Монголын анхны олон улсын контемпорари урлагийн арт галерей өнгөрсөн сард /2022.10.27/-нд нээлтээ хийжээ. Монгол болон төв Азийн уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийн зах зээлд таниулах гаргах мөн дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг Монголд авчрах томоохон зорилготой салбартаа анхдагч юм. “Лхам” галерейн анхны нээлтийн уран бүтээлээр Монголдоо төдийгүй дэлхийд дахинаа танигдсан реалист уран зураач Б.Отгонтүвдэнгийн “Өнгөрсөн-Одоо” хэмээх бие даасан үзэсгэлэн дэлгэгдсэн. Тус галерейн үүсгэн байгуулагч М.Нацагсүрэнтэй галерейн зорилго болоод үйл ажиллагааны талаар товчхон ярилцлаа.
-Монголын анхны олон улсын контемпорари урлагийн арт галерей үүдээ нээжээ. Тэгвэл танай галерейн онцлог юу вэ?
-Монгол болон төв Азийн уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийн зах зээлд таниулах гаргах мөн дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг Монголд авчрах томоохон зорилготой. Галерейн нэрээ хамгийн хайртай, хамаг зүйлийг зааж сургасан, хамгийн их урам зориг өгдөг байс ан эмээгийнхээ нэрээр "Лхам” гэж нэрлэсэн. Манай галерей Монголдоо төдийгүй дэлхий дахинаа танигдсан реалист уран зураач Б.Отгонтүвдэнгийн “Өнгөрсөн Одоо” хэмээх бие даасан үзэсгэлэнгээр үүдээ нээж байгаадаа баяртай байгаа.
-Яагаад заавал “Өнгөрсөн-Одоо” хэмээх уран бүтээлээр галерейгаа нээх болсон юм бэ?
-"Өнгөрсөн-Одоо" үзэсгэлэн нь Б.Отгонтүвдэн уран бүтээлчийн замналыг харуулахын сацуу цаг хугацаа, орон зайгаар аялуулж, өнгөрсөн болон одоог нэгэн зэрэг харуулж байгаа юм. Мөн Монголын өнгөрсөн түүх болон одоо цагийг зэрэгцүүлэн, нэгэн цаг дор тольдон харуулна. Яг л биднийг тухайн цаг үеэс өөрсдийгөө олохыг хүсэх мэт.
-Б.Отгонтүвдэн бүтээлийн юу нь танд таалагддаг бол?
-Б.Отгонтүвдэнгийн зураачийн уран бүтээлүүд нь хүнийг ховсдох мэт гайхамшигтай чадвартай. Түүний бүтээлүүдийг харах бүрт цаг хугацаа, орон зайгаар аялах мэт мэдрэмжийг төрүүлдэг. Европын уран зургийн академийн дэгт суралцсан ч Монголын эрт үеийн түүхэн сэдвийн өгүүлэмж болон түүнийгээ илэрхийлэн гаргах зохиомжийн шийдэл, өнгийн зохицол дээр онцгой ач холбогдол өгдөг нь гайхалтай. Түүний бүтээлүүд шууд болон уран сайхны аргаар үзэгчдээс өөрсдийн үндэс угсаа, үнэт зүйлсийг эргэцүүлэн бодуулах асуултыг үргэлж тавьдаг.
-Та өөрөө зураач уу?
-Зурна аа, гэхдээ мэргэжлийн зураач бий. Би Оксфордын их сургуулийг төгссөн. Олон улсын хөрөнгө оруулалтын чиглэлээр сүүлийн долоон жил олон улсын байгууллагад ажиллаж байна.
-Уран зургийн галерей нээх болсон шалтгааныг чинь сонирхож болох уу?
