Улсын нууц нэрээр өшөө аваад байна уу

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Улсын нууц нэрээр өшөө аваад байна уу

Өнгөрсөн долоо хоногт улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан хэргээр УИХ-ын Тамгын газрын гадаад бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайханд Эрүүгийн бай­цаан шийтгэх хуульд заас­ныг үндэслэн Чингэлтэй дүүр­гийн шүүхээс 17 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эд­лүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын нууцтай холбоотой асуудал учраас шүүх хуралдааныг хаалттай хийсэн болохоор хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүд тодорхой зүйлийг олон нийтэд мэдээлж чадсангүй.

Асуудал нь нууц, хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь нууц болохоор аль нь зөв, аль буруу гэх билээ. Үнэхээр улсын нууц задруулсан юм уу, үгүй юм уу бүү мэд. Шүүх үнэнч шударгаар шийдвэрлэсэн юм уу, үгүй юм уу бүү мэд. Сураг сонсоход УИХ-ын даргын ОХУ-д хийх айлчлалын үеэр хөндөн ярих асуудлын тухай мэдээллийг хаа нэг тийшээ /Орос руу ч юм уу, Хятад руу ч юм уу/ дамжуулсан юм даг уу даа. Нэгэнт байх ёстой газраасаа алдагдчихсан, хаа байсан харийн орныхон бүгд мэдчихсэн зүйлийг одоо бид нар нууц гээд хаалттай хэлэлцээд ч яах ч юм билээ.

Үнэнийг хэлэхэд манайд нууц гээд өмчирхөөд байх зүйл байгаа юм уу. Хамаг газар орныхоо кадастрын зураг, геологи хайгуулын зураг, эрдэс баялагийн нөөцийн тухай мэдээллээ эрх баригчид бүгдээрээ бие биенээсээ далдуур харийнханд бэлэглэчихсэн л байгаа шүү дээ. Одоо лиценз нэрийн дор бүх газар нутгаа харийнханд алдчихаад байгааг юу гэх вэ. Дээр нь банк санхүүгийнхээ тогтолцоог гадаадынханд атгуулчихсан улсад нууц гээд хэлчихмээр зүйл юу үлдсэн бол доо.

За энэ ч яахав. Үнэхээр манай төрийн албан хаагчдад улсын нууц хадгалах талаар тодорхой ойлголт байдаг юм болов уу. Төрийн албаны шалгалт авахдаа улсын нууцын тухай хуулийн талаарх  хэр асууж байцаадаг бол. Төрийн албанд тэнцсэн албан хаагчид тангараг өргөхдөө төрийн нууц хадгалах талаар ам өчгөө өгсөн л баймаар. Гэтэл улсын нууц задруулсан хэргээр шүүхэд байцаагдахдаа Ц.Жаргалсайхан бусдад дамжуул­сан баримт бичгээ нууц гэдгийг мэдээгүй гэсэн үгс хэвлэл мэдээл­лээр их цацагдсан. Үнэндээ али­ваа хүнийг төрийн албанд орж ажиллахад нь шат шатны дарга нар нь тодорхой үүрэг даалгавар өгөхдөө, улсын нууцын зэрэглэлд орох материалын жагсаалтыг нэгд нэгэнгүй танилцуулж гарын үсэг зуруулсан байх учиртай. Хэрэв гарын үсэг зурсан жагсаалтад ор­сон материалыг гадагш нь алдсан бол хариуцлага хүлээхээс өөр аргагүй.  Хамгийн гол нь ямар материал байсан бэ? Тэр нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг дүүр­гийн шүүх тогтоож чадах уу. Тэдэнд улсын нууцтай холбоотой асуудлаар шүүх эрх мэдэл нь байгаа ч тэд нар цаашаа улсын нууцыг хэр зэрэг найдвартай хадгалах вэ. Цаана нь өмгөөлөгч, гэрч гээд олон хүн тэр хаалттай хуралдаанд сууж “чихээ онгойлгоод” авна биз дээ. Тэд нарыг нууц хадгалж чадна гэхэд бүүр ч эргэлзээтэй.

Монголын хууль гурав хоног гэдэг шиг монголын нууц гурав хоног гэгч л болно. Үүнийг нотлох шиг яллагдагч Ц.Жаргалсайханы аав, нэрт дипломат Д.Цахилгаан шүүх хурлын дараа төвийн хэв­лэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа шүүх хурлын про­цессийг үндсэнд нь гаргаж тавиад хууль, тагнуулынхан хүүг нь хилс хэрэгт гүтгэж байгаа тухай илэн далангүй хэлсэн байна. Тэр ч бүү хэл хэсэг бүлэг хүмүүс өшөө авах зорилгоор зориуд зохион байгуулсан ажил гэж онцолсон байна. Оросын төлөөлөгчдийн цүнхэнд нууцын зэрэглэлтэй материалыг тагнуулынхан зо­риуд шургуулж байсан гэж Ц.Жаргалсайхан нотолж хэлсээр бай­хад эсрэгээр нь түүнийг хийсэн хэмээн шүүх үзсэнд эгдүүцэж бай­гаагаа Д.Цахилгаан гуай хэлжээ. Өмгөөлөгч С.Жанцан “Хүү чинь ямарч буруугүй юм билээ. Түүнийг би шүүхийн танхимаас гараас нь хөтлөөд дагуулаад ирнэ” хэмээн батлан хэлсэн нь эрх биш нэг зүйлийг өгүүлж байна. С.Жанцан хэдийгээр үйлчлүүлэгчийнхээ тө­лөө бүхнийг хийх ёстой ч түүнийг ялгүй үлдээж чадна гэж амлахад нэн түвэгтэй. Баттай баримт байгаа учраас л тэр тэгэж амласан байж таарна.

Ингээд бодохоор тэр “батал­гаатай” баримтыг шүүх хэрэгсэхгүй байгаа нь өөрөө анхаарал татаж байна. Магадгүй Чингэлтэй дүүр­гийн шүүх хэн нэгний шахалтаар Ц.Жаргалсайханыг хэлмэгдүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Монголд хэн ч маргахын аргагүй шударга шүүх ажиллаж байгаа гэдэгт би лав итгэхгүй. Тийм учраас нууц гэсэн нэрийн дор нууцаар хүнийг хэлмэгдүүлж байхыг бас үгүйсгэхгүй.  Тэгээд ч Д.Цахилгаан гуай тодорхой хүмүүсийг сэжиглэж байгаагаа ч бас хэлсэн байна лээ. Ер нь сүүлийн жилүүдэд улсын нууцтай холбоотой хэд хэдэн хэрэг гарсан. Тэр болгон нь улс төржиж байсан. Ц.Жаргалсайханы хэрэг ч бас тэгэхийг үгүйсгэхгүй. Ямарч гэсэн Ц.Жаргалсайханы хэргийн ард улс төрийн бүлэглэлийн өрсөлдөөн байж мэднэ. Үүний учрыг олохгүйгээр зөвхөн шүүхийн шийдвэрт дулдуйдаж асуудалд хандах юм бол үнэнийг бид хэзээ ч олж чадахгүй.

1930-аад оны их хэлмэг­дүүлэлтийн үеэр улс төрийн шалт­гаанаар тагнуул хийсэн, эх орноосоо урвасан гэсэн зүйл ангиар 20 гаруй мянган хүнийг Улсын онцгой комиссийн шийдвэрээр, шүү­хийн ямарч тогтоолгүйгээр буу­дан хороосон гашуун түүх одоо ч мартагдаагүй байна. Буу­даад булчихсан хойноо үнэнийг тогтооно гээд булш бунхныг ухаж, архив сэлтийг онгичдог түүх давтагдах ёсгүй. Ойрхоны жи­шээ гэхэд Д.Энхбат гэгчийг Франц улсаас С.Зоригийн хэрэгт холбогдуулан хулгайлж авчраад хэчнээн сар байцаасны эцэст улсын нууц задруулсан гэх үндэслэлээр хаалттай шүүх хурлын шийдвэрээр ял эдлүүлэхээр болсон. Чухам үнэн явдал юу болсныг хэн ч мэдэхийн завдалгүйгээр тэр учир битүүлгээр нас барсан билээ.  

Ц.Жаргалсайхан улсын нууц материал дамжуулсан гэмт хэрэг­тэн үү, эсвэл энэ үйлдлийг харсан гэмт хэргийн гэрч үү. “Гэрчийг устга” гэсэн үг байдаг. Ноцтой том асуудалд орооцолдсон Ц.Жар­галсайханы амыг хамхихын тулд хаалттай хуралдаанаар олон жил ял оноож “цааш нь харуу­лахаар” шийдсэн юм биш байгаа даа.

Улсын нууц гэдэгт хамаарах материалын нэрсийн жагсаалт нь өөрөө улсын нууцын зэрэглэлтэй болохоор чухам аль нь нууц, аль нь нууц биш болохыг хэн яаж мэдэх болж байна вэ? Хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлье гэвэл улсын нууц гэсэн хэн ч мэдэхгүй зүйл ангиар гүжирдээд шийдчихдэг тогтолцоо маэнайд байгаа юм биш биз. Шоронд дотроос өшөө авагч гэдэг шиг улсын нууцаар далайлгаж өшөө авдаг болсон юм биш биз ээ.

Г.Энхбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж