ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Лхагва гаригт Херсон мужаас ухрах тушаалыг цэргүүддээ өгсөн. Оросууд цэргээ татна гэсэн мэдэгдэлд хайхрамжгүй хандаж болохгүй гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ. Тиймээс маш болгоомжтой, сэтгэл хөдлөлгүй, шаардлагагүй эрсдэл гаргалгүйгээр хөдлөхийг Зеленский зөвлөв. “Дайсан бидэнд сайн санааны үүднээс бэлэг өгнө гэж байхгүй. Бид ялна” гэж тэр хэллээ.
Энэ нь Украины армийг урхинд оруулах гэсэн хуурамч мэдэгдэл байж болзошгүй гэж албаныхан үзэж байна. Ерөнхийлөгч Зеленскийн зөвлөх Михайло Подоляк хэлэхдээ Оросын арми Херсонг орхиж байгаа шинж тэмдэг олж хараагүй гэжээ.
ОХУ-ын мэдэгдлийн дараа Оросын армид тулалдаж буй чечень цэргүүд хотын гудамж, кафегаар холхилдох болсон гэж энгийн иргэд хэлэв.
Украины дөрвөн бүс нутагт есдүгээр сарын сүүлээр хуурамч санал асуулга явуулсан. Санал асуулгын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Путин Херсон мужийн оршин суугчдыг мөнхөд манай иргэн боллоо гэж мэдэгдэж байв. Тэгвэл энэ үг нь өдгөө агаарт замхарч, Путины нэр хүндийг дахин олон улсад унагав. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цэрэг татах шийдвэрийн талаар хэлэхдээ “Энэ нь ОХУ-ын армид асуудал байгааг харуулж байна” гэв.
Дашрамд дурдахад, ирэх долоо хоногт Индонезид болох “Их-20”-ийн уулзалтад Путин оролцохгүй нь тодорхой болсон. Харин түүний оронд Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцох аж. Гэхдээ Путин аль нэг уулзалтад нь цахимаар оролцож магадгүй гэж албаныхан мэдэгдлээ.
Эх сурвалж: BBC, CNBC
Холбоотой мэдээ