Сөнөсөн пуужинг сэргээх даалгавар

Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

Сөнөсөн пуужинг сэргээх даалгавар

Сөнөсөн пуужинг сэргээх даалгавар

Хойд Солонгос арванхоёрдугаар сарын 2-нд Өмнөд рүү пуужин харваснаар хоёр улсын зөрчил хурцдаж, үүнээсээ хойш өдөр бүр шахам пуужин хөөргөж, байлдааны онгоц нисгэв. Энэ хугацаанд Хойд Солонгос пуужин хөөргөсөн гэж худал мэдээлсэн, Оросын Украинд ашигласантай адил пуужин хөөргөсөн гэх зэргээр олон янзын таамаг гарч ирлээ. Тодруулбал, Хойд Солонгосыг оны эхээр хөөргөсөн пуужингийнхаа зургийг ашиглаж, худал мэдээлэл цацсан гэж Өмнөдийн тал сэжиглэсэн. Олон сэжиг таамагийг эцэслэх  зорилгоор Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мөрдөн байцаалт явуулж байна.

Пёньян арваннэгдүгээр сарын 2-нд 23 пуужин харваснаас нэг нь Өмнөдийн эргээс 60 км зайд буюу хоёр Солонгосын тэнгисийн хилээс өмнө зүгт унасан. БНСУ сөнөсөн пуужинг сэргээснээр Пёньяны пуужингийн хөтөлбөрийн талаарх гол мэдээллийг олж авч чадна гэж үзжээ. Мөрдөн байцаалтын дүнд далайгаас пуужингийн үлдэгдлийг олж чадсан.

БНСУ-ын Тэнгисийн цэргийн хүчин пуужингийн эд ангиудыг гаргаж авахын тулд усан доорх мэдрэгч ашигласан. Тус улсад далайн ёроолоос объектуудыг гаргаж авах боломжтой хэд хэдэн хөлөг онгоц байдаг. Жишээлбэл, шумбагч онгоцонд дарагдсан далайчдыг аврах, усан доорх судалгаа, зураглал хийх, живсэн хөлгийг сэргээхэд зориулагдсан “ARS” хөлөг бий. 4300 тонн даацтай эл хөлөг онгоц нь 500 метр орчим гүнд хүрч ажиллах чадвартай. “ARS”-ийн илүү орчин үеийн хувилбар нь аравдугаар сард ашиглалтад орсон. Энэ нь цаг агаарын бүхий л нөхцөлд далайн гүн дэх шумбагч онгоцыг аврах чадвартай. Мөн пуужингийн эд ангиудыг сэргээх чадвартай, 3500 тонн жинтэй “Tongyeong” ангиллын хоёр аврах хөлөг байдаг.

Пуужинг сэргээсний үр дүнд Ким Жон Ун Өмнөд Солонгосын ойролцоох усан хил рүү зориудаар хуучирсан, үнэ цэн багатай пуужин харвасан байж болзошгүй байна. Сэргээсэн эд ангиуд нь Сөүл болон түүний холбоотнуудын урмыг хугалсан гэж “The diplomat” хуудас онцолжээ. Энэ нь “SA-5” систем буюу “S-200” гэж танигдсан ЗХУ-ын үеийн агаарын довтолгооноос хамгаалах систем байсан. Тус системийг ЗХУ-д зориулж АНУ загварчилж байв. Хойд Солонгосын пуужингийн үлдэгдлийг олоод авчихвал хатуу түлшээр ажилладаг, орчин үеийн хагас баллистик загваруудын аль нэгийнх нь талаар, эсвэл маневр хийх чадвартай Скад гаралтай пуужингийнх нь талаар тагнуулын мэдээлэл олж авна гэж Өмнөдийн тал найджээ.

Дээрх хоёр төрлийн пуужинг арваннэгдүгээр сарын 2-нд хөөргөсөн гэж Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нотолсон. Хэрвээ аль нэгийг нь олж авч чадсан бол их бие, хөдөлгүүрийн загвар, түлшинд ашигласан материалд дүн шинжилгээ хийж, бусад чухал мэдээллийг олж авах боломжтой байжээ. Мөн Хойд Солонгосын батлан хамгаалах салбарын өнөөгийн байдал, шинэ пуужингууд, Оросын армитай ижил төстэй пуужингууд нь юу байна гэх мэт мэдээлэл олж авах юм.

