“Нүүрсний хулгай” анх илэрснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Google map-аар харахад 2012-2013 оны хооронд “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компани хоёрын ашигт малтмалын лицензийн заагийг тодорхойлдог мөргөцгийн хэмжээ тодорхой масштаб хэмжээтэй байж. Дахин 2016 онд харахад хэмжээ нь өөрчлөгдсөн байсныг Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд анх олон нийтийн сүлжээгээр мэдээлж, УИХ-ын ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллажээ.
Ажлын хэсгийн шалгалтын явцад орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-иас уулын ажлын хүндрэлтэй байдлаас шалтгаалан уг мөргөцгийг ашигласан гэж мэдээлсэн байна. Хуулийн байгууллага дээрх хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл улсын хилээр гарч буй нүүрсний Монгол Улс, БНХАУ-ын гаалийн мэдээ зөрсөөр иржээ.
Өдгөө нийт 2 сая тн буюу 200 сая ам.доллараар үнэлэгдэх нүүрсийг хил гаалиар чимээгүйхэн гаргасан хэргийн учиг хөвөрсөөр байна.
ҮГСЭН ХУЙВАЛДАЖ, УЛСЫН ХИЛЭЭР НҮҮРС ГАРГАСАН АЛБАН ТУШААЛТНУУДАД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА
Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар өчигдөр (2022.11.11) УИХ-ын Хянан шалгах түр хорооны хуралдаанд оролцож, гаалийн байгууллагаас экспортын нүүрсэнд хийсэн шалгалтын мэдээллийг танилцуулсан.
Түүний хэлснээр “Гашуунсухайт” боомтоор экспортолж буй нүүрсний үйл ажиллагааг шалгах, Гаалийн ерөнхий газрын даргын удирдамжтай шалгалт хийх, бүрдүүлэлтийн дараах шалгалт оруулах зэрэг үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлжээ. Мөн холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, хөрш БНХАУ-ын Гаалийн цагдаагийн албатай тогтмол мэдээлэл солилцон ажиллаж, илэрсэн зөрчлийг тухай бүр шийдвэрлүүлэхээр тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал,
-2013 оны нэгдүгээр сарын 22-ны өдрөөс гуравдугаар сарын 29-ний өдрүүдэд “Гашуунсухайт” боомтоор,
-2010 оноос 2011 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний мэдээлэл, бичиг баримтуудад,
-2018 оны зургадугаар сарын 5-наас 31-ний өдрүүдэд,
-2013-2017 онуудад “Гашуунсухайт” боомтоор экспортод гарсан нүүрсний гаалийн бүрдүүлэлтэд,
-2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдрүүдэд “Монпропа холдинг” ХХК-ийн холбогдох үйл ажиллагаанд,
-2022 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс долдугаар сарын 1-ний өдрүүдэд “Гашуунсухайт” дахь “Цагаанхад” гаалийн хяналтын бүсийн мэдээллийн сан, гаалийн мэдүүлэг манифестын мэдээллийн үнэн зөв эсэхийг бусад эх сурвалжийн мэдээлэлтэй харьцуулжээ.
Эдгээр шалгалтаар нүүрсийг гаальд дутуу мэдүүлсэн, мэдүүлээгүй улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Тодруулбал, нүүрсэнд бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй, нүүрс тээврийн хэрэгслүүд хилээр хоосон гаргасан бүртгэл нь нүүрстэй гарсан байх магадлалтай тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд харьцуулалт хийхэд давхардсан тоогоор нийт 22664 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй.
Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийснээс илүү нүүрс экспортолсон. Нүүрс тээврийн хууль бус үйл ажиллагаануудад боомтын болон хил, гааль, цагдаагийн албан хаагчид үгсэн тохиролцож оролцсон нь тогтоогдсон зэрэг хууль бус үйлдлийн материалуудыг зургаан удаагийн албан тоотоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлжээ.
Эрүүгийн цагдаагийн газраас зарим материалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, зарим хэргийг Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Үүний зэрэгцээ эх сурвалжийн мэдээлсний дагуу хуулийн байгууллага шалгаад, тодорхой албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж, улсын хилээр нүүрс гаргаж буй үйлдлийг таслан зогсоож, тухайн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаас гадна хэд хэдэн мэдээлэл хамт шалгагдаж байгаа аж. Ямартаа ч маш том бүлэглэл зохион байгуулалттайгаар нүүрс хулгай хийсэн хэргийн сэжүүрээс хууль хяналтынхан атгасан нь нэг алхам.
МАФИЙН ЖИНХЭНЭ ЭЗДИЙГ ОЛЖ ИЛРҮҮЛЬЕ!
Нүүрсний хулгайн балгаар Монгол Улсын төсөвт орлого болж орох байсан АМНАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн татварт төвлөрөх ёстой байсан мөнгө зохих ёсоор төлөгдөөгүй гэсэн үг. Нүүрс хулгайлсан этгээдүүд гааль, хилийн цэрэг, мэргэжлийн хяналт, авто тээвэр, тэр бүү хэл тагнуулын байгууллагыг бүхэлд нь “атгасан” бололтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс хулгайлдаг бүлэглэл бий тухай ам алдаж байсан гэлцэх. Түүнээс гадна Хууль зүй, дотоодын хэргийн сайд асан Ц.Нямдорж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, З.Энхболд нарын улстөрчид нүүрсний хулгайд холбоотой гэлцдэг. Мөн одоогийн УИХ-ын гишүүн С.Батболд гаалийн салбарыг “атгадаг” гэх мэдээлэл бий бол Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нарын гишүүд ч нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогддог билээ.
Монголд нэр, нөлөө бүхий этгээдүүдийг томоохон хэрэгт холбогдсон ч оронд нь хэн нэгнээр “туг тахиад” ялаас мулталдаг тактик бий. Түүний нэгэн адил “нүүрсний мафи”-ийн үйлдсэн хэрэгт тодорхой албан тушаалтнуудыг зольж, ял өгч шийтгэсэн болоод өнгөрөх вий гэдэгт иргэд санаа зовж, эх орноо тонон дээрэмдсэн мафийн жинхэнэ эздийг олж тогтоохыг шаардаж буй юм.
Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын ажилчид цалингаар амьдрахад хэцүү, санхүүжилт муу, дарга нар нь намын "буян"-аар томилогдсон, салбараа үл мэдэх нөхөд голдуу байгаа энэ үед хил, гааль дээр хэчнээн зөрчил дутагдал гарч, тэдгээрийг нууж далдалж өнгөрүүлснийг мэдэхэд бэрх. Улсын амин чухал судсыг атгасан салбаруудын томилгоо хийх чадалтай ганц субъект нь өнөөдөр МАН байгаа билээ. Тиймээс эрх баригч нам нүүрсний хулгай, түүний эздийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа нь гарцаагүй.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь хожиж, хэдэн үеэрээ идээд ч үл барах хөрөнгө мөнгө хуримтлуулсан байхад эгэл жирийн иргэд алдаа гаргалаа гэхэд хамгийн хатуу ялд унаж, үйл тамаа цайдаг байдал хэзээ урвуугаар эргэх бол. Нэг нам эрх барьж буй үед энэ мэт өч төчнөөн булхай луйвар, зөрчил, дээрэм тонуул гардаг ч “мэдэн будилж” жүжиглээд, хэрэг замхардаг жишээ олон.
ИХ ХЭМЖЭЭНИЙ НҮҮРС “НУУЦ”-ААР ГАРЧ БАЙХАД ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ХААЧИВ?
Улс орныг хохироосон хэрэгт гааль, тагнуул болон холбогдох бусад албаныхан холбогдон шалгагдаж буй, хариуцлагаа ч хүлээх ёстой. Гурван сая гаруйхан хүнийг хангалттай амьдруулахад хүрэх хэмжээний нүүрс хулгайд алдагдсан хугацаанд хил, гааль, ялангуяа тагнуулын байгууллага юу хийж байв гэдэг асуудлыг хөндье. Тэд нүдээ боож, чихээ таглаагүй л байлтай.
Уг нь Монголын тагнуулын байгууллага ялангуяа сөрөх тагнуулынхны чадварыг гадна, дотнын экспертүүд өндрөөр үнэлдэг. Тагнуулын байгууллага хөгжлийн явцад, БНМАУ-ын үед дэлхийд шилдэгт орох тагнуулын байгууллагатай болж чадсан байдаг. Өөрөөр хэлбэл, хуучнаар ЗХУ-ын Аюулгүй байдлын улсын хороо (КГБ) дэлхийд номер нэг тагнуулын байгууллага байсан бол Монголын тагнуул түүний "багасгасан" хувилбар байсан гэдэг.
Хэрвээ тагнуулын байгууллага сайн ажиллаж байсан бол энэ их хэмжээний баялаг хил гаалиар чимээгүй гарч, хэн нэгний ашиг болохгүй байсан биз.
Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар, тагнуулын байгууллага "арчаагаа алдах" үе гэж байдаг бөгөөд энэ нь тухайн улсын төр засгийн удирдлага тагнуулын мэдээллийг хүлээн авч "ойлгох" чадваргүй, эсвэл уг мэдээлэлд үндэслэн шуурхай, зөв шийдвэр гаргаж чадахгүй, гаргахыг хүсэхгүй үед тохиодог аж.
Нийгмийг аюулаас хамгаалах яамыг "устгасан"-аас хойш тагнуулын үндсэн үүрэг "улс төрийн ажил" болсон гэдэг. Монголын улстөрчид ч сүүлийн хэдэн жилүүдэд өөрийн гэсэн тагнуул, цагдаатай болсон гэх мэдээлэл бий. Нүүрсний хулгайн хэрэг дээр тагнуул ямартаа ч муу дүн авлаа.
Зарим иргэд “нүүрсний мафи”-ийн хулгай дээрмийн хэргийн мэдээлэл улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хамгийн түрүүнд ирж байх учиртай тул тэд “жүжиг тоглож байна" гэж хардаж буйгаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо нь УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл. Тэд "нүүрсний мафи"-чидтай үгсэн хуйвалдсан юм биш биз!
Холбоотой мэдээ