-Би хүүхэд байхаасаа л уран зурагт дуртай байсан. Аав, ээж хоёр маань хоёулаа доктор эрдэмтэн хүмүүс учраас хүүхэд байхаас минь сонгодог урлаг, уран зурагтай илүү ойр өсгөсөн санагддаг. Тиймээс багаасаа уран зураг сонирхож эхэлсэн. Хүн хэзээ ч сонирхлоо хаяж чаддаггүй юм билээ. Ажил мэргэжлээ ашиглаад Монголын уран бүтээлчдийнхээ бүтээлийг олон улсын зах зээлд гаргахад миний чадвар болон олон улсын хамтрагчид маань маш их дэмтэй байгаа. Мөн манай галерейд гадаадын олон зөвлөх, экспертүүд ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Манай галерейн бүтээлч захиралаар (creative director and curator) Доктор Кристианна Бонин ажиллаж байна. Доктор Кристианна Бонин нь Масачусетисийн Технологийн Хүрээлэнд (MIT) PhD зэргээ хамгаалсан бөгөөд олон улсын урлагийн ертөнц болон зах зээлийн тухай өргөн мэдлэг, туршлагатай. Бидний хоёр дахь том зорилго бол уран зураг, урлагаар дамжуулж нийгэмдээ эерэг нөлөөлөл бий болгох юм. Тиймээс ирэх онд маш олон төрлийн арга хэмжээг үнэ төлбөргүй бүх нийтэд зориулан хийхээр төлөвлөсөн.
-“Лхам” галерейн онцлог нь юу байх бол?
-Гурван зүйл тодотгомоор байна. Нэгд, галерей олон улсын гэдгээрээ онцлог бөгөөд өмнө дурдсанаар дотоодын болон төв азийн шилдэг уран бүтээлчдийг дэлхийн зах зээлд гаргах мөн дэлхийн шилдгүүдийг Монголд авчрах гүүр болох юм. Хоёрт, бүх нийтийн урлагийн боловсролыг дэмжих чиглэлээр маш олон ажил үнэ төлбөргүй болон мэргэжлийн түвшинд зохион байгуулна. Гуравт, бид гэрээт уран бүтээлчдээс нэмэлт төлбөр авахгүй бөгөөд тухайн уран бүтээлчээ хэрхэн гадаад зах зээлд гаргах талаар цогц бодлого хэрэгжүүлэн уран бүтээлч тус бүрт маркетинг болон бусад төлөвлөгөө гарган ажиллана. Бидний хувьд Монгол уран бүтээлч дэлхийн зах зээлд гарах өдөр ойрхон гэж харж хичээнгүйлэн ажиллаж байна. Цаашид Монголын баялаг урлагийн өв соёл болон түүхийг бусдад таниулах зорилгоор орон орны урлаг судлаачдаас бүрдсэн мэргэжлийн хамт олонтой хамтран боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.
-Орон орны урлаг судлаачдаас бүрдсэн мэргэжлийн хамт олонтой хамтран боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх юм байна. Энэ хөтөлбөрт сонирхогчид хамрагдаж болох уу?
-Орон орны урлаг судлаачийн зааварлах хөтөлбөрт хүн бүр нээлттэй хамрагдаж болно. Галерейн гэрээт уран бүтээлчид болон хүүхэд, багачуудад үнэгүй хөтөлбөрт хамрагдах боломжтой. Харин мэргэжлийн хүмүүс болон сонирхогчид үнэ төлбөртэйгөөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Бид өөрсдийн сошиал сувгаар байнга мэдээлэх болно.
-Галерейд нэгдэх уран бүтээлчдийн хүсэлтийг хэрхэн хүлээн авч шалгаруулдаг вэ?
-Манай галерей үзэсгэлэнд нэгдэх уран бүтээлчдийн хүсэлтийг сошиал хаягаар хүлээн авч байгаа. Хүсэлт илгээсэн уран бүтээлчдийг бид эргэн холбогдож манай галерейн бүтээлч захирал Доктор Кристианна Бонин мэргэжлийн уулзалтуудыг зохион байгуулж, шалгаруулан гэрээ хийж үзэсгэлэнгийн зааланд байршуулна. Одоогоор манай 2023 оны эхний хагас жилийн төлөвлөгөө дүүрсэн байгаа. Бид үргэлж шинэ шилдэг уран бүтээлчдийг хайсаар байх болно.