Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй Румейса Гельги саяхан анх удаа онгоцоор нисчээ. Тэрбээр Туркээс Сан Франциско руу 13 цагийн турш аялжээ. Өдгөө 25 настай Гельги 215 см өндөр. Тэрбээр ясны хэт өсөлтийг үүсгэдэг удамшлын ховор өвчин болох Уиверийн синдромтой. Румейса Гельги өсвөр наснаасаа эхлэн геннисийн номд бичигдсэн бөгөөд хамгийн урт хуруу, хамгийн урт нуруу зэрэг хэмжээтэй холбоотой хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг.
Тэр өөрийн түүхээ хуваалцахаар байнга аялдаг. Гэвч Уиверийн синдромтой бусад хүний адилаар туслах хэрэгсэл ашиглаж явдаг учраас хэзээ ч онгоцоор нисч байгаагүй. Урт хугацаагаар нисэхийн тулд түүнд тусгай байрлал шаардагддаг.
Гельги есдүгээр сард “Turkish airlines”-аар аялсан. Хэдэн долоо хоногийн дараа тэр инстаграмдаа аяллын зургуудаа хуваалцжээ. Онгоцны хэд хэдэн сандлыг буулгаж байж түүнийг дамнуурга дээр тухтай аялуулсан. “Эхнээсээ дуустал өөгүй аялал байлаа. Энэ миний анхны аялал, гэхдээ сүүлчийнх нь лав биш” гэж тэр инстаграмдаа бичжээ. Мөн “Turkish airlines”-ийн ажилтнууд болон эмнэлгийн ажилтнуудад талархлаа илэрхийлсэн юм.
Энэ үйл явдлаас харахад агаарын аяллыг хүн бүрт хүртээмжтэй болгох тал дээр агаарын тээврийн компаниуд анхаарч эхэлжээ. Бие бялдрын хувьд бусдаас ялгаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст онгоцоор нисэхэд төвөгтэй байдал үүсэх нь бий. Агаарын тээврийн дэлхийн стандартыг тогтоодог байгууллагын Гадаад харилцааны захирал Линда Ристагно бүх аялагчдад хүртээмжтэй дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд асар их хүчин чармайлт гаргаж байгаагаа ярьжээ. Тэдний хамгийн том зорилт бол бүх нийтийн дизайн гэсэн зарчим юм байна. Энэ хүрээнд тэргэнцэр гэх мэт хөдөлгөөнт тээврийн хэрэгслийг тээвэрлэхтэй холбоотой дэд бүтэц, журмыг сайжруулахаар ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