Харамсалтай нь “S-200” систем ямар ч үнэ цэнтэй тагнуулын мэдээлэл өгөхгүй аж. Алсын тусгалын агаарын довтолгооноос хамгаалах уг системийг барууны тагнуулын агентлагууд хэдийнэ нэвт шувт судалсан. Одоогоор НАТО-ийн гишүүн Польш, Болгарын арми тус системийг эзэмшдэг. Тус системд нэмж оруулсан хамгийн сүүлийн үеийн газар-агаар ангиллын пуужингууд нь даруй 40 жилийн өмнө ашиглалтад орсон.

Тэгвэл Хойд Солонгос арваннэгдүгээр сарын 2-нд Скадтай дүйцэхүйц том хэмжээтэй, 300 км радиуст тусах чадалтай нисэх онгоц сөнөөгч пуужинг “S-200” системээс баллистик байдлаар харвасан гэх таамаглал гарч ирж байна. Ингэснээр энэ нь баллистик пуужин мэт харагдаж, төөрөгдүүлсэн байж болох юм. Тэд орчин үеийн баллистик пуужингаа далайд хол харвачихаад, ЗХУ-аас нийлүүлсэн хуучин газар-агаар ангиллын пуужингаа дайснууддаа ямар ч мэдээлэл өгөхгүй байх зорилгоор Өмнөдийн ус руу харважээ. Энэ нь пуужингийн хөтөлбөрөө дайсандаа алдах эрсдэлээ бууруулахын сацуу Сөүл, Вашингтонд дохио илгээсэн үйл явдал болсон гэж “The diplomat” хуудас дүгнэв. Хойд Солонгост гадаадын улсаас нийлүүлсэн хамгийн хол тусгалтай, хамгийн тохиромжтой сонголт нь “S-200” систем байжээ.

Эндээс харвал Хойд Солонгосын батлан хамгаалахын салбар сүүлийн жилүүдэд Зөвлөлтийн техник хэрэгслийг ардаа хол хаяжээ. “S-200” системийг 1980-аад оны сүүлээр ЗХУ-аас Хойд Солонгост хязгаарлагдмал тоогоор нийлүүлж байв. Арваад жилийн өмнө “S-200VE” нь Хойд Солонгосын хамгийн хүчирхэг алсын тусгалын агаарын довтолгооноос хамгаалах систем байжээ. Орчин үеийн шинэ системүүдтэй нь харьцуулахад “S-200VE” хүртэл хуучиндаа тооцогдож байна.

Орчин үеийн системүүдийн эхнийх нь болох “Pyongae-5” 2017 онд ашиглалтад орсон. Технологийн хувьд хэдэн арван жилийн өмнөх Оросын “S-300PMU” цувралтай харьцуулах хүчин чадалтай гэхэд болно. Үүний дараа 2020 оны аравдугаар сард нэр нь үл мэдэгдэх өөр нэгэн системийг ашиглалтад оруулжээ. Тус системийг “Pyongae-6” гэж нэрлэдэг байж болзошгүй гэж үзэж байна. Энэ нь хос жолооны удирдлага, давхар импульсийн нислэгийн хөдөлгүүр бүхий газар-агаар ангиллын пуужин байсан. Эдгээр нь зөөврийн пуужин хөөргөх төхөөрөмжид холбоход ашигладаг.

“Pyongae-5” болон “Pyongae-6” системүүд нь “S-200VE”-ийн статусыг ихээхэн бууруулсан юм. “S-200VE” нь Хойд Солонгостоо “Pyongae-4”-т тооцогдоно.

Хойд Солонгос цөөн хэдэн “S-200” пуужин харвалаа гээд тус улсын агаарын довтолгооноос хамгаалах системийн ерөнхий хүчин чадал үл ялиг л ганхах аж. Өмнөд Солонгос болон АНУ-ыг өдөөн хатгахдаа “S-200”-г сонгосон нь Сөүлийн сэргээн босгох ажиллагааг мэдэж байсан гэдгийг харуулж байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT, THE DRIVE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж