Сурвалжлага: "Нарантуул"-ын хөл татарч, үйлчлүүлэгч цөөрчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "Нарантуул"-ын хөл татарч, үйлчлүүлэгч цөөрчээ

Сурвалжлага: "Нарантуул"-ын хөл татарч, үйлчлүүлэгч цөөрчээ

Хүйтний ам наашилсан энэ өдрүүдэд нийслэлчүүд өвлийн бэлтгэлээ базааж байна. Цар тахал, гаалийн нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн жил өвлийн хувцасны үнэ тэнгэрт хадаж сонголтгүй болсон билээ. Тэгвэл урд хөрш дэх Covid-19-ийн тахалтай  холбогдуулан Эрээний хил хаагдаж барааны эргэлт саарч, дахин ачаа бараа бөөгнөрөх муу мэдээ бий. Энэ талаар сурвалжлахаар “Нарантуул” худалдааны төвийг зорилоо.


15.00 цаг. Хүн хөдөлгөөн их байдаг тус худалдааны төвд өнөөдөр худалдан авагч тун цөөхөн байна. Ялангуяа барааны тасаг, өвлийн гутал хувцасны тасагт ганц нэг хүн худалдан авалт хийж байлаа. Наймаачид хоорондоо хөзөр тоглож, хажуугаар зөрсөн хүмүүст “за ямрыг үзэх вэ, доошоо ярина шүү” гэхчлэн ярилцаж байна. Өргөн хэрэглээний бараанаас гадна, хувцасны үнэ нэмэгдсэнийг иргэд хэлж байлаа. Тухайлбал, иргэн Т.Мягмарсүрэн тус худалдааны төвөөс хүүхдэдээ өвлийн куртик авахаар иржээ. Тэднийх ам бүл дөрвүүлээ бөгөөд гэр бүлийн гишүүддээ өвлийн хувцас авахад сая төгрөг хүрэлцэхгүй гэдгээ хэлж байна. Тэрбээр “өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал, куртиканы үнэ хамгийн багадаа 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Гайгүй куртика харахаар 100 мянга гараад явчих юм. Ер нь бидний цалин орлого хувцас хунар гэхээс илүү ихэвчлэн хоол хүнсний зүйлд зарцуулагдаж байна. Өмнө нь цалингаасаа хувцас авч хүрдэг байсан бол энэ жил өргөн хэрэглээний бараандаа зарцуулж байна” гэлээ.

ЮМНЫ ҮНЭ ӨССӨНӨӨР ХҮМҮҮС ХУВЦАС АВАХАА БАЙСАН

Тус худалдааны төвд өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал куртиканысонголт сайн байлаа. Харин эрэгтэй эмэгтэй куртика чанараас шалтгаалж 150-350 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн эко шуб, туулайн үслэг шуб 350 мянгаас дээш үнэтэй байлаа. Барааны татан авалт, үнэ ханшийн талаар Г.Дагвасамбуу хэлэхдээ “Өвлийн бараагаа бүгдийг нь татчихсан байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн жилийнхээс хашраад наймдугаар сараас эхлэн бараагаа захисан. Тиймээс энэ жил өвлийн бараа тасрана гэж айлтгүй.

Урдаас 20 хоноод бараа орж ирж байна. Ашиг орлогод нөлөөлөлгүй яах вэ. Улирлын бараг тал нь байхгүй болчхож байгаа юм. Хятадаас ирэхэд гайгүй ирчихдэг. Монгол дээр орж ирээд удчихдаг. Нөгөөтээгүүр ачаа тээш үнэтэй байна. Хуучин хил гааль нээлттэй байхад ачаа 3-5 хоногт ирдэг байсан бол одоо бараагаа захичхаад авч чадахгүй, тэр хугацаанд улирлын чанартай бараа сонголтгүй, размергүй болох зэргээс үүдэж үлдэгдэл ихтэй болдог. Ер нь ачаа тээврийн үнэ өссөнөөс бүх юмны үнэ өссөн. Хуучин нэг бондгор ачаа 50-60 мянга байдаг байсан одоо гурав дахин нугарчихлаа.

Жишээ нь нэг ширхэг хувцас дээр дор хаяж 10 мянган төгрөг нэмэгдэж байна. Хүмүүсийн худалдан авалт эрс муудсан. “Нарантуул” төвөөс орон нутгийн иргэд их үйлчлүүлдэг. Хавраас эхлээд орлого бага зэрэг саарсан. Судлаад үзэхэд хөдөөний хүмүүс койн руу хийгээд бэлэн мөнгөгүй болчихсон, баруун аймгийнхан мал нь борлогдохгүй мөнгөгүй болсон байна. Ерөөсөө дундаж давхарга гэж байхгүй болчихлоо. Дундаж давхаргатай байж барааны эргэлт сайн байсан. Гэтэл одоо тэнгэр газар шиг байна. Хүмүүсийн цалин хөлс нэмэгдэхгүйгээс гадна, зээл олгохгүй байна. Тиймээс хүмүүс хувцас хунар авах нь бүү хэл хоол хүнсээ арай гэж залгуулж байна. Захын бараа дэлгүүрээс хямд. Жишээ нь дэлгүүрт 250 мянгаар төгрөгөөр зарагддаг куртика энд 200 мянга байна. Хамгийн гол хүмүүс бараг юм авахгүй байна” гэлээ.

УРДААС ЗАХИСАН БАРАА 20 ХОНООД ИРЖ БАЙНА

Өөр нэгэн худалдагчаас тодруулбал “Татан авалт 10 хоногтоо хийж байна. Зурагнаас нь хараад захиалах бас хэцүү. Каргоны үнээс шалтгаалан нэг бараан дээр 4000-5000 төгрөг нэмэгдэж байна. Гадуур худалдан авалт муу байгаа юм уу, эсвэл “Нарантуул” хүйтэн болохоор хүмүүс ирэхээ байчихсан юм шиг байна. Өдийд куртикний сезон орчихсон сайн гүйдэг байсан энэ жил тийм зүйл байхгүй байна. Ер нь “Нарантуул” ирээдүй муутай л байна.

Худалдагч Т.Мөнхтуяа “Захисан бараа сар болоод ирж байна. Худалдан авалт тааруу байна. Жирийн өдрүүдэд ингээд л хоосон сууж байна. Амралтын өдрүүдэд бол авна аа. Барааны үнэ бүгд нэмэгдсэн. Каргоны үнээс шалтгаалж нэг хувцсан дээр 10 мянган төгрөг нэмдэг. Түүнээс илүүг нэмбэл ард түмэн авч чадахгүй шүү дээ. Манай куртик 95 мянгаас эхэлж байна. Саяхан хил хаагдсан сураг дуулдана лээ. Бараа тасрах эрсдэл үүсэлгүй яах вэ. Бараагүй болчихвол бид амрахаас өөр яах вэ” гэлээ.  Ийнхүү тус төвд хөл хөдөлгөөн цөөн, ганц нэг куртик гутал өмссөн хүмүүс харагдана. Гуталны тухайд эмэгтэй гутал чанараас шалтгаалж 100-350 мянган төгрөг, эрэгтэй гутал 150 мянгаас 350 мянган төгрөгийн хооронд ханштай байлаа.

ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ БАЗААХАД САЯ ТӨГРӨГ ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ

Энэ жилийн барааны татан авалт сайн байгаа ч худалдан авагч тааруу байгааг наймаачид шүүмжлэв. Харин иргэдийн зүгээс дараах тайлбарыг хэлж байна. Иргэн Х.Хишигсүрэн “Юмны үнэ их нэмэгдсэн. Ажил хийгээд ямар ч нэмэр байхгүй байна. Цалин мөнгөө нэмэх хэрэгтэй. Миний хувьд 24-48 ажилладаг. Цалин гэр орон нүүрс түлээнд зарцуулагддаг. Хүүхэд том болчихсон учраас хэрэглээ бага байна. Хүнс, гурилын үнийг багасгах хэрэгтэй байна. Барааны үнэ маш их нэмэгдсэн байна. Хүүхдэд куртика авахад зуун мянга, гутал авахад 200 мянга давж байна”.

Иргэн Б.Болормаа “Хүүхдийн куртика ноднин 60-70 мянга байсан бол энэ жил хамгийн доод тал нь 150 мянга байна. Том хүний куртика 250 мянган төгрөг байна. Энэ жил өвлийнхөө куртикыг авч чадаагүй байна. Нэгдүгээрт үнэтэй, хоёрдугаарт шинэ загвар нь 100 мянган төгрөгийн зөрүүтэй байна. Манайх ам бүл дөрвүүлээ дор хаяж өвлийн куртика хувцсанд хоёр сая төгрөг зарцуулах тооцоо байна. Нэг сая төгрөг дотор өвлийн бэлтгэлээ базааж чадахаа больсон байна” гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНБИЛГҮҮН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж