил Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай Засгийн газар байгуулсан. Төслийн бүтээн байгуулалтын үйлдвэрлэлийн бэлтгэл ажил ямар шатанд явааг сонирхох юм.  Түүнчлэн төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани, орон нутгийн өмчит Тавантолгойн уурхайн үйл ажиллагаатай Ерөнхий сайд биечлэн танилцана.

-Засгийн газрын хуралдааныг Өмнөговь аймагт хийхээр төлөвлөсөн. Хэдний өдөр хаана хийх вэ?

-Засгийн газрын хуралдааныг Өмнө­говь аймгийн Баяндалай суманд орших Гашууны хоолой нэртэй газарт наймдугаар сарын 27-нд хийнэ. Гашууны хоолой нь их цөлжсөн газар гэсэн.

-Хэлэлцэх асуудал нь юу байх вэ?

-Дэлхийн цаг уурын дулаарал, цөлжилтийн тухай байна.

-Сайдууд бүгд хуралдаанд орол­цох уу.

-Тэгж ойлгож болно.

-Өнөөдөр Ерөнхий сайдтай цуг аль салбарын сайд явж байгаа вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ гээд олон хүн явж байна.

-Ардчилсан намын сайд нараас нэр дуулдсангүй?

-Завхан аймагт Ардчилсан намын  чуулга уулзалт болсон юм байна. Түүнд Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх гээд хэд, хэдэн хүн оролцсон. Тэд Улаанбаатар хотод хараахан хүрэлцэн ирж амжаагүй, тиймээс Ерөнхий сайдыг Оюутолгойтой танилцах үед ирж, зам нийлэх юм.

-Боомтын үйл ажиллагаатай та­нил­­цана гэж дуулдсан. Аль боомт вэ?

-Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаатай танилцах юм. Тавантолгой, Оюутолгойн орд газраас олборлосон нүүрсийг өмнөд хөрш рүү тус боомтоор дамжуулан гаргадаг. Өдөрт дунджаар 70-80 тоннын хүнд даацын 600 машин нүүрс тээвэрлэн гардаг учраас боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, авто зам тавих шаардлага байна гэдгийг Гашуун сухайт боомтынхон болон иргэд хэлдэг. Нүүрс олборлогчид ч ийм шаардлага тавьдаг. Энэ талын ажилтай л түлхүү танилцана гэж ойлгож болно.  Мөн энэ боомт Өмнөговь, Дундговь аймгийн иргэдийн хилийн худалдаа хийдэг гол газар болсон. Тиймээс Засгийн газрын төвшинд танилцах зүйл их байгаа юм.

-Дундговь аймагт хэдний өдөр ажиллах вэ?

-Өмнөговь аймагт ажиллаж дуус­­саны дараа Дундговьд хүрнэ. Эрдэнэдалай суманд очих юм. Тэнд иргэдтэй уулзахаар төлөвлөсөн.

-Томилолт хугацаандаа амжих уу?

-Амжина. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж