Хойд Солонгосын дэглэмтэй санал зөрөлдөөнтэй байдаг ч тус улсын ард түмнийг дэмжиж, туслах арга хэмжээ авч буйгаа АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мэдэгджээ. Мөн ард түмнээ өөрсдийн ашиг сонирхлоос дээгүүр тавихыг Пёньянд уриаллаа.
“Бид тус улсын тодорхой дэглэмтэй санал зөрөлдөөнтэй байдаг ч тэдний ард түмний хүмүүнлэгийн хэрэгцээг хангах арга замыг үргэлж хайдаг. Тиймээс Хойд Солонгосын эсрэг авч буй хатуу хориг арга хэмжээнүүд нь тус улсын ард түмнийг шаардлагагүй зовлон зүдгүүрт хүргэхгүй байгаасай гэж хүмүүнлэгийн зохих арга хэмжээг авч байна” гэж Нед Прайс хэлэв. Тэрбээр Пёньяны пуужин хөөргөлт, цөмийн хөтөлбөрийн талаар эш татаад, тэд алхам тутамдаа өөрийн эрх ашгаа ард түмнийхээс дээгүүр тавьж байна гэжээ.
Хойд Солонгос энэ онд 60 орчим баллистик пуужин харважээ. Энэ нь ядуу буурай тус улсад хэчнээн тэрбумын хохирол учруулсан байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
АНУ улс төрийн зорилготойгоор хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна гэж Пёньян өмнө нь мэдэгдэж байсан. Мөн Хойд Солонгосын эсрэг явуулж буй дайсагнасан бодлогын талаарх олон улсын шүүмжлэлийг намжаах зорилгоор АНУ тусламжийн санал тавьж байгаа гэжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